Гудамжны үзүүрээс дуу аялан алхаж явсан охин нэг зүйлийг онилж хараад цүнхний мөрөвчөө чангалан татаад яаран гүйлээ. Хар хурдаараа гүйсээр хашаа налан унахаа шахсан нэг эрийг тулан, гулдачсаар цааш эргэв.

Нөгөө эр бие засах гэсэн бололтой охиноос, бүр эргэн тойрны хэнээс ч санаа зовохгүй эрээ цээргүй аяглан хашаа руу эргэмэр болоод өмдний бүсээ мулталлаа. Гуйвж, дайваад гудамжны нохойноос ч дор үйлдэл үзүүлэх тэр эрийг буруу харангаа түшин зогсоо хүн нь түүний ууган охин...

Гэр хорооллын гудамж, эсвэл хуучны орон сууцны эргэн тойрноос түгээмэл харж болох нэгэн зураглалыг танд сануулахыг хичээлээ. Айл болгонд нэг архичин, нэг сүлжээний наймаачин, нэг бөө байдаг гэсэн яриаг амны зугаа болгон үл тоох хэмжээнд архидалт гэдэг гамшиг бидэнтэй айлсчээ. Тэр айлын ууган охин удтал ужгирсан архидалтын сүүдрийг биеэрээ мэдэрч, сэтгэлээрээ эмтэрч, архи дагаж гэрт нь ирсэн харчуулын шалиг харцанд сийчүүлж өсөж байгаа болохоор хүндлэл гэхээс илүү амьдрахын тулд өөрт нь зайлшгүй нүүрлээд буй үнэнийг аавдаа шулуухан хэлсэн. Энэ бол “Уухаа боль эсвэл үх”. Арга нь барагдаад, та амьдралд хайргүй ч би амьдрахыг хүсэж байна, та үр хүүхдүүдээ хайхардаггүй ч би дүү нараа ийм орчинд байлгамааргүй байна гэсэн эцсийн үг. Ийм үг сонсчихоод ухаардаггүй аавыг яалтай ч билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас жилд гурван сая буюу минут тутамд зургаан хүн нас бардаг гэнэ. Тэдний 75 хувь нь эрчүүд. Мөн 15-аас дээш насны хүнд жилд 6.4 литр согтууруулах ундаа ногдож байна гэсэн мэдээлэл ч бий. Дэлхийн статистикийг давна уу гэхээс биш хоцорч үзээгүй Монголд энэ байдал ямар байгаа бол. Бичихээс ч зүрхшээм.

Архины үйлдвэрлэл, борлуулалт сүүлийн 10 жилийн дотор тав дахин нэмэгдэж, энэ улс тэр чигтээ архиндаа живжээ. Үндэсний статистикийн хорооны танилцуулсан мэдээлэлд Монголын Улсын 15-54 насны эрчүүдийн хоёрны нэг, эмэгтэйчүүдийн гуравны нэг нь сард нэг удаа согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ. Бүр тодруулбал, 2018 оны судалгаагаар насанд хүрсэн хүн бүр жилд 52.5 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн тооцоо гарч. Үүнд спиртийг оруулаагүй аж. Арван жилийн өмнөх үеэс даруй хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт.

Сар бүрийн 1-ний өдөр архи зардаггүй хуваарьтай ч Монголд архи олох шиг амархан зүйл байхгүй. Захын дэлгүүрт л төрөл төрлөөрөө зарагдаж байгаа сонголтоос халаасныхаа хэмжээгээр сонгож болно. Магадгүй үр хүүхэд, гэр бүл, хань ижил, амьдрал ахуй тань чухал биш бол бүгдийг нь сэгсэрсэн ч хамаагүй. Ингэлээ гээд уух мөнгөө олж байгаа бол дураараа дургих эрхтэй гэсэн үг биш шүү. Маш гүн донтолтод орж, тархиа хатангиршуулж, төрөл бүрийн өвчин эмгэгийн үүр, уурхай болохын зэрэгцээ хамт амьдардаг хүмүүсээ бие сэтгэлийн дарамтад байлгадаг араатнууд бол архичид. Архинд донтох эмгэгийг өвчин хэмээн үзэж, эмчилдэг ч анхны сонголтыг та өөрөө хийсэн болохоор архичдыг би араатан гэж байгаа юм. Өнөөдөр бидний шархиран уншиж байгаа мэдээлэл ч бас үүнтэй холбоотой. Араатны авираараа бяцхан зүрхийг сийчин, урж тасдан үгүй хийсэн яргачин согтуу байсан.

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний долоон сарын байдлаар 22 хувиар өссөн гэжээ. Бүр тодруулбал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг энэ оны эхний долоон сард 2551 удаа гарч. 2500 эхнэр, ээж, хүүхдүүд уйлж, шаналж, бүр тэвчихээ байгаад цагдаа дуудсан байх. Саяхан хамт архи ууж байсан хоёр нөхөр нэгнийхээ амийг хороож гэнэ. Шүүхийн өмнө тэд очоод юу гэдэг гээч “Архинаас л боллоо. Намайг өршөө”. Ингэж хэлэх эрх тэдэнд бий юү?Архичинтай айлын амьдрал тайван байдаггүй. Яавал түүнийг архинаас холдуулж, ажил төрөлтэй байлгах вэ гэж байдгаа бардаг. Лам, бөө, үзмэрч, удган бүгдийг нь дуусгаад албадан эмчилгээ, архины спираль, ховс эмчилгээг хүртэл туршдаг. Энэ бүхний цаана өрхийн төсөв хүндрүүлсэн мөнгө бас л урссаар байгаа. Жаргаж нэг ууна, зовж нэг ууна, золгож нэг ууна, шартаж нэг ууна, саваагүйтэж нэг ууна. Өөрийгөө уусаар тэд зогсохгүй, өрөөлийг ч мэрж, өнгөтэй өөдтэй залуу нас, өөрийг нь гэсэн халуун хайрыг ч хамтад нь ёроолгүй мэт ууна.

АРХИЧИНТАЙ ХАМТ АМЬДРАЛАА ҮРЭХ ҮҮ

Улсын хэмжээнд таван гэр бүл тутмын нэг, Улаанбаатар хотын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь салж байна. Шүүхээр гэр бүлээ цуцлуулж байгаа иргэдийн тоо 4000-д хүрлээ. Үүний цаана ямар шалтгаан байгааг тодруулахад, нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл, хоёрдугаарт, архидалт, гуравдугаарт, үл ойлголцол бичигджээ. Нягтлан үзвэл гэр бүлийн хүчирхийлэл гарахад нөлөөлдөг хамгийн гол зүйл нь мөн л архи байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнгээр бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс хүчирхийллийн шалтгааныг нь асуухад, 62.2 хувь нь нөхөр болон хамтрагч нь архи ууж, согтуу байсан нь нөлөөлсөн гэж хариулжээ. Архи, гэмт хэрэг хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй. Дотоодын зах зээл дэх архины нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо зэрэгцэн өсдөг жамтай. Архичинтай амьдралаа үрэх үү, аль эсвэл ирээдүйгээ бодох уу гэдэг сонголтоос бүсгүйчүүд нэгийг нь сугалдаг. Салсан нь замаа хөөх ч өрх толгойлсон ээж болж ачааны хүндийг үүрнэ. Үр хүүхэд нь ч гэсэн элэг бүтэн амьдрах эрхээ хасуулах нь гачлантай. Архичин ч байсан амьдралын минь хань гэж хажуудахаа өмөөрч насаараа амьдрах нэг нь ч бий. Гэхдээ л архины хэрүүл, санхүүгийн дарамт ийм айлаас салдаггүй болохоор аз жаргалын хонх жингэнэх нь үгүй.

БОЛОВСОН АРХИЧИД Ч АЮУЛТАЙ

Архи ууж албадан эрүүлжүүлэгдсэн иргэдийн 76.1 хувь нь бүрэн дунд боловсролтой, 4.5 хувь нь дээд, 12.9 нь бүрэн бус дунд боловсролтой байсан гэсэн судалгаа байна. 2018 оны мэдээлэлд үндэслэн хийсэн энэ судалгаанд албадан эрүүлжүүлэгдсэн 10 хүн тутмын ес нь агсам согтуу тавьж, бусдын аюулгүй байдлыг алдагдуулснаас тэнд очсоныг дурджээ. Тогтмол орлоготой, байнгын ажилтай ч архинд толгойгоо мэдүүлж, найр цэнгэлийг согтолгүй өнгөрүүлдэггүй болсон хүн ч бишгүй. Тэдний тухай судалгааг нарийн хийх боломжгүй ч хамт амьдардаг хүмүүстээ тээртэй ийм итгээдүүдийг бид “боловсон архичид” хэмээн нэрлэх болжээ. Эрүүл үедээ хэвийн ажил амьдралтай ч архиа ууж эхлэхээрээ жолоо цулбуураа алдаж довтолгодог ийм хүний ар гэрийн амьдрал нууцлаг. Нийгэмд эзлэх байр суурь, ажил амьдралыг нь бодоод тэднийг цагдаа дуудаж эрүүлжүүлэхээс илүү гэрт нь нам дарахыг эхнэрүүд чухалчилдаг болов уу. Хаалттай хаалганы цаадах хүчирхийлэл энд л өрнөнө. Нууцын нууц, чандын чанд өрнөдөг гэмт хэрэг ч тэнд бий.

