УИХ-ын сонгуулийн чимээ хэдийнээ хаяанд ирчихсэн. Улс төрчид сонгууль болохын өмнөхөн өөрсддөө ашигтайгаар эл хуулиндаа өөрчлөлт оруулчихдаг сүйхээтэй улс. Харин энэ удаагийн өөрчлөлтөдөө судалгааны ажил хийх, сургалт зохион байгуулах зэрэг иргэдийн сонгуулийн болон улс төрийн боловсролд анхаарах боломжийг олгосонд судлаачид их олзуурхаж байна. Гэхдээ тэд хариуцлагаас бултах аргаа зогсоох талаар хэн ч хэзээ ч дуугардаггүй нь тун хачирхалтай. Тойргоо солиод бултчихдаг давуу талаа энэ удаад ч мөн зогсоохгүй нь ээ.

Парламентын сонгууль долоон удаа явагдахад долоон удаа Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ мажоритарын томсгосон, жижгэрүүлсэн хэлбэрийг зургаан удаа, холимог тогтолцоог нэг удаа ашигласан байдаг. Ганцхан энэ жишээнээс харахад л сонгогчдоо төлөвшүүлж, өөрсдийг нь хэрхэн ажилласан эсэхэд дүн шинжилгээ өгөхөд тун дулимаг байгаа юм. Учир нь тухайн тойрогтоо хөгжил, дэвшлийг авчирч чадсан эсэхийг дүгнэх гэхээр дараагийн удаа тойргоо солиод өөр тойрог руу явчихдаг нь хамгийн буруу тогтолцоо болж, хариуцлага хүлээхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагаас боловсоноор бултаж байгаа гэсэн үг.

Өнөө жилийн сонгууль томсгосон тойрог, олон мандат гэх хувилбараар явагдана. Тухайлбал, нэг тойрогт 2-5 мандат байгаа учраас хоорондоо өрсөлдөх. Нэг ёсондоо нэг намын хоёр гишүүн хүч үзэх юм. Намын тохиролцоо бүрэлдэхгүй тэгээд бие биенээ хар пиараар оноог нь баалах системээр ажиллах бололтой. Харин энэ жил тойргоосоо бултагчид хэн байх бол? Өнгөрсөн сонгуулиар тойрогтоо мөрийн хөтөлбөрийнхээ дагуу хийсэн ажлаа тайлагнасан гишүүд нүүр бардам тойрогтоо дахиж нэрээ дэвшүүлнэ. Хийсэн ажлаараа өөрийгөө таниулж чадаагүй нөхдүүдэд мөнгө амласан ч битгий саналаа өргөөрэй. Тэд уран цэцэн үгээрээ мунхруулж байгаад тойрогтоо хийх ажлын төсвийг өөрөө идчихээд бууриа сэлгэчихдэг гэдгийг ард түмэн онцолж байна.