• Тэр зарчмын дагуу явж байна гэдгийг нотлохын тулд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн нэрийг нууцаас гаргая
  • Зөвхөн утас болон цахимаар хийх уг бүртгэлд орох гэсэн иргэд төлөөлөгчийн газрын утас руу хэдэн зуун удаа залгаад ч утсаа огт аваагүй аж

Коронавирус дэлхийн бүх улсад тархаж, сая 350 мянган хүн халдвар авснаас 75 орчим мянган иргэн нас бараад байна. Хүн амаа урьдчилан сэргийлж, бэлтгэл, сахилга дэг журамтай байсан улс орнууд халдварын тархалтыг харьцангуй сайн хянаж, бэлтгэлгүй нь олон мянган иргэнийхээ амь насыг алдан, хүнд хатуу сорилттой тулгарч байна. Ийм үед тахлын голомт бүхий орноос олон мянган монгол хүн эх орондоо буцаж ирэх арга замыг хайсаар байна. Өнөөдөр Монголоос долоо дахь тусгай үүргийн онгоц БНСУ-ыг зорьж, дахин 250 гаруй иргэнийг авчирна. Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газар тус онгоцоор ирэх иргэдийг бүртгэсэн авч, энэ бүртгэл үнэн зөв хийгдэж байгаа эсэхэд Солонгос дахь монголчууд эргэлзэж байгаагаа илэрхийлж байна. Бүртгэлийг дөрөвдүгээр сарын 4-н буюу өнгөрсөн бямба гарагийн ажлын цагуудад хийх хуваарьтай байсан. Зөвхөн утас болон цахимаар хийх уг бүртгэлд орох гэсэн иргэд төлөөлөгчийн газрын утас руу хэдэн зуун удаа залгаад ч утсаа огт аваагүй аж. Аргаа барахдаа өөрсдийн биеэр очиход хаалга, үүд нь түгжээтэй, хаана хэн ажиллаж байгаа нь тодорхойгүй байсан гэх гомдол олон байна. Эндээс урьд өмнөх тусгай нислэгүүд яг зорилтот хүмүүсээ хамруулж чадсан уу гэсэн хар өөрийн эрхгүй төрүүлэв. Сураг сонсохнээ УИХ-ын зарим гишүүн, МАН, АН-ын нөлөө бүхий эрхмүүд, өмнөх Ерөнхийлөгчид, олны танил эрхмүүд, бөхчүүд, хотын даргын эхнэр хүүхэд, Шадар сайдын хүү гээд тусгай үүргийн онгоцоор ирсэн гэх хүмүүсийн нэр эхнээсээ дуулдаж л байна. Монгол хүн юм чинь эх орондоо ирэх нь мэдээж. Гэхдээ УОК-ын шийдвэрээр нисгэж буй чартер нислэгийн зорилго нь харийн нутагт хүнд байдалд орсон иргэдээ нэн түрүүнд авчрах байлтай. Чаддаг бол ирье гэсэн бүх монгол хүнийг авчрахсан. Гэвч тийм боломж, нөхцөл байхгүй үед хамгийн түрүүнд хэнийг авчрах вэ гэдэг нь тусдаа асуудал. Товчхондоо тэнхээтэйг нь биш тэвдэж явааг нь эхлээд авчрах зарчим яг энэ тохиолдолд үйлчлэх ёстой. Тэр зарчмын дагуу явж байна гэдгийг нотлохын тулд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн нэрийг нууцаас гаргая. Энэ хүнд цаг үед хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж зүдэрч яваа иргэдээ авчрах нь туйлын зөв. Энэ бол товчдоо хүний ёсонд нийцсэн зүйн хэрэг. Гэвч энэ үйлийг нөлөөтэй, эрх мэдэлтэй, танил талтай хүмүүс гэр бүл, үр хүүхэд, ах дүүгээ авчрах ажиллагаа болгож байгаа юм биш үү гэх дургүйцэл дагалдаж байна.

УОК-ын өмнөх хуралдаан дээр Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн даргын өгсөн мэдээллээр 45 оронд Монгол Улсын 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ Элчин сайдын яамдад ирүүлээд байгаа аж. Үүнээс бага насны хүүхэд 730, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, богино хугацааны визтэй, хугацаа нь дуусах эрсдэлтэй 135, байрны асуудалд орж байгаа 374, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орсноо мэдэгдсэн 54, бусад шалтгаантай 3904 хүн байгаа аж. Эдгээр улсад нөхцөл байдал хүндэрч байгаа учраас манай иргэдийн байдал маш хүнд болж байгаа. Ажилгүй, орлогогүй, амьдрах байргүй болсон байна.

Тэр ч байтугай ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага хүчтэй явагдаж байгаа энэ үед Азиас бусад тивийн орнуудад айдастай, амьдарч буй байрнаасаа гарч ч чадахгүй болсон монголчуудаа эхлээд авчиръя. Одоохондоо сайд дарга нарын хүүхдүүд улс төр, бизнесийн зүтгэлтнүүд гадаадын аль нэг оронд зардлыг нь даагаад амьдарчих боломж, санхүүгийн тэнхээтэй байх. Тэднийг түр хүлээлгээд наана нь ажилгүй болсон, амьдарч байсан байрнаасаа хөөгдсөн, хоол хүнсээ авч чадахгүй тэвдэж яваа иргэдээ эхлээд авчиръя. Дэлхийн олон оронд гэртээ харих хүсэлтэй монгол иргэд нутгийн зүгээс чимээ чагнан, нүдээ чилээж сууна.