• ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд түүнийг тавьж явуулахад хэцүү, чөлөөлөхгүй гэхэд “ЖДҮ-д хариуцлага тооцоогүй” шалтгаанаар сонгуулиар иргэдийн нүүр харах эрхгүй болох ацан шалаанд ороод байна

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Тэрбээр өргөдөлдөө Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3 буюу гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргах гэснийг үндэслэл болгожээ. Түүнийг ЖДҮХС-гийн хэрэгт холбогдуулан 2018 оноос шалгаж эхэлсэн. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 6-нд ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон юм. Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. Түүний буруутгагдаж байгаа гэмт хэрэг нь улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бол 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хорих ял оноох заалттай. 2019 онд Ерөнхий прокурор Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж байсан ч хүлээж аваагүй. Тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Энх-Амгалан “Ер нь сайд байсан Б.Батзориг гэдэг хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд ЖДҮ-гийн гэх энэ мөрдөн байцаах ажиллагаанд саад учирсаар байх болно” ХОЖИМДСОН ГЭМШИЛ гэдгийг онцолж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх өргөдлийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхлэх нь.

Энэ парламент гэмт хэрэгт холбогдсон хоёр ч гишүүнээ өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн “туршлагатай”. Өмнөх хоёр нь хүчиндэх болон хүний амь нас хохирсон хэрэгтэй холбоотой асуудлаар буюу “ганцаарчилсан” нөхцөл байдалд танхимаа орхиж байв. Харин Б.Бат-зориг гишүүн араасаа олон “дагуул”-тай. ЖДҮХС-гаас зээл авсан ангийн олон нөхөд нь түүнийг тавьж явуулахад хэцүү, чөлөөлөхгүй гэхэд “ЖДҮ-д хариуцлага тооцоогүй” шалтгаанаар сонгуулиар иргэдийн нүүр харах эрхгүй болох ацан шалаанд ороод байна. Аль нь ч байсан ЖДҮХС-гаас зээл авагсад бус өгсөн нь л буруутаад өнгөрөх болоод байна. Өнгөрсөн сард Б.Батзориг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авалгүй ердийн журмаар шийдвэрлэхээр шийдсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэдэг нь яллагдагч гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн байх ёстой. Тэгвэл Б.Батзориг төрийн сангийн хөрөнгийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж үрэн таран хийснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэвч хохирлын хэмжээ болон хохирогч нь тодорхойгүй. Эдгээр асуудлыг гишүүний бүрэн эрхээ өгсний дараа нягт шалгах боломжтой болно. Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Батзориг сайд байхдаа төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь намын нөхдөдөө олгох шийдвэрт гарын үсэг зурсандаа хариуцлагаа хүлээж, хожимдсон ч гэсэн гэмшиж буйгаа энэ алхмаараа харууллаа. Харин Б.Батзоригоор “туг тахиад” танхимын буландаа шигдэн үлдэх ЖДҮ-чдэдээ хэзээ хариуцлага тооцох вэ. Уг нь Эрүүгийн хуульд 22.2 буюу “албаны нөлөөг урвуулан ашиглах” заалт байсныг 2017 онд хүчингүй болгосон. Уг заалтад “албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан” бол таван жил хүртэл хорих ял заасан байв. ЖДҮ-чин гишүүд өөрсдийгөө “дэгээдэх” энэ заалтыг хүчингүй болгоод, Б.Батзоригт хариуцлага тооцож хөөж явуулснаар ЖДҮ хэргийг хаасан болж “нүглийн нүдийг гурилаар хуурах” гэж байна.

эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН