ОНЦЛОХ ХҮН: Жүжигчин Б.Амарсайхан
2020/08/01
Жүжигчин Балжиннямын Амарсайхан бол монголын шинэ цагийн кино урлагт кино жүжигчний хувиар дагнан замнаж амжилтад хүрсэн цөөн хүний нэг. Нетфликсийн “Марко Поло” цувралын 12 гол дүрд нийт 1500 гаруй жүжигчин өрсөлдсөн дүрийн сонгон шалгаруултанд хувиараа оролцон тэнцэж монгол жүжигчин Холливуд руу гарах анхны шанг татсан, “Азийн олон улсын кино наадам”-ын хүндэт таван гишүүний нэгээр сонгогдсон билээ.
-Таны дүрээ өөриймшүүлж ажиллах арга барил юу вэ?
-Миний багш надад “Амраа чи сайн жүжиглэе гэж битгий бодож байгаарай, үнэн жүжиглэе, үнэн амьдаръя л гэж зорьж байгаарай” гэдэг байсан. Миний хувьд дүр бүтээхдээ киноны өгөгдсөн нөхцөл дотор үнэн амьдрахыг л хичээдэг.
Тайзан дээр чухам яахаа мэдэхгүй юм. Харин кино жүжигчний хувиар бол өөрийгөө бэдэрч, суралцаж яваа хүн. Зарим жүжигчид уйлъя гэсэн цагтаа уйлдаг, инээе гэсэн цагтаа инээж чаддаг техниктэй болсон байдаг, ялангуяа драмын жүжигчид нэг жүжгийг сар тоглоход өдөр болгон үнэн уйлж өдөр болгон зүрхээ өвтгөж, өдөр болгон дүрдээ үнэн амьдарна гэдэг хэцүү, тэгэхээр дадал зуршил, техник эзэмшсэн байх нь чухал. Драмын жүжигт тод, хүчтэй будалт, хувцас хэрэглэл гээд нэмэлт элементүүдээр тухайн тайзан дээр зохиомлоор жүжигчнийг хувиргах боломжтой. Кинонд бол тэгж болдоггүй, жүжигчин кинон дотор бодитой, үнэн л байхгүй бол болдоггүй.
-Таны бүтээж байсан дүрүүдээс тантай хувь хүнтэй хамгийн төстэй болон төсгүй дүр юу вэ?
-Хүн өөрөөсөө өөр дүр бүтээнэ гэж бараг байдаггүй. Театрын тайзан дээр бол хүн өөрөөсөө өөр царайтай, бүр өөр дуу хоолойтой ч дүр бүтээж болдог. Ал Пачино бидэнтэй адил Станиславскийн арга барилаар ажилладаг жүжигчин болохоор би түүний тоглолтуудыг зориуд нарийн анзаарч үздэг юм. Кинонууд дээр Ал Пачино ер нь Ал Пачино хэвээрээ л байдаг, гагцхүү тухайн өгөгдсөн нөхцөлдөө амьдарч буй уран чадвар нь л өөр өөр байдаг. Тэгэхээр цаг хугацаа, орон зай, өгөгдсөн нөхцөл өөрчлөгдөж байж жүжигчин дагаж хувьсдаг. Жүжигчний хувьд энэ өгөгдсөн нөхцөлийг кино зохиол бий болгодог, тэгэхээр зохиолоос их зүйл хамаараад байгаа юм. Зохиол сайн байвал жүжигчний уран чадварыг шавхдаг, мөлжүүртэй байдаг. Өгөгдсөн нөхцөл сул, тодорхойгүй, дулихан зохиолд жүжигчин өөрөөрөө л тоглоно. Архичны дүрд гурав тоглолоо гэхэд хоёр өөр архичны дүр гаргана, гурав дахь дээр нь өөрөө яаж архи уудгаараа л тоглоно. Уухаараа нэг их дуулдаг хүн байдаг ч гэдэг юм уу дүрд чимэг болох ганц хоёр үйлдэл л нэмэгдэх байх. “Бодлын хулгайч”-аас хойш надад 12 киноны санал ирж байсан, кино зохиолыг ухаад юм гарч ирэхгүй, дүрийн хувьд ажиллах юмаар хомс болохоор тэр болгонд татгалзаж байсан.
-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Хамгийн хүнд буюу оновчтой шүүмжлэлийг танд хэн өгч байсан бэ?