АРХИНЫ ЕРӨНДӨГИЙГ АРХИ ШИГ НЬ ЭЛБЭГ ЗАРЪЯ

Эм эмнэлгийн хэрэгслийн тоонд багтаж, хуулийн дагуу худалдах ёстой зүйл гэдгийг нь хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ манайх шиг архинд живж, архичдадаа дарлуулсан оронд аль болох олон эмнэлэгт архинаас гарах эмчилгээ хийж ерөндөг тавьдаг бол сайн сан. Энд тэнд архинаас гаргадаг гэсэн хүний сураг сонсвол ам дамжин ярьж, хол ч байсан давхиад хүрдэг зовлон архичинтай айлд бий. Хууль бусаар ерөндөг оруулж ирээд борлуулж байгаа хүнийг ч гэсэн хайгаад олдог зориг ийм зовлонтой айлд мөн бий.

Сэм сэмхэн нэгэндээ мэдээлэл дамжуулж, сэтгэл гарган тусална гээч. Яг үнэндээ архийг ууж болох ч 100 граммаас хэтрүүлж байгаа бол та улаан гэрлээр гарчихлаа гэсэн үг. Бүр цаашлаад давтамж нь ойртож, хэмжээ нь ихсээд байгаа бол өөртөө нэг анхаарахад гэмгүй. Бусдад түвэг удаж, ажлаа алдаж, эрүүл мэнддээ нөлөөлөхүйц хэмжээнд ууж байгаа бол эртхэн эмнэлэг бараадаарай. Энийгээ ч тоох сөхөөгүй олдсон архи болгоноо балгаж, салганан салганан шараа тайлж байгаа бол албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй. Өөрөөр нь ажил, хөдөлмөр хийлгүүлж, төлбөрийг нь төлүүлсэн ч яадаг юм. Архидалттай тэмцэхгүйгээр, хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулах тухай бодох ч хэрэггүй. Хоосон тоо, хий ажил болох биз. Ухаанаа алдсан араатнуудыг уургалах аргаа олоогүй байхад эргэн тойрныхныг нь сэнхрүүлээд их амжилтад хүрэхгүй. Архичдад хомооголон ерөндөг тавиад “Уухаа боль эсвэл үх” гэсэн сонголтыг л өмнө нь өрж, өөрийнх нь хүчийг соривол ямар вэ. Шинжлэх ухааны хөгжил, эм бэлдмэлийн чанар сайжирч, төрөл нэмэгдсэн өнөө цагт хэдхэн төрлийн ерөндөг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн жагсаалтаа ч эргэн харах хэрэгтэй.

Аль болох сайн, стандартад нийцсэн, шинэлэг ямар эм, бэлдмэл, харшлуулагч тариа, ерөндөг байна түүнийг оруулж ирж, архинд живсэн иргэдээ аваръя. Энэ мэтээр нээлттэй нийлүүлэлт байхгүй хэвээр байвал ам, гар дамжсан нууц худалдаа цэцэглэж, яг одоогийн байдлаар архины спиралийн үнэ 600 мянгад хүрээд байгааг ч дуулгая. Баттай архинаас гаргаж байна гээд бие биедээ утсыг нь дамжуулж, зовсон олон зовлонгоор зоог баригчдыг ч дэмжиж байгаа. Нууц байх тусмаа л аюултай энэ мэт ужгийг эмчилье гэвэл нээлттэйгээр довтолгож, архи сурталчилдаг шигээ архины ерөндөгийг таниулъя. Өөрөө тэмцээд дийлэхгүй байгаа бол өрөөл бусдыг зовоохгүйн тулд албадан эмчилгээнд орохыг архичид ч бас зөвшөөрөх биз. Архинд донтсон хүний тархины 40 хувь нь хатангиршдаг юм гэнэ лээ. Эрүүл үлдсэн эд эсээрээ тунгааж үзээд, ийм шийдвэр өмнө чинь тулвал хэрхэхээ энэ нийтлэлийг уншиж байгаа архичин биш архичид ч тунгаана биз ээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН