Төрийн гурван өндөрлөг цаг хүнд энэ үед асуудалд санал нэгтэй байгаа аж. Улс орноо эдийн засгийн хямралаас сэргийлэх, ядуурлыг нэмэхгүй байхад тэд санал нэгдэж, төрийн бодлого, хөтөлбөрөө үүнд чиглүүлэхээр санаа сэтгэл шулуудацгаажээ.

Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдлээс тодорхой харагдаж байв. Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн санал нэгдэж, асуудлыг нэг цонхоор харж байгаа” хэмээгээд өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. Түүний өмнөх өдөр буюу пүрэв гаргийн орой Ерөнхийлөгч Х.Баттулга уриалга гаргахдаа “Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих хямралын эсрэг тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” тухай асуудлыг Засгийн газарт хаяглаж байв. Үүнийг ч гүйцэтгэх засаглал соргогоор мэдэрч, өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдсан.

Ингэхдээ ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ААН, компаниудын НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа. Мөн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар иргэдийн гар дээр очих бэлэн мөнгийг нэмэгдүүлэв.
Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бол орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.  Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сард   200 мянган төргөийн урамшуулал олгоно. Энэ шийдвэр гурван сарын хугацаанд хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, нурууг нь тэнийлгэсэн шийдвэр болж байна хэмээн олон нийтийн сүлжээнд өргөн дэлгэр яригдаж байна. Тэгвэл ҮАБЗ-ийн гурван гишүүн өнгөрсөн долоо хоногт зөвлөлдөж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа тэтгэх ямар бодлого, арга хэмжээ байх талаар зөвлөлдөж, Ерөнхийлөгч уриалга гаргаж, Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн нь энэ аж.  

ҮАБЗ-ийн гурван гишүүн ч санал нэгдэж, хоршиж байж хүндрэлийг хохирол багатай даван туулахаар байна.  

Түүнчлэн ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгохоор шийдэв. Зээлийн зөрүүг Засгийн газар дааж ажиллах юм. Малчид хавар, намарт хэдэн малынхаа шимийг хүртэж, бэлэн мөнгөтэй золгодог цаг. Энэ үед ноолуурын, махны үнэ унах тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл энэ хавар ноолуурын ханш унахгүй харин ч өсөж, малчдын гар дээр бэлэн мөнгө ахиу очих нь ээ. Ерөнхийлөгчийн бас нэг уриалсан зүйл нь хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах талаар байсан бол Засгийн газар гурван сарын турш 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 30 мянган төгрөг олгохоор боллоо. 

Эдгээр нь ҮАБЗ-ийн гурван гишүүн өнгөрсөн өдрүүдэд хуралдаж, зөвлөлдсөний бодит үр дүн байв. Үүнээс гадна ирэх сарын 15-наас шатахууны үнийг литр тутамд нь 300-400 төгрөгөөр буулгах арга хэмжээг авахаар холбогдох албаныхан ажиллахаар болсон юм.  Ерөнхий сайдын эдгээр мэдэгдэлд таван их наяд төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Эх үүсвэр хаанаас гарах нь одоогоор бүрхэг байгаа юм. Ямартай ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн гурван жилд бүрдсэн санхүүгийн нөөц бололцоогоо дайчилж, асуудлаа шийднэ. Валютын ханш савлахгүй” хэмээн бүдэг бадаг хариулт өгсөн. 

Таван их наяд гэдэг улсын төсвийн 40 орчим хувь. Энэ мөнгийг төсөв тодотгохгүйгээр гаргана гэдэг нэг талаараа өрөөсгөл ч валютын боломжийн хэмжээний нөөцтэй үед санхүүгийн зөв менежмент явуулбал болохгүй гэх газаргүй гэдгийг зарим судлаач хэлж байна. Угаас дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн тархалтаас олон улс орон эдийн засгийн хохирол амсахаар байгаа. Нефтийн болон дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдсэн эдийн засгийн хямрал нүүрлэхээр байгааг шинжээчид сануулж, анхааруулж буй. Ийм үед дэлхийн олон орны Засгийн газар ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэхгүй, ажлын байрыг тогтвортой хадгалах замаар хүндрэлийг даван туулах эдийн засгийн арга хэмжээ, бодлого явуулж эхэллээ. Манай Засгийн газар ч МҮХАҮТ болон аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, улсын төсвийн орлого бүрдүүлэлт зэрэг олон судалгаа харсны үндсэн дээр хямралыг зөөллөхөд бүхий л анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн нь энэ.  

Манай улс ирэх дөрвөн жилд 14.8 тэрбум ам.долларын өр төлнө. Энэ өрийг төлөхийн тулд бүсээ чангалахаас өөр аргагүй. Дээрээс нь дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байж, өрөө төлж чадна гэдгийг эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж буй. Тухайлбал, МУИС-ийн багш, доктор Б.Отгонтөгс ”2020 онд Хятадын своп хэлцэл, 2021 онд “Чингис” бондын үлдэгдэл төлбөр гэх мэтээр нийт 14.8 тэрбум ам.долларын өр биднийг хүлээж байгаа. ДНБ-ээс хэд дахин их мөнгө. Энэ өрүүдийг төлж чадахгүй. Тиймээс өрийг өрөөр дахин санхүүжүүлэх, хоёрдугаарт, олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж авах хувилбар байж болно. Гуравдугаарт, ДНБ-ий 67-68 хувийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, бүр болохгүй юм гэхэд дотоодын эдийн засгийг тодорхой хэмжээгээр хангадаг үйлдвэрлэл байх ёстой. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүйгээр өр төлбөр, хүндрэлээс гарахгүй” гэсэн юм. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих шийдвэр гаргаж, хүндрэлийг хамтдаа даван туулах менежмент хийсэн нь ирэх саруудад эдийн засаг одоогийнхоос бүр дордох нөхцөл байдлыг хаасан үйлдэл боллоо. Одоо төсвийн орлогын тасалдалтыг богино хугацаанд нөхөх, эрдэс, түүхий эдийн экспортыг хэвийн хэмжээнд хүргэх чухал ажил хүлээж байна. Ингэж бүх зүйл голдиролдоо орвол сонгуулийн дараа эдийн засаг хүндрэхгүй. Одоогоор төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 275 тэрбум төгрөгөөр тасраад байгаа. Үүнийг Сангийн яам энэ оны хоёрдугаар улиралд нөхнө хэмээн мэдэгдсэн. Эдийн засгийн хүндрэл, хямралд өртөхгүйн тулд үе шаттай арга хэмжээ авч, нарийвчилсан төлөвлөгөө гаргаад явбал дотоодын аж ахуйн нэгжүүд хаалгаа барихгүй учир эдийн засагт “амь тариа” нь болсоор байх болно. Нэг ёсондоо, хүнд цаг үед тохируулан эдийн засгаа зөв зохион байгуулж чадвал гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай манайд байгаа. Гагцхүү үүнд Засгийн газраас явуулах оновчтой бодлого чухал гэдгийг Ерөнхий сайдын мэдэгдлээс харж болохоор байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн ч санал нэгдэж, хоршиж байж хүндрэлийг хохирол багатай даван туулна гэдгийг дурдах нь илүүц биз ээ.  

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН