Залуу зохион бүтээгч-2013 Үзэсгэлэн нээлтээ хийлээ
2013/04/10
МҮОНТВ-ээр гардаг "Залуу зохион бүтээгч-2013" нэвтрүүлгийг олон хүн мэдэх байх. Хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тус тэмцээн Ерөнхий сайдын ивээл дор болж байгаа билээ.
Тэгвэл тус тэмцээний сүүлийн шатанд шалгарсан 36 шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 10-12-ны хооронд Монголын Залуучуудын Холбооны Залуучууд танхимд нээлтээ хийжээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус үзэсгэлэнг сонирхон залуу зохион бүтээгчдийн шинэлэг бүтээлүүдтэй танилцжээ.
Гурав дахь удаагаа зохион байгуулж буй "Залуу зохион бүтээгч 2013" уралдаанд ӨМӨЗО, ОХУ-ын Буриадаас зохион бүтээгчид оролцож буйгаараа онцлог. Мөн 12-28 хүртэлх насныхан оролцдог болохоор насны онцлогоос үл хамааран өрсөлдөх боломж олгодог давуу талтай юм. Үзэсгэлэнд нарийн ногоо үрслүүлэгч, автомат гутал арчигч, хаягдал тосоор ажилладаг зуух, хатаагч төхөөрөмж, нарны энергиэр ажилладаг камер зэрэг амьдрал хэрэгтэй сонирхолтой бүтээлүүдийг дэлгэжээ.
Ингээд тус үзэсгэлэнгийн фото сурвалжлагыг хүргэж байна.