Дэлхийн улс орнууд батлан хамгаалах салбартаа ихээхэн ач холбогдол өгч, төсөв их зарцуулдаг гэдэг утгаараа нууцлал нь өндөр түвшинд байдаг нь тодорхой.

Харин манай улсад бол өөр. Батлан хамгаалахын салбарт хэрэгжүүлж буй ажиллагаа, зэр зэвсэг, техникийн нөөц, зэвсэгт хүчнийхний бэлтгэл, хамтын ажиллагаа гээд бүх зүйл нь ил байдаг. Уг нь энэ салбарын мэдээлэл, үйл ажиллагаа, бодлого, цэрэг, зэр зэвсгийн нөөц гээд бүхий л зүйл нь өндөр зэрэглэлийн нууцлал, хамгаалалттай, дар­га, ажилтангүй нэр цэвэр, элдэв ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Хүн бүр иймэрхүү байдаг гэж төсөөлдөг, байх ч ёстой батлан хамгаалахын салбарын мэдээллийг хя­тадууд торох юмгүй хулгайлаад авсан талаар хэд хоногийн өмнө мэдээллээ. Энэ нь Гадаад хэргийн сайд Л.Болдын өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалахын салбарыг хариуцаж байсан тэр л үед болсон үйл явдал аж. Тухайн үед Хятадын Засгийн газар толгойных нь өвчин болсон Шинжаан-Уйгарын шашны болон хэт даврагчдын бослоготой холбоотой мэдээллийг тандах зорилгоор “NetTraveller” хэмээх хортой код бүтээсэн. “NetTraveller”-ынхаа тусламжтайгаар Шинжаан-Уйгараас гадна дэлхийн 40 орчим улсаас мэдээлэл хулгайлсан байдаг аж. Энэ вирусын хор хөнөөлийг хамгийн их амссан улс нь манай улс байсныг “Касперский Лаб” хэмээх компани мэдээлжээ. Тодруулбал, Батлан хамгаалах яам 2010 онд Хятадад мэдээллээ алдсан. Алдсан мэдээлэл нь Батлан хамгаалах яамны удирдлагуудын тухай мэдээлэл байсан гэж мэдээлсэн байна. Манай улс ийнхүү хятадуудад мэдээллээ алдсаны шалтгаан нь алдсан гэдгээсээ ч долоон дор шалтгаантай. Батлан хамгаалах яамныхан оффисын программуудаа интернетээс үнэгүй татаад суулгачихдаг байж л дээ. Энэ хэргийн талаар албан ёсны биш, лицензгүй хулгайн программ ашигласан нь гэмт хэргийн золиос болоход хүргэсэн гэсэн албаныхан дүгнэлт ч байдаг юм байна.

Нууцаа гадныханд зүгээр л “май” гээд л өгчихдөг, бусдаас өөр зарчмаар ажиллах ёстой батлан хамгаалахын салбарын сайд нь засаг солигдох бүрт л өөрчлөгддөг. Тэр нь хаана, ямар салбарыг хариуцаж, ямар зарчмаар ажиллах ёстой гэдгээ сайн ухаараагүй байдаг юм уу бүү мэд. Нуух ёстой зүйлийг олон хүн цугларсан газарт хээв нэг бурж орхино. Л.Болд батлан хамгаалахын салбарыг хариуцан ажиллаж байхдаа ийм алдаа гаргасан бол түүнээс ажлыг нь хүлээж авсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр амнаасаа болж алдаа гаргаж байсан удаатай. Тэрбээр Монголд Улс хэчнээн мэргэн бууч бэлтгэж байгаа, мэргэн буучдаа АНУ-ын мэргэжилтнүүдийн тус­ламж­тайгаар бэлтгэнэ, Улаан­баатар руу цэргийн анги албадыг ойртуулж бэлэн байдалд байлгана гээд угтаа бол нуух ёстой мэдээллийг ил болгож байсан. Түүнийг 2012 онд АТГ-аас энэ асуудлаар нь байцааж байсан юм. Үүнээсээ болж огцрохдоо тулсан ч би нууцын зэрэглэлд хамаарах зүйл яриагүй хэмээн удаа дараа өөрийгөө зөвтгөж байсан юм. Манай улс хаанаас, ямар зэвсэг авах гэж байгаа, тэдэн танк, онгоцтой, хуягт тээвэрлэгч, зэр цэвсэгтэй, зэвсэгт хүчин нь хэчнээн хүнтэй гээд холбоотой бүхий л мэдээллийг ч хялбархан олж унших боломжтой гээд бодвол салбарын сайдыг ингэж мэлзсэнд гайхаад байх зүйлгүй ч юм шиг санагддаг юм.

Батлан хамгаалах салбарын нууц алдагдсанаас гадна нь яамны газрын дарга, генералууд, албан хаагчидтай холбоотой албан тушаалаа урвуулан ашигласан тохиодол цөөнгүй бий.

Саяхан АТГ-тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохи­цуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан, сайдын зөв­лөх, “Монгол- 999″ нэгдлийн тэргүүн Л.Ариунболд, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Баттулга нарыг Л.Болдын Батлан хамгаалахын сайд байх үедээ бариулж эхэлсэн 300 албан хаагчийн орон сууцны барилгатай холбоотой асуудлаар саатуулан шалгасан юм. Барилга барих тендерийг тодорхой бус шалтгаанаар Б.Баттулга авсан. Ингээд барилга барих төсвөө бүрэн авсан ч 2012 онд ашиглалтад оруулна гэсэн хугацаандаа барьж дуусгаагүй аж. Харин яамны газрын дарга нарын тухайд Б.Баттулгатай гэрээ байгуулахдаа ноцтой алдаа гаргасан гээд энэ хэргийн талаар олон мэдээлэл гарсан байдаг. Түүнчлэн бригадын генерал Т.Дашдэлэг нарыг сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны их биеийг төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, моторыг БНАСУ-д худалдахыг завдсан хэрэгт яллагдагчаар татаж, хэд хэдэн шатны шүүх хурал болж, тэднийг буруутай гэж үзсэн асуудал одоо ч анхаарлын төвд байгаа.

Ерөнхийдөө батлан хамгаа­лахын салбарыг ямар ч нууцгүй, хариуцсан сайд нар нь балаг тариад буудаг, албан тушаалтнууд ашиг хардаг гэж дүгнэж болно. Цэргийн анги нь өвчний голомт болсон, завсэгт хүчний ангиас гранат алга болсон, цэргүүд бие биенээ буудсан гээд дурьдвал хэтэрхий олон тааруухан үйл явдал батлан хамгаалахын салбарт өрнөсөн байдаг. Угтаа бол Батлан хамгаалахын сайдаар салбараа мэддэг, нууцыг чандлан хадгалдаг хүнийг тавих ёстой ч албан тушаалд очих гэсэн хүсэл сонгуулийн дараа энэ салбарыг ч орхиж чаддаггүй юм. Засаг солигдох бүрт сайд нь солигдоод тэр хүн нь дөрвөн жилийн турш улсын нууц дунд ажиллачихаад дараа нь өөр салбар хариуцдаг, хувийн компаниа удирддаг олон жишээ бий. Ингээд тэд холбоотой мэдээллийг хэрэгтэй нэгэнд нь өгдөг, албан тушаалаа урвуулан ашигладаг гэсэн мэдээлэл ч бий. Угтаа бол Батлан хамгаалахын салбарт сайд, удирдах албан тушаал хашиж байсан, улсын нууц мэддэг хүн өөр албан тушаал хашиж болохгүй гэсэн хууль хүртэл баймаар санагдана. Улсын нууц ямар ч тохиолдолд нууц байх ёстой, батлан хамгаалахын салбараар ашиг олж болохгүй гэсэн хэн ч хялбар ойлгох жишээг бодоод үзсэн ч тэр шүү дээ.

Т.УРАНГЭРЭЛ