Архидалтыг аргамжих уран аргаа уралдуулаач, дарга нар аа
2020/04/11
Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусээр Улаанбаатарын нийт иргэнтэй тэнцэх хэмжээний хүн халдварлаж, цаашдаа ч дэгдэлт нэмэгдсээр байх төлөвтэй. COVID-19-ийн тархалтыг намжаах гол оролдлого нь хөл хорио тогтоож, олон нийтийн үйлчилгээний газруудыг хаах явдал гэдэгтэй улс орнууд эвлэрээд байна.
Энэ нь вирусийн тархалтыг барьж болох ч ахуйн архидалт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагаврыг гааруулж, улсын хөгжил, соёл иргэншлийг үл хамааран эрс нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Германы хотуудын хогийн цэгээс их хэмжээний согтууруулах ундааны шил ачдаг болсон бол БНХАУ үнэмлэхүй өссөн архидалтыг хязгаарлах журам гаргахаар зэхэж байна. ОХУ-д хөл хорионоос хойш архины борлуулалт 148 хувиар өсөж, архи худалдаалах хугацаа болон байршилд хязгаарлалт тавиад байна. Тэр ч бүү хэл согтууруулах ундаа хориглодог лалын шашинт Иран улсад хүртэл коронавирусийн халдвараас сэргийлэх нэрийдлээр спиртийн төрлийн бодист 600 гаруй хүн хордож, амь насаа алдав. Азийн улсуудад хөл хорионд удсан хүмүүс гэр бүлээ цуцлуулах нь өмнөх жилүүдтэй харьцуулшгүй өсөж, Хятадын зарим мужид өдөрт 10 гэр бүл цуцлах хязгаар хүртэл тавьж үзэж байна. Францад гэр бүлийн хүчирхийлэл 39 хувиар нэмэгдсэн бол Монгол Улсад өнгөрсөн гуравдугаар сард энэ төрлийн зөрчлийн тоо 61.6 хувиар өслөө. Ажилгүйдэл, ядуурал ихсэхэд архины борлуулалт өсдөг нийгмийн гажуудал энэ удаад тойрсонгүй. Жижиг аж ахуйн нэгжүүд дунджаар ажилчдын 60 хувиа цомхтгож, ажилгүй болсон иргэд амьжиргаа залгуулах гэж зүдэрч байна. Бага, дунд орлоготой, эмзэг бүлгийн өрхүүдэд архидалт түгээмэл байдаг гэх ойлголт хальж, орон сууцны хорооллуудад амар тайван хонох нь бараг үгүй болов. Нэг айл гэртээ архидахад нийт байраараа цурам хийлгүй үүр цайлгах дүр зураг үргэлжилж, гэр хорооллын гудамжинд хөлчүү эрс маргалдан, эмэгтэйчүүд, хүүхдүүд уйлалдах чимээ тасрахаа болив. Ганцхан сард гэр бүлийн хүчирхийлэл 3000-ыг давлаа.
Зарим аймаг архи, согтууруулах ундаа худалдаалахыг тодорхой хугацаагаар хориглож, нийслэлд “найман нэрийн” дэлгүүрийг 22:00 цагт хаах шийдвэр гаргалаа. Гэсэн ч ахуйн архидалт багассангүй. Шөнийн цагаар “шаг”-ийн архи зардаг газрууд олширч, чанар муутай, хуурамч сархад “мэндэлсээр”, архины хордлогод орогсдын тоо өсөв. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс “Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ун даа худалдаалах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байна. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн” гэж мэдээлсэн. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц олохдоо хойрго эрх баригчдын хэрэгжүүлэх шийдвэрүүд байгаа онохгүй байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдана. “Олон нийт эсэргүүцэх тусам заавал барина” гэж ургаа мод тайрч, усан оргилуур барихаар шүд зуун зүтгэдэг шигээ “ахуйн архидалт, гэр бүлийн хүчирхийллийг заавал бууруулна” гэж зорих дарга хэрэгтэй байна. Мөн сонгуулиас өмнө амжиж төсвийн хөрөнгөөс завшихын тулд зургаан сарын дотор 300 өрхтэй суманд соёлын ордон барих, дүүргүүдэд тоглоомын талбай тохижуулах, орон сууцны хана зузаалах мэт ажлуудаа түргэн шуурхай, зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа шигээ архидалтыг бууруулж, иргэдээ амар тайван амьдрахад нөлөөлөхүйц уран арга олж болмоор санагдана. Хамаагүй, тэр дарга нарт согтууруулах ундаа борлуулах эрхийг нь өгчихвөл хорионы үед уян хатан зохицуулалт хийгээд байж чадах л уран ухаантай санагдана. 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдахыг хориглодог ч олны ярьдгаар цагдаагийн хурандаа нарын бизнес болж олон жилийн турш оршин тогтносоор ирсэн шөнийн дэлгүүрүүд, мөн “шаг”-ийн цэг ажилласаар, тэд гэмт хэрэг, зөрчлийг гааруулахгүй хяналтаа тогтоосоор ирсэн жишиг энд туршлага болж мэдэх юм.
