Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

"Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" гэсэн мэдээллийг өглөө.

- Эдгэрээд эмнэлгээс гарч байгаа иргэдэд дахин шинжилгээ хийх үү?

А.Амбасэлмаа: Эмнэлгээс гарсан хоёр өвчтөнд 7, 14, 21, 28 дахь хоногт үргэлжлүүлэн судалгаа хийнэ.

Нууц үеийн хугацаа нь судалгаагаар тогтоогдсон. Бусад орнуудад гарсан өвчлөлийн байдлаас судалгаа авахад сүүлийн 74 өвчтөн дээр хийсэн судалгаа, шинжилгээгээр вирус илрээгүй хэрнээ 16 хоногийн дараа вирус илэрсэн байна.Тиймээс бид тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон.

-Уушгины аппаратаар эмчилгээ хийж байгаа юу?

Д.Нямхүү: Өвчтөнүүдийн уушгийг компьютер томографаар хянаж байгаа. Энэ бол маш чухал зүйл юм. Учир нь үүгээр уушгинд гарч байгаа нэвчдэс өөрчлөлтүүд, хэрхэн сэргэж байгаа нь тодорхой харагддаг.

Мөн вирусийн шинжилгээ таван сорьцонд буюу хамар, залгиур, цэр, цус, өтгөн, шээсэнд үзэж байгаа. Вирус энэ таван шингэнд илрэхгүй байгаа тохиолдолд тэр хүний бие дэх вирус лаборатори талаасаа бүрэн арилсан гэж дүгнэнэ. Мөн эмчилгээтэй холбоотой шинж тэмдгүүд нь бүгд илааршиж эдгэсэн.

-Өвчтөнүүдэд уламжлалт эмчилгээний эм, тан хэрэглэсэн үү. Өвчтөний эдгэрэлтийн хугацаа хэдэн хоног байсан бол?

Я.Буянжаргал: COVID-19 халдварын эмчилгээний хугацаа хөнгөн өвчтөнд 14 хоног гэсэн дэлхий нийтийн жишиг бий. Харин хүнд өвчтөн бол 6-7 долоо хоног хүртэл үргэлжилж байгаа. Бид эмчилгээгээ маш тодорхой хэлж байгаа ДЭМБ-аас батлан гаргасан зааврын дагуу хийж байгаа. Яг энэ тохиолдолд уламжлалт эмчилгээний эмийг хэрэглээгүй бөгөөд вирус, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ болон амьсгал, дархлаа дэмжих эмчилгээ хийсэн.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна.

Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ.

АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна.

ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндсэн таван зөвлөмж өгч байгаа.

  1. Эрүүл зөв хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх
  2. Архи, чихэрлэг ундаанаас татгалзах
  3. Тамхинаас татгалзах
  4. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх /Том хүн багадаа 30 минут, хүүхэд багадаа 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх/
  5. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна" гэв.