Б.Нямхүү: Миний амьдралын хамгийн том ивээн тэтгэгч бол аав, ээж минь
2020/05/23
Сэтгүүлч Н.Уранхолбоо
-Манай улсад хошин урлаг олон чиглэлээр хөгжиж байна. Үүний нэг нь пароди буюу элэглэл. Үүнийг хийдэг цөөхөн жүжигчдийн нэг нь та. Сүүлийн жилүүдэд уран бүтээл нь нам гүмхэн байх шиг байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Миний хувьд өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сараас хамтлагаасаа чөлөө аваад хувийн бизнес эхлүүлэх гэж үзэж байна. Хувийн бизнес гэхээр айхтар том зүйл бол биш л дээ. Пи ар маркетингийн чиглэлийн ажлуудыг хийж үзэж байна. Миний өөрийн сонирхол бол видео клип, реклам, аудио шторк тал руугаа. Энэ чиглэлээрээ байгууллагуудын дүрст сурталчилгаа, радиогийн шторкуудыг хийж, хамтран ажилладаг сошиал маркетинг хийдэг байгууллагууддаа нийлүүлдэг. Өнгөрсөн хугацаанд олон зүйлийг сурч байна. Жүжигчин мэргэжилтэй хүн чинь өөр мэргэжлийн ажил хийхээр яалт ч үгүй мэдэхгүй, чадахгүй зүйлс их гарах юм. Дахиад л эхнээс нь бүгдийг сурах хэрэгтэй болсон доо.
-Уран бүтээлийн ажилдаа хэзээнээс буцаж орох бол гэсэн таны үзэгчдийн хүлээлт магадгүй их бий байх?
-Манай хамтлагийнхан тус тусынхаа элэглэлийг хийж л байгаа. Эднийгээ бүгдийг нь нийлүүлээд номер болгохоор ажиллаж байна. Яг ч нам зогссонгүй. Мөн цаг үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад үзэгчиддээ тайзны уран бүтээл хүргэх боломж хомс байна л даа.
-Таныг нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг элэглэснээр хүмүүс маш сайн мэддэг. Яагаад Бат-Үүл гэж?
-Э.Бат-Үүл даргыг элэглэхээс өмнө би Б.Жаргалсайхан ахыг элэглэж байлаа. Хүнийг элэглэнэ гэдэг тухайн хүнээ маш сайн судална гэсэн үг л дээ. Тухайн үед би Б.Жаргалсайхан ахын сонгуулийн ажилд хоёр сар хамт явж байсан. Тэр үедээ л маш сайн судалсан. Түүний санамсаргүй мөртлөө өөрөө мэдэхгүй гаргадаг үйл хөдлөлүүд, үг хэллэг, өмсдөг хувцасуудыг нь ч хүртэл анзаарч, сонин, сэтгүүл, сайтад өгсөн ярилцлагуудыг нь их уншсан. Тэгээд л сонгуулийн ажил дуусмагц элэглэлээ олон нийтэд үзүүлсэн юм. Тухайн үед маш их айж, сандарч, хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг бодол толгойноос салдаггүй байлаа. Үүний дараа Э.Бат-Үүл даргыг элэглэхээр шийдэв ээ. Учир нь би Э.Бат-Үүл даргыг маш их шохоорхож хардаг байлаа л даа. Их сонин ярьдаг, янзын донжтой, содон харагддаад хорхой хүргээд болдоггүй. Бараг 4-5 сар судалсан. Дуу хоолойгоо адилхан болгох, хөдөлгөөнийг хийж үзэх зэргээр бэлдэж байгаад л тайзан дээр үзүүлсэн хэрэг. Тэр бол үнэхээр мартагдахгүй мөч. Хүмүүс маш гайхалтай хүлээж авсан.
-Таныг өөрийг нь элэглэлээ гэж дургүйцэж байсан хүн бий юү?
-Дургүйцэж байсан хүн байгаагүй. Харин ч эсрэгээрээ их сайн байх шиг байдаг. Учир нь би тэр хүнийг доромжлоогүй шүү дээ. Энэ бол урлаг учраас тэднийг урлаг талаас нь хүлээж авдаг байх гэж боддог.
-Тэгвэл намайг элэглээд өгөөч ээ гэдэг хүн байдаг уу?
-Захиалгаар элэглүүлэх санал тавьж байсан хүмүүс бий. Элэглэлийг заавал олны танил хүмүүсийг дуурайх албагүй шүү дээ. Би Б.Жаргалсайхан ах, Э.Бат-Үүл дарга, ерөнхийлөгч гэх мэт хүмүүсээс гадна ажлынхныгаа, найзуудыгаа элэглэнэ. Энэ хошин урлагийн нэг төрөл мөн үү гэвэл мөн шүү дээ. Гэхдээ бид олон нийтэд зориулж уран бүтээл хийдэг учраас тэдний маш сайн таньдаг хүнийг элэглэж байж хүмүүст хүрнэ. Би ажлынхаа хэн нэгнийг тайзан дээр элэглэвэл түүнийг таних хүн ховор учраас олон нийт хүлээж авахгүй. Харин яг түүний хүрээлэлд буюу хамт олон, найз нөхдийн нь дунд элэглэвэл маш сайн хүрнэ. Тиймээс захиалгаар хүн элэглэж олон нийтэд хүргэнэ гэдэг хэцүү.
-Таны гэр бүл их нууцлаг байх шиг санагддаг. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гурван хүү, нэг охинтой. Эхнэртэйгээ оюутан ахуй цагтаа танилцаж, гэр бүл болж байлаа. Хоёр оюутан амьдрал зохионо гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс “Хүний амьдралын хамгийн том ерөнхий ивээн тэтгэгч бол аав, ээж байдаг юм байна” гэж одоо л бодогддог.
Сүүлийн үед уран бүтээлээсээ бага зэрэг хөндийрсөн шалтгааны маань нэг нь хоёр бага хүү төрсөнтэй ч холбоотой. Учир нь тэд маань жил дараалан төрчихсөн учраас яг ихэр хүүхдүүд шиг байдаг юм билээ. Тиймээс хүүхдүүдээ харж, эцэг хүний үүргээ гүйцэтгэх шаардлагатай болсон.
Би өөрөө Дорноговь аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрж, өссөн. Аав минь насаараа цэргийн байгууллагад ажилласан хүн. Харин ээж минь цэргийн ангид киномеханикч хийдэг байлаа. Үргэлж л тэнд оччихсон ойлгосон ойлгоогүй хамаагүй кино л үзэж байвал гоё санагддаг байсан. Энэ нь намайг урлаг руу хөтөлсөн ч байж мэднэ.
-Гэхдээ сурталчилгааны ажил, шторк гэхээр урлагаас бол нэг их хөндийрөөгүй бололтой гэж ойлголоо.
-Бас тэгж хэлж болно. Одоогийн байдлаар гэхэд л найзынхаа “Бубус тур" компанийн 10 жилийн ойн хүндэтгэлийн “Маскаа зүүцгээе, баярлалаа" тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Эднийх аяллын компани учраас 10 жилийнхээ ойгоор маш олон хүнийг азтнаар шалгаруулж, гадаадад аялах эрхээр шагнахаар аль таван жилийн өмнөөс төлөвлөж байсан юм билээ.
Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад төлөвлөгөө нь өөрчлөгдөж, онлайнаар хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар болсон. Гэхдээ азтан шалгаруулж, хүмүүсийг баярлуулах төлөвлөгөө хэвээрээ. Ингэхдээ заавал гадаад руу аялуулах бус нэг хүнд хоёр өрөө байр, хоёр хүнд приус 30 автомашин, зөөврийн компьютер, iPhone 10 маркийн гар утас зэрэг маш том хонжвортой 100 сугалаа сугалах юм. Мөн сугалааг уламжлалт аргаар буюу механик, өөрсдийн гараар сугалах аргаар азтнаа шалгаруулна.
-Энэ сугалаа нь зөвхөн тус компанийн үйлчлүүлэгчдэд хамаатай юу?
-Үгүй дээ ээ. Тус компанийн дансанд сайн сайхны тасалбар болох 20000 төгрөг хийж, гүйлгээний утга дээр нь утасныхаа дугаарыг үлдээсэн хүн бүр оролцох боломжтой. Дашрамд дурдахад, манай иргэд сүүлийн үед их сайхан болжээ. Өчигдөр сугалаанд оролцохоор мөнгөө тушаасан нэг хүн бидэнтэй холбогдож, маш сайхан буянтай ажил хийж байна хэмээн сэтгэлийн гайхалтай дэм өглөө.
Бид хариуд нь супер азтан болоорой гэж ерөөхөд “Үгүй дээ. Эгч нь насандаа сугалаанд хонжвор хожиж үзээгүй хүн. Гэхдээ нэг ч гэсэн гэр бүл хоёр өрөө байртай болох энэ сайхан буянтай ажилд бага ч гэсэн хувь нэмэр боож байна аа” гэсэн. Энэ бол бидэнд өгсөн маш том урам.
Нээрээ л тийм шүү дээ. Тэр байрны хонжвор таарсан хүн ямар их баярлах бол. Магадгүй машин авахаар мөнгө цуглуулж байгаа хэн нэгэн хоёр автомашины хонжворын нэг нь таарчих ч юм билүү. Тиймээс “Бубус тур" компанийн хамт олонд ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаад нь маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
Мөн энэ хэцүү цаг үед, олон аж ахуй нэгж хаалгаа барих дээрээ тулаад байхад ийм том ажлыг дэмжиж, ивээн тэтгэж байгаа “Монгол цавуу" компанидаа баярлаж баярлалаа. Бидний арын албаны бүх зардал, ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг шийдвэрлэж өгч байгаа. Түүнчлэн олон азтан шалгаруулахад өөрсдийнхөө гарыг бэлгийг өгч буй. Ёстой л алгаа ташиж баярлах ёстой гэж бодож байна.
-Тоглолт хийнэ гэлээ. Ямар байдлаар хийх вэ. Мөн тоглолтон дээрээ азтнаа шалгаруулах юм уу?
-Цаг үеийн нөхцөл байдал хэцүү байгаа учраас хүн бүрийг Маскаа зүүцгээе, гараа угаацгаая гэсэн уриалга дэвшүүлээд Улсын онцгой комиссын заавар, зөвшөөрлийн дагуу онлайн тоглолт хийхээр зэхэж байгаа. Тоглолт энэ сарын 26-нд ТВ-5 телевизээр шууд дамжуулан үзэгчдэд хүрэх юм. Тоглолтод хип хоп хамтлаг дуучид болон нийтийн дуучид ая дуугаа өргөнө барих болно. Үүний дараа зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдийг баярлуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Харин сугалааны тохирлыг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нд орон даяар шууд дамжуулан хүргэж, азтнуудаа зарлана.
Та бүхний ажил үйлс, уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.
Нийгэм бухимдалтай, өвчин тахлын улмаас сэтгэлзүйн түгшүүртэй мөн улс төрийн хэт идэвхижил эхэлсэн ийм үед олон нийтийн дархлааг дэмжих мөн бусдыг байртай, хоёрын хоёр автомашины эзэн болгож 100 супер азтныг тодруулах энэхүү тоглолтын талаар BUBUS TOUR компанийн хуудсанд зочилж мэдээлэл аваарай.