Т.АМАРАА

УИХ-аас Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан гэвч энэ оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулиудын зарим зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг УИХ-ын олонх дэмжээгүй.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн Цэцэд хандах асуудлаар санал асуулга эхлүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх Үндсэн хуулийн суурь зарчмыг бүрэн алдагдуулсан, шүүх эрх мэдлийг УИХ-аар дамжуулан улс төрийн нам, улстөрчдийн эрхшээл, нөлөөлөлд оруулах бодит эрсдэл дагуулсан гэж үзэж байгаа. Харин Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Авлигатай тэмцэх газар хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдэх боломжгүй боллоо гэж үзэж буй юм. Дээрх хуулиудад орсон өөрчлөлт болоод Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд хандах асуудал нь зөв эсэх талаар хуульчдын байр суурийг сонслоо.

 

Р.БУЛГАМАА: УЛСТӨРЧИД ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН

/Хуульч/

Хуулийн шинэчлэлийг хийхдээ төрийн эрх мэдлийн онолын зарчмаар, хүний эрхийн байдлыг дордуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой. Гэтэл МАН олонхоороо түрүү барьж, Ерөнхийлөгчийн хоригуудыг унагаж байгаа нь хууль зүйн салбар болон нийгмийн харилцаанд тодорхой үр дүн авчрах хуулийн зохицуулалтуудыг үгүйсгэж байгаа хандлага болж байна. Ерөнхийлөгчийн тавьж буй хоригуудад авах, гээхийн ухаанаар хандах боломж, эрх мэдэл УИХ-д байгаа. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санаачилсан хуулиа унагаж болохгүй гэдэг байр сууринаас хандаад байна. Хориг тавьж буй учир шалтгаан, нийгэм цаг үеийн улс төрийн ач холбогдол, агуулга нь юу вэ гэдгийг ул суурьтай олж харахгүй байгаад сэтгэл гонсгор байгаа. Шүүхэд тавих хараа хяналт алдагдсантай холбоотойгоор иргэдийн итгэл алдарч байна. Энэ нь улстөрчид шүүхийн салбарын хуулийн зохицуулалтыг буруу хийж өгсөнтэй холбоотой. Шүүх эрх мэдлийн хараат бус байдал юугаар тогтоогдох вэ гэхээр нэгдүгээрт, хуулиар халдашгүй дархан байдлыг тогтоож өгөх ёстой. Хоёрдугаарт, шүүгчид тавьж байгаа шаардлага чухал. Хэрэг маргааныг үнэн зөв шийдэх ур чадвар, амьдралын зөв төлөвшилтэй ухаан төгс хүмүүс байж чадаж байна уу. Шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэдийн төлөөллийн байр суурийг бодитой хангаж чадаж байна уу гээд олон зүйлээс хараат бус байдал хамаарна. 

Улс төрөөс хараат болчихлоо гэж Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь зөв зүйтэй асуудал. Шүүгчийн мэргэжлийн болон ёс зүйн алдаа, хууль хэрэглээний алдаатай асуудалд Сахилгын хороо гэдэг шүүх эрх мэдлийн институцийн байгууллага хяналт тавьж, хянан шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий байгуулага бий болсон. Энэ байгууллага нь улстөрчдөөс, хууль тогтоогч, албан тушаалтнуудаас хараат бус байж, шүүгч нарын хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьдаг байх ёстой. Гэтэл шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгохдоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан нээлттэй сонгон шалгаруулах хэлбэрээр явуулж буй энэ үйлдлээ “Шударга ёсны зарчмын хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байгаа сайн хувилбар боллоо” гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа. Үүнийгээ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг томилж байгаатай адилаар тайлбарладаг. Гэтэл ХЭҮК нь УИХ-ын бүтцийн байгууллага. 

Харин шүүх эрх мэдлийн бие даасан Сахилгын хороо, Ёс зүйн хорооны удирдлагын томилгооны асуудалд УИХ-ын гишүүд, улс төрчид оролцож байгаа нь улс төрийн сонгуульд ялсан нам шүүхэд нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлчихэж байгаа юм. Яг энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьж буй нь зөв. Шүүх эрх мэдэл шударга ёс, хүний эрхийг хангах хамгийн дээд байгууллага. Энэ байгууллага хэнээс ч хараат бус байх ёстой. Үндсэн хуулийн зарчмын хүрээнд ажиллах нөхцөлийг УИХ бүрдүүлж өгөх шаардлагатай. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн хоригтой нэг байр суурьтай байгаа. Мөн АТГ-ын даргын томилгооны асуудал дээр өөрчлөлт орсон. Авлигад хэн холбогддог гэхээр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд. Тэр хүмүүс УИХ-д олонх болоод Засгийн газраа бүрдүүлж буй намаас томилогдсон байдаг. Гэтэл авлигын хэргийг шалгаж буй ажиллагаа нь хууль зүйн талаасаа Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд хэрэгжих ёстой. Авлигын хэрэг мөн эсэх, хамааралтай эсэхийг хянан шалгаж, ажлаа хийж байгаа байгууллагын тэргүүнийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас томилохоор УИХаас хууль тогтоож байгаа нь институтийн хараат ажиллахыг бүрдүүлж, хөндлөнгөөс орж буй хэлбэр юм. Ер нь эрх мэдлийг гартаа авах гэсэн эрх баригчид өөрт ашигтай хувилбарыг гаргаж байна. Гэтэл цаагуураа хор хохирол маш ихтэй. Хэргийг шударгаар шийдвэрлэх, илрүүлэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хуулийн дагуу явна гэдэгт эрсдэлтэй байдал үүсэж байна. Тиймээс хориг тавьж байгаа нь зөв зүйтэй асуудал гэж харж байгаа.