Зуун жилийн тэртээ АНУ-д архийг бүрэн хориглож үзсэн. Үр дүнд нь согтууруулах ундааны борлуулалт нууц байдалд шилжиж, хуурамч архинд хордож нас барагсад олширч, архидалт хэд дахин өсөн, хяналтаас бүрэн алдагдсан. Хатуу аргаар тэмцэж болдоггүйг хөгжингүй орнуудын жишээ бэлхнээ харуулж байна. Манайд ч мөн “Азийн чоно” архины хордлогоор олон хүн амь насаа алдахад согтууруулах ундааны худалдааг бүр мөсөн хориглож, хорио тавигдсаны дараа архины борлуулалт хоёр дахин өсөж байв. Улсын онцгой комиссоос тавьсан хорио үргэлжлэх хугацаанд архи, согтууруулах ундаа зарахыг бүрэн хориглосон Өвөрхангай, Дархан Уул зэрэг аймагт хуурамч архины бизнес цэцэглэж эхэлсэн талаар иргэд нь ярьж байна. Мөн 18:00 цагаар хязгаар тавьсан Булган аймагт өдрийн цагаар согтуу хүмүүс үзэгдэх нь ихсэж, нөөцөлж авах болжээ. Зарим хөгжингүй оронд алкаголийн хэмжээ 12-оос доош буюу шар айраг, зарим жимсний дарсаас бусад “хатуу” архины худалдааг тодорхой өдрүүдэд хязгаарладаг. Согтууруулах ундаа огт зардаггүй өдөр гэж байхгүй тул хориулж цагдуулсан сэтгэлгээ үүсэхгүй, иргэд архи хэтрүүлэн хэрэглэх явдал гардаггүй аж. Мөн иргэдэд архины хор хөнөөл, хүчирхийлэл, гэмт хэргийн талаар ухуулга сурталчилгаа хийж, өртөх магадлалтай зорилтот бүлэгт хандсан ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн. Ингэснээр иргэдийн хэрэглээ ухаажиж, градус өндөртэй согтууруулах ундааны борлуулалт буурсан аж. Харин манайд архины борлуулалт дангаараа 800-аад тэрбум төгрөгт хүрч, арван жилийн өмнөхөөс тав дахин ихэссэн “сайн мэдээтэй”. Иймэрхүү уян хатан хориг тавьснаар үндэсний үйлдвэрлэгчдээ боомилсон хэрэг биш, согтууруулах ундааны соёлтой хэрэглээг нэвтрүүлэх боломж гэдгийг салбарынхан судалж хэрэгжүүлээсэй.
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН
bat · 2020/04/12
Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо
Зочин · 2020/04/12
Covid-19 geed baar, delguur ert haahaar gaduur shagiin arhi ikh zaragdaj bna. Hotiin zaluus bairnii gadaa, nuusthan bairlasan garaashnii hajuud arhiig sain gudarch, uusan arkhi, pivonii sav, hogoo mash ikh hayaj hogiin ovoolgo uusgeed bna. Bas sogtuugaa medekhgui er, emgui baas, sheesee gargana. Ene arai denduu yu! Ta buhnii bairnii , garajiin gadna arkhidaj baigaa humuusiig tsagdaa duudaj, irgenii uurgee bieluuleerei. Arkhidaltaas hamgiin zevuun busarmag, muukhai herguud gardag shuu dee...
Хэнчбиш · 2020/04/12
2016 оны УИХ -ын сонгуульд ИЗН гурван А (авилга аборт архидалт)-тэмцэхийг мөрийн хөтөлбөртөө тусгаад санал авч чадаагүй Энэ сонгуульд энэ асуудлыг хөндсөн нам эвсэл байгаа болов уу Уг нь даргэ нар бус та бид өөрсдөө тэмцэх ёстой бус уу?Бүхнийг удирдлагаас нэхдэгээ болимоор доо
Эрдэнэчимэг эгч · 2020/04/11
Архи, тамхи, секс гурав бол...
Битгий ш.. · 2020/04/11
Оросууд аридахгүй байна гэж юу байсан юм бэ. Танайхыг тойрсон, пирожки хийж байгаа айлууд нийлээд л орос улс болчихдог юм уу.
Зочин · 2020/04/11
Оросын холбооны улсаас бичиж байна. Орос орон архидалтанд автсан юм огт алга. Ард иргэд нь дуулгавартай гэртээ сууцгааж байна. Зуслантай айлууд зуслангийнхан газрыг янзалж цэцэг ногоо тарьсан, пирожки, пирог, талх юмаа хийсэн ажилсаг гэргийнууд. 4-р сарын 19-нд энд ханш нээгдэнэ манайхан улаан ундугны баяр гэж ярьдаг тэр баяртаа бэлдээд хашаа хороо, гэр орон, юм хумаа угааж зулгэсэн эр эмгуй ажилтай юм. Нэг юм хэлэхэд оросууд архи их уудаг гэж ярьдаг миний бодлоор худлаа юм шиг. Архи уудаг улс бий бидний хэлдгээр гаричингууд тэд нь тусдаа нэг их хот юмаараа яваад байдгуй, гуйлга гуйгаад зогсдоггуй. Мурууруу уугаад явдаг. Манайхан шиг орц юманд орж ирээр шээгээд шулсээ хаяаад байдаггуй. Бух орц цоожтой, айлууд нь кодоо хийгээд ордог. Орцныхон хаалгыг шидээд гардаггуй, хаагаад гардаг заншилтай. Жирийн иргэд уух цаг байдаггуй бугдээрээ таарсан тохрсон ажилтай учраас тэрийгээ хийдэг. Баяраар найз нартайгаа цуглардаг тэрийгээ хоол ундтай закуска юмтайгаа, гэр бул, ур хуухэдтэйгээ бугдээрээ цугларна. Тэр баярууд нь шинэ жил, улаан ундугны баяр, ялалтын баяр гэх мэт. Манайхан шиг баяр болго биш, турсун удур болгон биш. За тэгээд ажлын хамт олон гэвэл зувхун шинэ жилээр нилээн эрт 12-р сарын хорьдын уеээр цугларна. Явахгуй нэгнээ чи яв гэж шахгуй. Уухгуй нэгнээ чи уу гэхгуй. Сок, шампанск, вино гэх мэт юм амсаад би явлаа гээд эрт тэр цугларалтаас явахад яах ч угуй. За л гэнэ. Оюутнууд би энд сурлаа, одоо буцаад боловсролын байгууллагад багшилж байна. Яг оюутнуудтай тулж ажилладаг. Тэд манай оюутнуд шиг архидаад, хоорондоо зодолдоод байгаа юм одоо болтол хараагуй байна.
Зочин · 2020/04/11
Архидалт биеэ үнэлэлт хүний хоёрдох сүүдэр байх оо хүн байхгүй болсон хойно л энэ арилах байх хорьж цагдаад яллаад ямар ч үр дүнгүй байх оо хуучин соц үед ч байсан одоо ч байна бүр ихэссэн баярлаж гутарч уусаар байгаад түүнийхээ эрхшээлд гарч чадахгүй дуусдаг