Урин дулааны улиралд нийслэлийн иргэдийн хувьд тулгамддаг гол асуудлын нэг нь яах аргагүй хөрсний бохирдол юм. Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай, нойтон хог хаягдлаар бохирддог.

Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн болон үйлдвэрийн бохир ус бохирдуулагч эх үүсвэр болдог байна. 
Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс жил бүрийн 5, 10 дугаар саруудад дээж авч шинжлэн хөрсний бохирдлын түвшинг тогтоон хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм /MNS3297-91/-тай харьцуулан тогтоодог байна. Нийслэл хотын хувьд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүд хөрсний бохирдол хамгийн ихтэй газрууд юм.

Хүмүүс бохирдсон хөрсөнд шууд гар хүрсэнээр, түүнчлэн тухайн хөрснөөс ууршин гарах хорт бодисноос үүдэн амьсгалын замаар халдвар авна. Үүгээр зогсохгүй гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах,  бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдвар авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, зэргээс халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог.

Бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Бохирдсон хөрснөөс эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.

2018 онд гаргасан судалгаагаар Монгол Улс хөрсний бохирдлын зэргээрээ 4-р түвшин буюу онц аюултай зэрэгт хүрчээ. 

Нийслэлийн хэмжээнд хүн амын суурьшлын бүс нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж байгаа. Үүнтэй холбогдуулан байгаль орчны асуудал хөндөгдөнө. Органик болон органик бус гэсэн үндсэн хоёр хүчин зүйлээс хөрс бохирддог. Бүр тодотгоё. Органик бодис нь задардаг. Органик бус бохирдуулагч гэдэг нь задардаггүй хүнд металлыг хэлээд байгаа юм. Энэ нь хөрсөнд нэвчсэнээр удаан хугацаанд оршдог, устдаггүй. Үүнд хар тугалга, хром зэрэг элемент багтдаг.

Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, хөрс их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон тухай нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлсэн юм. 

Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй нь нүхэн жорлон болон хог хаягдлын асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлсэн юм. Нийслэлийн гэр хороололд 800,000 гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Одоогийн байдлаар хотод нийт 190,000 нүхэн жорлон байдаг аж. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо байгаа юм.

Түүнчлэн нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгаа нь нотлогдсон байна. Тодруулбал, гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд нян бага зэрэг илэрчээ. Түүнчлэн хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хөрс ихээр бохирдож буй юм. Тиймээс хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах, ангилах тогтолцоог нэвтрүүлэх, үүнд шат шатны хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна. 

Судалгаагаар хөрсний бохирдлоос шалтгаалан цусан суулга, халдварт шар зэрэг өвчин үүсэхэд нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн 1,300 гаруй хүний мэдээллийг хөрсний бохирдлын үзүүлэлттэй харьцуулж үзэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Мөн гэдэсний халдварт өвчлөл 0-4 насны хүүхдүүдэд их тохиолдож байгаа. Цаашид авах арга хэмжээний тухайд хөрсний бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах хэрэгтэй байгаагаас гадна бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Шинжилгээгээр Улаанбаатар хотын хөрсний 50 гаруй хувь нь их, дунд бохирдолтой байгаа болхөдөө аймгуудадад ч хөрсний 40 орчим хувь нь их, дунд бохирдолтой гэсэн ангилалд орж байна.

Төвийн дүүргүүд буюу Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд гэр хороолол их байгаагаас үүдэн хөрсний бохирдол бусад дүүргээс их байна. Энэ нь хатуу, шингэн хог хаягдлын менежмент, угаадасны нүх хангалтгүй байгаагаас үүдэлтэй гэж болно. Үүнээс гадна төвлөрсөн шугамд холбогдоогүй машин угаалгын газрууд ч хөрсийг бохирдуулж байна.

2018 ОНД НЯН СУДЛАЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР “ИХ БОХИРДОЛТОЙ” ҮНЭЛЭГДСЭН ЦЭГҮҮД

  • Баянгол дүүргийн IX хороо, гэр хороолол
  • Гэмтлийн эмнэлэг орчим
  • Сонсголон орчим
  • Нарантуул зах орчим
  • Амгалан
  • Хужирбулан
  • Шархадны эцэс
  • Дарь Эх
  • Офицеруудын ордны тойрог
  • 114-р сургуулийн орчим
  • Харгиа цэвэрлэх байгууламж
  • Толгойтын хуучин эцэс
  • Төв цэвэрлэх байгууламж
  • Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Бааст гол
  • Дэнжийн 1,000 зах орчим
  • Дамбадаржаа
  • 7 буудал үйлчилгээний төв
  • 32-н тойрог
  • Баянбүрдийн тойрог
  • Зурагт, гэр хороолол
  • Хүчит шонхор зах орчим
  • Бөмбөгөр худалдааны төв орчим

Энэ сарын 30-ны өдрөөс гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн модон жорлонг стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Модон жорлонг халдваргүйжүүлэх ажлыг тавдугаар сарын 01-нээс өмнө дуусгах бөгөөд нийт 220 мянган өрхийг хамруулна гэж тооцжээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байна.

Хотын Захирагч С.Амарсайхан “Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид жил бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ” гэлээ.

Ямартаа ч хөрсний бохирдолд авах арга хэмжээг авч байгаа ч жилээс жилд улам газар тэлж байгаа энэ асуудалд дорвитой анхаарал хандуулах хэрэгтэй байгааг нөхцөл байдал ч харуулж байна. Утааны асуудлаас гарах гэж буй нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлж буй дараагийн тэмцэл нь ундны усыг үгүй хийх зүйл бол хөрсний бохирдол гэдгийг иргэн бүр эртнээс ухамсарлах нь зүйн хэрэг болов уу. 

Хөрсний бохирдлоос ангижрахын тулд манай нөхцөлд тохирох технологийн судалгааг хийх шаардлагатай бөгөөд сайжруулсан жорлонг бий болгох аль эсвэл технологийн аргыг ашиглах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ундны усны эх үүсвэр орчмын нүхэн жорлонгууд бохирдол ихээр үүсгэж байгаа. Тиймээс Хамгийн зөв шийдэл нь иргэдээ орон сууцжуулах гэж харж байна.