-Хамгийн үнэн, ончтой шүүмжлэлийг манай эхнэр, гэр бүл, найз нөхөд өгдөг. Хөндлөнгийн хүмүүсийн шүүмжлэлийг магадгүй би хор шартай хүлээж авдаг, 70 хувьд нь биеэ өмөөрдөг ч юм уу, гэхдээ дараа нь заавал зөв, бурууг нь тунгааж үздэг. Шүүмжлэлийг тусгаж, хүлээж авахгүй бол би өөрөө хөгжихгүй. Өнгөрсөн 2014, 2015 он миний хувьд жүжигчний карьерарын хувьд өгөөжтэй, сайхан жилүүд байлаа, ихэнхдээ л магтал, урамшуулал дунд өнгөрлөө. Тэглээ гээд би сагаж хөөрсөн юм алга байна, илүү сайн дүр бүтээх юм сан, илүү холыг харах юм сан гэж бодож байна. Суралцсан жилүүдээ нийлүүлж бодвол кино урлагт 20 орчим жил болсон байна. Тэгэхээр мэргэжлийнхээ хувьд үлдэж буй цаг хугацаагаа үр ашигтай өнгөрөөж, миний дараах кино уран бүтээлчдэд илүү ээлтэй, дэвшилттэй байлгах тал дээр ажилламаар байна.
-Бид өөрсдөө амьдралаа бүтээж, амьдралаас хүссэнээ авах гэж тэмүүлдэг юм шиг мөртлөө амьдрал бидэнд санаандгүй байхад эргээд гайхалтай бэлэг барьдаг юм шиг санагддаг. Таны амьдралд тохиосон хамгийн гайхалтай учрал юу вэ?
-Хүний анхдагч зорилго сайхан амьдрах байдаг байх. Хүн хүний сайхан амьдрал өөр. Миний хувьд сэтгэл амар тайван, тайван, өрнүүн бүтээмжтэй амьдрал сайхан. Хүн өөрийгөө таньж мэдээд нийгмийн эргэлтэд орж амьдралаа авч явахын тулгуур нь мэргэжил болж таардаг. Хүний сэтгэлийг хамгийн амар тайван, тав тухтай байлгадаг зүйл нь бол гэр бүл, хүний хань. Би ажилдаа дуртай, кино хийх мөнгө олдохгүй өнөөхөө цуцалтгүй хайж явахдаа ч жаргалтай байдаг, тэрийг гэр бүл маань ойлгодог, хүүхдүүдээ хараад тайвширдаг, тэднийхээ төлөө амьдралаа зориулж, зүтгэж байгаа нь л миний сайхан амьдрал, би энэнээс илүүг хүсдэггүй.
Өнөөдөр бид хүн амынхаа тоотой харьцуулахад олон их сургуультай байна. Хүсэл мөрөөдлөө дагаж мэргэжилээ сонгохоос илүүтэй их сургуульд орох л хэрэгтэй гэсэн хандлага нийгэмд түгээмэл байна. Залуу хүн нийгмийн захиалга болж биш өөрөө өөрийнхөө захиалгаар амьдрах учиртай. Ингээд бодохоор азаар би сайхан гэр бүлд төрж, зүрх сэтгэлээ зориулах дуртай мэргэжлээ олж, хайртай хүнтэйгээ ханилаад сайхан гэр бүлтэй болсон нь л амьдралд маань тохиосон гайхамшиг юм даа.
-Таны хувьд цаг хугацааны хүнд өгдөг олз юу вэ? Танд цаг хугацаа юу өгсөн бэ?
-Цаг хугацааны надад өгсөн хамгийн том олз юу вэ гэж үү? Сайхан асуулт байна. Өөрөө өөрийгөө илүү таньж мэдэж байгаа нь хамгийн том олз юм даа. Хүн өөрийгөө танихгүйгээр бусдыг таньдаггүй, хүн өөрийнхөө мөн чанарыг ойлгохгүйгээр бусдыг ойлгодоггүй. Юмны мөн чанарыг таних, мэдрэх гэж том ухагдахуун байна. Кино урлагийн мөн чанар, хөгжлийн утга учир, амьдралын утга учир, гэр бүл, үр хүүхэд, ирээдүйд хийх ёстой зүйлсийг маань цаг хугацаа л хэлж өгч байна. Дандаа хасах руугаа явж байдаг нь цаг хугацааны нэг том өгөгдсөн нөхцөл....Шидтэн надаас “Буцаад хэдэн насан дээрээ очих вэ?” гэж асуувал би 35 наснаас доош хэлэхгүй. 18, 20 гээд цэл залуу нас сайхан ч өнөөдөр тэр үеэ бодохоор юу ч ойлгоогүй ямар балчир хүүхэд байснаа мэдэрдэг. Одоо л бие хаа, боловсрол, уран бүтээлд хандах хандлага, ухамсар, нийгэмд эзлэх байр суурь, гэр бүл, өөрийгөө таньсан таниа гээд бүгд энэ үед жигдэрч, тэгширч байгаа болохоор насны маань хамгийн сайхан үе гэж хэлж байгаа юм. Ингэхээр хүний мөн чанар, юмсын мөн чанарт цаг хугацаа л биднийг хамгийн их ойртуулдаг, тэр л цаг хугацааны өгдөг хамгийн том олз юм даа.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН