Барууныхан А.Лукашенког түлхэн унагахыг хүсэхгүй байгаагийн учир
2020/08/19
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авахаар тохиролцлоо.
Уг хориг нь зөвхөн хувь хүмүүсийн эсрэг чиглэсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл, Беларусийн зарим албан тушаалтнуудын хар жагсаалтыг дахин гаргана гэсэн үг. Энэ талаар Польшийн Гадаад хэргийн сайд Яцек Чапутович-ийн хэлснээр “хоригийг жирийн ард иргэдийн амьдралд цохилт болгож хувиргахгүйн” үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Оросын улс төр судлаач, нийтлэлч Ирина Алкснис-ийн бичсэн нийтлэлийг толилуулъя.
Европын эрх баригчдын хүнлэг энэрэнгүй сэтгэлийг ойлгон хүлээж авъя, гэхдээ үйл явдлын эргэн тойронд хачирхалтай зүйлүүд өрнөж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй.
Хоригийн мөн чанар нь өөрөө хоёрдмол шинжтэй. Зөвхөн өндөр албан тушаалтнуудын эсрэг чиглэсэн хориг нь үр дүн муутай. Ийм хориг үйлчилж буй үед олон нийтийн зүгээс улс орны удирдлагыг дэмжих дэмжлэг буурдаггүй, харин ч эсрэгээр эрх баригчдад ашигтай тусдаг. Хэрвээ эсрэг талдаа бодит хохирол учруулж, түүнийг барьц алдуулах гэж байгаа бол өргөн олон нийтэд хүндээр тусахаар, ингэснээр тэднийг удирдагчдаасаа нүүр буруулахад хүргэхээр тийм эдийн засгийн хориг арга хэмжээ авмаарсан. Гэхдээ өнгөрсөн үйл явдлуудыг харвал, “жирийн хүмүүс”-т учрах хүндрэл нь барууныхны санааг хэзээ ч тэгтлээ зовоож байсангүй. Үүнийг Оросын иргэд 2014-2015 онд бие дээрээ мэдэрсэн бөгөөд тус улсын эсрэг авсан хориг нь эдийн засаг ба ард иргэдийн дийлэнхийнх нь хувьд эмзэг туссан билээ.
Энэ удаад “Европын сүүлчийн дарангуйлагч”-ийг түлхэн унагахад таатай боломж гарч ирлээ шүү дээ. Гэтэл барууныхан хэлбэр төдий үйл хөдлөл хийснээр хязгаарлаж байна. Польшууд Балтийнхтай нийлээд “дайтахаар улайрч” байгаа нь үнэн л дээ, гэхдээ барууны хамгийн нөлөө бүхий орнууд тэвчээр зааж байгаа нь гайхшрал төрүүлж байна.
Мэдээж хэрэг, зэмлэн буруушаасан мэдэгдлүүдийг хийж байгаа л даа. ЕХ-ны элчин сайдууд бэлгэ тэмдгийн чанартай үйлдэл хийж, Минскт эсэргүүцлийн ажиллагаанд оролцогч иргэн амиа алдсан газарт очиж, цэцэг өргөлөө. Ингээд л болоо. Евромайданы үйл явдалтай харьцуулахад, барууныхан хамгийн өндөр дээд түвшинд төрийн эргэлтийн гол хөдөлгөгч хүч болж байсантай харьцуулахад, Беларусьт болж буй үйл явдалд үзүүлэх европынхон ба америкчуудын хариу үйлдлийн хүч тун сул байна. Нэн даруй огцрохыг Барууны удирдагчдаас хэн нь ч Лукашенкогоос шаардсангүй. Тэр ч байтугай, өрнөж буй үйл явдлын талаар Меркель, Макрон, Жонсон нарын хэн нь ч өөрсдийн байр суурийг илэрхийлсэнгүй. Жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг Канцлер буруушаасныг Германы засгийн газрын төлөөлөгчөөс сонсож мэдлээ. В.Путинтэй утсаар ярьснаар Францын Ерөнхийлөгчийн идэвх санаачилга хязгаарлагдаж байна. АНУ-ын хувьд, Төрийн нарийн бичгийн даргаа урдаа барьж байгаа боловч тэрбээр шийдвэртэй алхам хийх тухайд амлалт өгөхөөс зайлсхийсээр.
Учир юунд вэ?
Хэдийгээр сүүлийн жилүүдэд А.Лукашенкод хандах хандлага зөөлөрч байгаа боловч тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн турш барууныхны хувьд “хоолойд нь тээглэсэн яс” байсаар ирлээ.
Хүчин чармайлтаа нэгтгэж, ерөнхийлөгчийн суудалд удаан шигдсэн дарангуйлагчид эцсийн шийдвэртэй цохилтыг хамтын хүчээр өгч, Беларусийг өөрийн нөлөөний хүрээнд татан оруулах аятай цаг мөч яг одоо ирлээ гэж бодогдмоор. Гэтэл яагаад ийм явдал болохгүй байна вэ гэдгийн гол шалтгаан нь “хүчин чармайлтаа нэгтгэх” гэсэн үгэнд оршиж байгаа юм.
Зарчмын хувьд энэ нь боломжгүй зүйл, яагаад гэвэл, хамтач нийтэч Барууны ертөнц гэж байхаа болиод удаж байна. Дашрамд дурдахад, хамтач байдлыг нураан унагаж, дэлхийн улс төрийн тогтолцоог “дахин форматлах” эхлэлийг тавьсан шалтгаан бол 2010-аад оны дунд үед Украинд болсон үйл явдал юм.
Нэгдмэл Барууны ертөнцийн оронд хоорондынх нь харилцаа ээдрээтэй болоод буй нөлөө бүхий гүрнүүд гарч ирлээ. “Буруу зүйл хийдэг” аль улсын эсрэг нэгдсэн фронт байгуулах тухай ярих үед бүх зүйл нарийн түвэгтэй болж ирдэг. Яг одоо гэвэл, Хятадад хамтын хүчээр шахалт үзүүлэхэд Европыг албадан оролцуулахын тулд АНУ маш их хүчин чармайлт гаргаж байна. Гэвч төдийлөн бүтэлтэй биш байна. Хоёрхон жилийн өмнө америкчууд Ираныг онилж байсан боловч бас л амжилтанд хүрээгүй.
Хамгийн сүүлд барууны ертөнц үтэр түргэн ялалтандаа хэт эрдэн, зарим улсын үндэсний эрх ашгийг ч тооцож үзэлгүйгээр нэгдсэн хүчээр Орос улсад дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Тэгээд юу болсон нь тодорхой: манай улс их гүрнийхээ статусаа эргүүлэн авч чадсан төдийгүй барууны улсуудтай хамтын ажиллагаагаа сэргээсэн нь тэдний хооронд хэрүүл дэгдэх шалтгаан болжээ.
Тэгэхээр АНУ ба Европ, эх газрын Европ ба Их Британийн хооронд болон Европ, АНУ-ын дотоодод геополитикийн, стратегийн шинжтэй асуудлаар зөвшилцөхөд гүнзгий зөрчил үүсээд байгаа энэ үед Беларусь улс барууныхны хувьд ач холбогдол дэндүү багатай хэдий ч нэлээд аюултай сэдэв болж байна.
Беларусийн нийгэм бол Украиныхтай адилгүй ээ. Европын талыг баримтлагчид Беларусьт тийм ч олон биш бөгөөд иргэдийн дунд хатуу ширүүн зөрчил сөргөлдөөн үгүй. Харин Беларусийн нийгэм-эдийн засгийн тогтолцоо нь олон талаар Зөвлөлтийн үеийн хэв загвартай хэвээр байгаа бөгөөд одоо маш хурц хямралд орсон нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Уг тогтолцоо нь өнгөрсөн бүх хугацаанд Оросын дэмжлэгээр л тэсэн тогтож байсан юм. Одоо хөрөнгө хувьчлах, эдийн засгийг үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн хамгааллын зардлыг танах гэх мэт капиталын анхдагч хуримтлалын эрин үеийн “ид шидтэй сайхан зүйлүүд” өмнө хүлээж байна.
Беларусийн нийгмийн хувьд гэвэл, 1990-ээд онд ЗХУ задарсны дараа туулаад өнгөрүүлсэн шокийг анх удаагаа амсах магадлал өндөр. Ийм шокийг тус улс чухамдаа А.Лукашенкогийн ачаар л тойроод гарсан билээ. Энэ бол эрх баригчдын нэр хүндийг маш богино хугацаанд унагадаг эмзэг хүнд үйл явц юм. Хэрвээ Барууны талыг баримтлагч хүн уг үйл явцтай холбогдох аваас Беларусь улсад Орос руу хэлбийх санаа бодол эрс идэвхжиж, улмаар улс төрийн тодорхой өөрчлөлтүүд гарах болно.
Тэгээд ч барууныхны хувьд, Оросын нөлөө хүчин зүйлийг тооцохгүй байх аргагүй. Тэр тусмаа Евромайданаас ялгаатай нь, энэ удаад Москва амарлингуй тайван, хайхрамжгүй хөндий хандлагатай хэвээр байна. Кремлийн ийм хандлага нь хатуу ширүүн мэдэгдэл, эрс шийдвэртэй ажиллагаанд бэлэн байгаагаа илэрхийлснээс илүүтэйгээр айдас төрүүлж байгаа юм.
Ийм учраас зөрчилд идэгдэж, дэлхийн улс төрийн чухал асуудлаараа хоорондоо хэл амаа арай чүү ололцож буй барууны улс орнууд Беларусийн үйл явдалд идэвхийлэн оролцохыг төдийлөн хүсэхгүй байна. Учир нь, ялах магадлал тодорхойгүй, ашиг хонжоо олох эсэх нь эргэлзээтэй байгаагийн зэрэгцээ үйл явдал яаж ч төгссөн гэлээ үүсэх асуудал, зардал чирэгдэл нь маш ноцтой байх болно.
Б.Адъяахүү
Эх сурвалж: http:// https://ria.ru/20200817/1575864118.html