“COVID-19”-ийн вакциныг худалдан авах хоёр талын гэрээг улс орнууд, компаниуд хоорондоо байгуулж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” санаачилгын үүрэг амлалтыг эрсдэлд оруулж байгааг тус байгууллага мягмар гарагт анхааруулжээ.

“Одоогийн байдлаар вакцины хоёр талын 56 гэрээг байгуулаад байгаа нь улс орнуудыг өрсөлдөхөд хүргэж, вакцинуудын үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэн байна.

“Вакцины асуудлаар үндсэрхэг үзэл гаргах нь үр дүнгүй бөгөөд дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг хүмүүсийг эрсдэлд оруулж байна. Мөн илүү хурдан халдварладаг шинэ хувилбарууд тархаж байгаа нь вакциныг яаралтай, тэгш хуваарилах хэрэгтэйг харуулж байна” гэдгийг тэрбээр анхааруулжээ.

Т.Гебрейесусийн мэдээлснээр, “COVID-19”-ийн вакцинжуулалтыг 50 гаруй оронд эхлүүлээд байгаагийн дийлэнх нь чинээлэг орнууд байгаагийн зэрэгцээ вакцины тунгуудын 75 хувь нь аравхан улсад хуваарилагдаад байгаа ажээ.  

“Засгийн газрууд эн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинжуулах хүсэлтэй байгаа нь тодорхой байна. Гэвч чинээлэг орны залуу, эрүүл насанд хүрэгчдийг ядуу буурай орны эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаас өмнө вакцинжуулах нь зүй ёсонд нийцэхгүй” гэж тэрбээр хэлжээ.

“Мөн вакцин үйлдвэрлэгч ихэнх компани ДЭМБ-д бичиг баримтаа бүрэн бүрдүүлэн ирүүлэхийн оронд ашиг өндөр байх чинээлэг орнуудын эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрлийг авахыг эрмэлзэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Үнэнийг хэлэхэд, олон орон хэрэгцээгээ давсан вакциныг худалдан аваад байна” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.

Иймээс Т.Гебрейесус вакцинаа ДЭМБ-ын онцгой байдлын үед хэрэглэх эм бэлдмэлийн жагсаалтад бүртгүүлэхийг эн тэргүүнд тавихыг аюулгүй байдал, үр дүн, чанарын олон улсын стандартад нийцсэн бүх вакцин үйлдвэрлэгчид уриалжээ. Түүнчлэн “COVAX”-т вакцины нэмэлт тунгууд олон сарын дараа бус ойрын хугацаанд шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.  

"2021 он дэлхий дахин цар тахлын хүнд үе шатыг даван туулж чадна гэсэн шинэ итгэл найдвар бүхий жил байж болох юм. Гэвч улс орнууд үндэсний эрх ашгаа эн тэргүүнд тавьсан хэвээр байвал энэ үр дүнд хүрч чадахгүй. Дэлхий нийтийн эв нэгдэл бол цорын ганц гарц юм” гэж ДЭМБ-ын тэргүүн нэмж хэлсэн байна. 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг