УИХ-ын намрын чуулганаар "Татварын багц хууль"-ийг шинэчлэх  хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Хоёр жил дамнан яригдаж буй энэ хууль ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр нээлтээ хийх чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа.

Энэхүү татварын багц хуулийг өөрчлөх болсон гол зорилго нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох,  хоёрдмол салаа утгагүй, даган мөрдөхөд энгийн, ойлгомжтой болгож байгаагаа  Татварын ерөнхий газрын удирдлагууд тайлбарлаж байсан удаатай.   Улсын төсөв нэг их наяд 500 тэрбумаар тасарч байгаа энэ үед Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах болсныг Засгийн газар татвар нэмэх замаар төсвийн цоорхойг цойлдох нь ээ хэмээн эдийн засгийн хүрээнийхэн хардаж байгаагаа ч дуулгаад авсан. Харин улсын төсвийн алдагдал  тагварын багц хуулийн өөрчлөлтөд ямар ч хамааралгүй гэдгийг албаны хүмүүс хариулт өгсөн юм.

Татварын багц хуулийн хүрээнд 17 хуулийг өөрчилж, шинэчлэх, шинээр боловсруулах ажил явагдаж байгаа юм. Өв залгамжлалын албан татвар, Хотын татвар,  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Эд мөнгөний хонжворт сугалааны хууль,  Онцгой албан татвар, Газрын хэвлийн төлбөр, Гаалийн тарифийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар,  Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэх тухай, Хөрөнгийн албан татварын хууль, Байгалийн бохирдлын төлбөр, Ашигт малтмалын болон газрын тосны төлбөр, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг Сангийн яамнаас боловсруулаад буй.

Тухайлбал, өв залгамжлагчдын татварын хувьд аль улс оронд байдаг татвар аж. Манайхан үүнийг сүртэй хүлээн авах хэрэггүй.  Монгол Улс одоогоор Люксенбург, Нидерланд, Зувейт, Эмираттай давхар татвараас чөлөөлөх гэрээ байгуулаад байгаа ажээ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулна. Энэ хуулиудад өөрчлөлт оруулснаар өндөр цалинтай хүмүүсээс өндөр татвар бага цалинтай хүмүүс бага татвар авах тогтолцоо бий болох аж. Түүнчлэн Нийслэл хот болон аймаг, улсын чанартай хотуудад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хотын татварыг авахаар тооцжээ. Энэ хүрээнд 0.1-0.3 хувийн татварын тогтолцоог бүрдүүлэх юм байна. Харин орон сууцнаас  татвар авахгүй. Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эхлэлтийг дэмжих үүднээс шинээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагааг дэмжих, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой  аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан олгох, татварын алдагдал тооцох хугацааг уртасгах өөрчлөлтүүд ч энэхүү багц хуулийн хүрээнд хийгдэнэ.

Улсын төсвийн орлогыг гуравны нэгийг бүрдүүлдэг нүүрсний салбарын орлого муудаж, хөрөнгө оруулалын үзүүлэлт тааруухан байгаа энэ үед Татварын багц хуулийг өөрчилснөөр эдийн засагт ямар ач холбогдолтой вэ гэсэн асуулт нэгдүгээрт тавигдах нь зүйн хэрэг. Учир нь Татварын багц хуулийг шинэчлэх замаар гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж санхүүгийн асуудалд орчихоод байгаа бизнесийнхэнд улам том дарамт учрах вий гэсэн болгоомжлол бий.

Харин зарим эдийн засагчдын зүгээс Татварын хоёр дахь шатны шинэчлэлтийг яаралтай эхлүүлэх, эхний ээлжинд НӨАТ-ын хуулийг шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байна.  Мөн Санхүүгийн өршөөлийн хуулийг баталснаар далд эдийн засагт байгаа асар их хөрөнгөөр эдийн засагт хөрөнгө оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа дуулгаад авсан.

НӨАТ-ыг өөрчлөх асуудлыг  хоёр жил дамжин ярьсан боловч эцсийн дүндээ нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байсаар л... Мөн НӨАТ-ыг гурав болгож бууруулъя гэсэн саналыг гаргаж буй УИХ-ын гишүүд ч бий.

С.Бямбацогт тэргүүтэй гишүүд, хэрэв уг хууль хэрэгжвэл жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн, тэдэнд ирээдүйд нь боломж олгож байгаа хэрэг хэмээн харж байгаа бол нөгөө хэсэг нь уг хуулийн төслийг таалахгүй байгаа.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг тухайн цаг үеийн эдийн засгийн цар хүрээ, татвар төлөгчдөд тусах эдийн засгийн нөлөөлөл, ачааллыг харгалзан жилд 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуй нэгж, иргэнд ногдуулж байхаар хуульчилсан байдаг.

Харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгосноор бага, дунд орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болж, ханшийн өөрчлөлт, инфляци зэргээс үүссэн ялгааг арилгаж, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээх олон давуу тал үүснэ гэдгийг төсөл санаачлагчид хэлж буй. 2012 оны эцсийн байдлаар Татварын ерөнхий газраас авсан мэдээгээр 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж 82,2 тэрбум төгрөг, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж 612,8 тэрбум төгрөг, 200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуй нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж. Дээрх тоо баримтаас харахад 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36,1 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч нийт борлуулалтын ердөө 2,4 хувийг бий болгодог байна.


Х.Даваа