Дэлхийн шилдэг 10 бөхийн тавд нь Монголын тамирчид багтлаа
2020/04/02
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. Тодруулбал, уг чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликоне, үүнээс сарын дараа тус хотод болсон ЕАШТ, хоёрдугаар сарын 4-9-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 6-9-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргажээ.
Чансааны “Топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван бөх багтсан. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10, 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа 23 оноогоор долоо, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор тав, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ.
Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан юм.
Үүнээс гадна манай улсын найман тамирчин шинэ чансаагаар эхний 20 байрт бичигдэж байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 79 кг-д Д.Гомбодорж 19, 92 кг-д М.Цогтгэрэл 18, 125 кг-д Д.Хүдэрбулга 12, 55 кг-д М.Дөлгөөн 11, 57 кг-д Э.Даваачимэг 14, 59 кг-д А.Батцэцэг 15, 65 кг-д З.Болортунгалаг 15, 72 кг-д Э.Цэвэгмид 20 дугаар байрт оржээ.