 

Ё.БЯМБАТОГТОХ: НАМ ТӨВТЭЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ ҮЗЭЛ САНААГАА БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА

/Хуульч/

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн нь Цэцэд хандахад маргаан үүсгэх эсэх талаар хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг урьдчилсан дүгнэлт байх юм бол маргаан үүсгэдэг. Харин эрх бүхий албан тушаалтнууд Үндсэн хуулийн Цэцэд хандвал шууд маргаан үүсгэх ёстой. Эрх бүхий албан тушаалтан дотор Монгол Улсын Ерөнхийлөгч орно. Тэгэхээр Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд хандаж маргаан үүсгэж болно. Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хувьд “хонгилын түлхүүрийг хэн атгах вэ” гэдэг л асуудал шүү дээ. Ерөнхийлөгч АТГ-ын дарга болон шүүгч нарын нэрийг өргөн мэдүүлж томилдог эрхтэй байвал нэг хүний эрх мэдэлд, УИХаас томилдог байвал олонхын эрх мэдэлд шилжиж байна гэсэн үг. Хууль боловсруулагчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэж байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 1992 онд баталсан Үндсэн хуулийн агуулгатай бүхэлдээ зөрчилдөж байгаа юм. 

Энэ асуудлаар би тухайн үед иргэн Н.Чадраабалын хамт Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан. Гэтэл бидний гаргасан асуудлыг Үндсэн хууль зөрчөөгүй байна гээд Үндсэн хуулийнхаа эсрэг шийдвэр гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц улс төрөөс ангид ажиллаж байна гэдэг нь их эргэлзээтэй. Монголчууд 1992 оны ардчилсан Үндсэн хуульд хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулна гэсэн эрхэм зорилго тавьсан. Нам, төр төвтэй улс төрийн тогтолцоо байгуулахаар Үндсэн хуульдаа тусгаагүй. Иргэн, иргэний нийгмийн байгууллага төвтэй тогтолцоог бий болгоно гэж зорилт тавьсан. Гэтэл саяны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нам төвтэй улс төрийн тогтолцоог бий болгох үзэл санаагаар суулгасан. Тэгэхээр нэгдүгээрт, 1992 онд баталсан Үндсэн хуулийн агуулга, зорилттой шууд зөрчилдөж байгаа юм. Хоёрдугаарт, шүүгч, АТГ-ын дарга, хуулийн байгууллагын удирдлагыг намаас хамааралтай болгож байна гэдэг нь Үндсэн хуульд оруулсан нам төвтэй тогтолцоог бий болгох үзэл санаагаа баталгаажуулж байна гэсэн үг. Түүнээс биш нэг хүний, эсвэл УИХ-аас хуулийн байгууллагын дарга нарыг томилдог болчихоор шударга, хараат бус болчихно гэж үзвэл учир дутагдалтай. Ардчиллын үнэт зүйлээс ухарч байгаа алхам гэж ойлгож болно.

 

Б.БАЯР: ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД АХИЦТАЙ ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

/Хуульч, өмгөөлөгч/

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд хандах эрх нь нээлттэй. Үндэслэлээ гаргаад хандах боломж бий. Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн өөрчлөлтийг нааштай, эерэг үр дагавартай гэж үзэж байгаа. Сүүлийн 20 орчим жилд хууль, шүүхийн байгууллагад дорвитой өөрчлөлт гараагүй гэж ойлгодог. Харин одоо Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орсноор хараат бусаар шүүгчийг томилох, ажлаа хийж байгаа шүүгчид гаднаас нөлөөлөх, ажлыг нь хийлгэхгүй байх, шүүгч өөрийн үзэл бодлоор шийдвэр гаргах эрхийг нь хянах талаасаа ахицтай өөрчлөлт орсон гэж үзэж байна. Шүүгч нарыг УИХ-аас томилдог болсон асуудалд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Гэвч УИХ шүүгч нарыг дангаараа томилохгүй шүү дээ. Нөгөө талаар Засгийн газар, УИХ солигдоод дараагийн нам төрийн эрхийг барина. Шинээр сонгогдсон улс төрийн хүчин дураараа шүүгч нарыг солих, томилох боломжгүй. Хуулийн дагуу ажлаа хийж байгаа шүүгч нарыг өөрчилнө гэж байхгүй. Тэтгэвэртээ гарсан, алдаа дутагдал гаргасан гээд цөөхөн хэдэн хүний орон тоон дээр шүүгч нарыг өөрчлөх боломжтой. Тэгэхээр нэг нам гарч ирээд төрийн албан хаагч нарыг халаад өөрийн хүмүүсээ тавьдаг шиг шүүгч нарыг солих боломжгүй. Шүүгч тийм институц биш. Тийм учраас шүүхийн байгууллага, шүүгч нар УИХ-аас хараат болно гэж бодохгүй байна. Хуулиараа ч тийм боломж байхгүй. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН - npost.mn