Шатахууны үнийг 100-200 төгрөгөөр дахин бууруулсан талаар АМГТГ өчигдөр мэдээлэл хийлээ. Ингэснээр А-80 1350, АИ-92 1360, АИ-95 1800, дизель түлшийг 1990 төгрөгөөр зах зээлд борлуулах юм.

Шатахуун түгээх станцууд даваа гарагаас эхлэн шатахууны үнээ ийнхүү буулгасан гэж албаны хүмүүс мэдээлэл хийсэн боловч бодит байдал дээр 40-50 төгрөгөөр л буусан байлаа.

Тухайлбал, АИ-92 литр тутамдаа 1440 төгрөг байсан бол 1400 төгрөг болов. Иргэдийн чихэн дээр цэцэг ургуулсан энэхүү мэдэгдлийг хүмүүс сонгуулийн өмнөх пиар хэмээн дүгнэж байна. ШӨХТГ болон АМХТГ-аас хамтран хийсэн сүржин мэдээллийнхээ үеэр сарын өмнө шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтаар А-80 бензинийг АИ-92 болгож зарсан гэх зөрчил илрээгүй гэв. Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “А-80 авто бензинийг АИ-92 болгон шахаж байна гэх хардлага зарим хүнд байна. Ийм байх боломжгүй. Учир нь Газрын тосны бүтээгдэхүүний хуульд үүнийг хориглож, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах заалт байдаг. А-80 төрлийн авто бензиний худалдан авалт жилээс жилд буурсаар байна. Улаанбаатар хотын хэмжээнд 250 гаруй шатахуун түгээх станц бий. Үүний 40 нь А-80 бензинийг худалдаанд нийлүүлж байгаа” гэв. Мөн тэрбээр шатахууны үнийг найман сарын хугацаанд ийнхүү тогтвортой барина гэдгийг тодотгон хэлсэн юм. Харин ШӨХТГ-аас шатахууны үнэ буурсан нөхцөлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нийтийн тээвэр, такси үйлчилгээний компаниуд үнээ буулгахыг уриаллаа. Тус газрын мэдээлснээр үнийн өсөлтөд хяналт тавьж ажилладаг ч аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ ухамсарлаж бараа бүтээгдэхүүний үнээ буулгах ёстой гэдгийг сануулав. 

Шатахууны үнийн өсөлтийг дагаж нийтийн тээвэр, хүнсний бараа, нийтийн хоолны салбар, такси үйлчилгээ, эм эмийн хэрэгсэл, боловсролын салбарт үнэ өсдөг ч буурдаггүй нь энгийн үзэгдэл болсон. Дэлхийн хэмжээнд тархаад буй COVID-19 цар тахлаас болж орлого нь багассан хүмүүсийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь хүнд тусаж байна. “Бид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөгүй” гэх худалдагчийн үгэнд итгээгүй хүмүүс ШӨХТГ болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт ханддаг аж. Иргэдийн санал, гомдолд үндэслэн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс судалгаа хийжээ. Тус судалгаагаар гаднаас бараа бүтээгдэхүүнээ оруулж ирсэн аж ахуйн нэгжүүд энэ сарын 23-ны өдөр хүртэл үнээ нэмээгүй болох нь тогтоогдсон байна. Бөөний төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох ургамлын тос, элсэн чихэр, цагаан будаа, гурил, талх зэргийн үнэ хэвэндээ байсан аж. Өдөр тутмын хэрэглээ болсон дээрх бүтээгдэхүүний үнэ зах болон худалдааны төвөөр дамжиж жижиглэнгээр худалдаалагдахдаа харилцан адилгүй нэмэгдэж байгаа нь ажиглагджээ. Тиймээс Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 30 хувиар буурсан ийм нөхцөлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ буулгахыг шаардав.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН