Н.Алтанхуяг алга болж гэнэ. Өчигдрийн гол дуулиан энэ байлаа. Ерөнхийлөгч эрж хайх ажлыг гардан зохион байгуулж, хүн бүрийг боломж бололцоогоороо эрэн сурвалжлахыг үүрэгдэв.

Онцгой байдлынхан онц байдал зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих нь тэр. Түүнээс дутахгүй АН-ын гишүүд утсан холбоогоор шуурхай хуралдаж, дор бүрнээ эрэлд мордов. Юун даваа гаригийн бүлгийн хуралдаан. Намын дарга нь алга болж, сураг алдраад байхад ямар юмны төрийн ажил энэ тэр. Онгоцтой нь онгоцоороо, жийптэй нь жийпээрээ Бурханхалдун уулын зүг зорьжээ. Төрийн ордны сэтгүүлчид ч зүгээр суусангүй. Шаргал ордны булан тохойг нэгжиж гарлаа. Ах намынханд дээрэлхүүлээд айж сандрахдаа нуугдсан байж юу магад гэж. Нөгөөтэйгүүр, боломж бололцоогоороо эрж хайхыг үүрэгдсэн Төрийн тэргүүний үгийг тэрүүхэндээ ажил хэрэг болгох санаатай.

Аз болж хацар ам нь хайрагдсан хачин юм олдсон тухай шуугиж эхэллээ. Гэхдээ Ерөнхий сайд харьцангуй гайгүй. Харин хамт явсан нөхөд нь даанч нэг хэцүүджээ. Тэрбээр хүүгийнхээ хамт мөн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нарын 70  хүний бүрэлдэхүүнтэй “аялалд” гарсан байж. Гэтэл хамт явсан 20 гаруй хүн нь Багануурын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Түүнчлэн Ч.Сайханбилэг сайдын хацар, хуруу нь хөлдсөн тул II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Ерөнхийдөө  Н.Алтанхуягийг дагалдан явсан хүмүүсээс 30 орчим хүн хөлдөлтийн эхний шат буюу хайрагдалттай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ.

Ерөнхий сайд хүүгийнхээ хамт II эмнэлэгт үзүүлчихээд гэртээ харьсан байна. Уг нь хэвтэн эмчлүүлэхийг зөвлөсөн ч мань хүн татгалзсан аж. Хиймороо сэргээх биш бүр “хийсгэчихээд” ирсэн Ерөнхий сайдыг өрөвдөх нэгэн байхад үзэн ядах хүмүүс ч  байлаа. Олныг хөлдөө чирж, осгоох шахлаа хэмээх эсэргүүцлийн үг цахим хуудсаар хөврөв. Мөн хаврын тэнгэр хадам ээжтэй адил араншинтай байдгийг сануулсан зөвлөгөө зөвлөмжүүд ч Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаяглагдав. Монголчууд тэнгэрийн хаяаг хараад цаг агаарыг мэдчихдэг ард түмэн. Үгүй дээ л Ус цаг уурын хүрээлэнгээс цаг агаарын мэдээг ташаа мэдээлэхээ больсон тул бусдад итгэж сурахыг Н.Алтанхуяг л зориулж байлаа, жиргээчид.

Гэхдээ хавсарга ихтэй хаварын цагт яах гэж Бурхан халдун уулыг зорив гэх асуулт хөвөрлөө. Нэг хэсэг нь хиймороо сэргээж сэтгэлийн тайтгарал эдэлж суухад нь Эбэ худлаа шоудсан ч гэх хариулт өгсөн бол Н.Алтанхуяг өөрийг нь хэн эрж хайх нь уу гэж намынхаа нөхдийг танадсан тухай ч зарим нэг нь жиргэх аж. Сүүлийн үед МАН-ынхан мангас шиг төрх гаргачихаад Н.Алтанхуяг руу довтлох болсон тул хиймороо сэргээх гэсэн чинь тэнгэр хилэгнүүлсэн ч гэх шиг. Юутай ч АН-ын дарга Н.Алтанхуяг олдлоо, хөөрхий. Салхинд гарч хиймороо ч сэргээчихлээ. Тэр муу ганц өдрийн төрийн ажил ч яамай.

Л.НИНЖ