Монголын улс төрд аагим зуныг санагдуулам халуун үйл явдлууд өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төрийн акцууд, бие бие рүүгээ шидсэн элдэв гүтгэлэг, хэрүүл маргаан, албанаас нь татна татахгүй гэсэн дайралтууд, одоогийн Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвших боломжтой, боломжгүй гэсэн маргаан, намууд нэгдэх, нэгдэхгүй зэрэг үйл явдал өрнөж байна.

Зарим тэр бүр чимээтэй байдаггүй намууд чимээ орж эхэллээ. Тэр ч байтугай улс төрийн үйл явдалд өөрөө оролцож байгаа хэрнээ учрыг нь ойлгохоо больсон хүн олон таарлаа. Ёстой л нэг хөл толгой нь олдохгүй бужигнаж байна. Энэ хооронд хоёр ч сонгуулиар МАНын аминд орсон ковидын асуудал хурцаар тавигдлаа. Халдвар өдрөөс өдөрт олон болж байна. Францын иргэнийг анх халдвартай гарлаа гэхэд нийтээрээ цочиж байсан бол өдөрт зуу зуугаараа илрэхэд гайхахаа байлаа. Одоо вакциндаа л найдацгааж байна. Харин улс төр хэсэгтээ л ширүүн хэвээр байх нь ойлгомжтой.

ХӨЛӨӨ ЖИЙЛЦСЭН АН

Ардчилсан нам бужигнаантай, түжигнээнтэй хэвээр байна. Энэ нам С.Эрдэнийнх, Ц.Тувааных гэж хоёр тийш харсан хэвээр. Ойлголцлын ширээний ард суув уу гэтэл талцсан байдал үргэлжилсээр. Хоёр талдаа намын даргын сунгаа зарлаад байна. Ц.Тувааны талынхад Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс нэр дэвшиж байгаа харагдана. Уг нь бол ирээдүйтэй, гялалзсан залуус байна лээ л дээ. С.Эрдэнийн талын намын сунгаанд бас л тэрийг нь гэж голж, шилээд байхааргүй сонирхолтой нэр дэвшигчид жагсаж. Одоо тэгээд сунгаа явагдана, хоёр дарга гарч ирнэ. Хоёр талд хуралдаад ямар үйл явдал өрнөж цааш үргэлжилж, энэ намын хувь заяа яаж ч эргэх юм бүү мэд. Хөндлөнгийн хүмүүс бүү хэл өөрсдөө ойлгохгүй байгаа юмыг яалтай билээ. Одоогоор АН нэгдмэл болох, Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлж чадах эсэх нь л хамгийн чухал байна. АН шиг нам Ерөнхийлөгчийн сонгуульд энэ мэт талцлаас болж оролцож чадахгүй байх нь тун харамсалтай шүү дээ.

АН-аас дахин нэр дэвших визээ олж авах, Үндсэн хуулийн Цэцээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал зэргээс болж Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн оролцоо энэ намд хамгийн их байгаа. Мөн С.Эрдэнийг МАН-тай тохирч, намаа хохироож байна гэсэн хардаж, сэрдсэн мэдээлэл нөгөө талаас нь явж байна. Нэг хэсэг нь С.Эрдэнэ тулдаа л Х.Баттулгатай Ардчилсан намаа аврах гэж үзэж чадаж байна гэлцэнэ. “Шадав нь авна уу, Готов нь авна уу хамаа алга” гэдэгчлэн ардчиллаар овоглож ирсэн энэ нам гучин жилийнхээ ой дээр нам хэн удирдахаас эс хамаараад байр сууриа бататгаж, эвлэрэх нь чухал байна. Зарим улстөрчдийн хэлж буйгаар тоглоомын удирдлагатай байсан цагт энэ нам нар өөд харахгүй гэх юм. Сонгууль болтол юу юу болдог бол. Харж л суухаас. Одоо харин Ерөнхийлөгчийн нэр дэвших эсэх асуудал Цэц дээр ирэв. Цэцийн шийдвэрийг хамгийн их анхаарч байгаа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Ямар ч байсан нэг шийд гарах байлгүй. Хичнээн хэрүүлтэй, зодоонтой байлаа ч АН алга болохгүй биз ээ. Жирийн гишүүд дэмжигчдийн хувьд бол хэний ч талд орохоо мэдэхгүй, цөвүүн цаг өнгөрч, жигдрэх өдөр ирнэ гэсэн найдлагаа тээгээд л харж суугаа.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ДАХИН НЭГ СЮРПРИЗ МАН БАРИНА

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших хүсэлтэйгээ намынхандаа бол хэлчихээд байгаа. Бэлтгэл ажлаа ч хийгээд эхэлсэн. Нам дотроо бол хэн нэгэн барьцаж муудалцаад байгаа юм алга. Зуун жилийнхээ ойг ковидын тархалттай хамт тэмдэглэсэн тэд 500 залууг жигд хувцаслаж сургахад ихээхэн хэмжээний мөнгө зориулах гэж байгааг иргэд сонгуулийн шоу гэж шүүмжилж буй. МАНынхны санаагаар бол өрсөлдөгчгүй сонгуульд ороод зуун жилийнхээ ойг Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг авахаар зорьж байна. Харин өрсөлдөгч нь МАН-ын нэр хүндтэй, мөнгөтэй, олны танил эрхмүүдээс эхлэн онилж, дайралт хийгээд эхэлсэн. Тухайлбал, энэ дайралтын хамгийн эхний бай болгож Сү.Батболд руу өөд уруугүй дайрч, халаасны жижиг намуудаараа хашгируулж байна. Сүүлийн үед У.Хүрэлсүх тэргүүтэн рүү бас онилжээ. МАНаас хэн ч нэр дэвшсэн байсан Сү.Батболдтой холбоно гэсэн одоогийн Ерөнхийлөгчийн багийн тактик хэрэгжиж байгаа. Учир нь түүнийг нэр дэвшинэ гэж хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулсан болохоор тэрийгээ ашиглаад нэр дэвшсэн хүнтэй нь наагаад явахаар төлөвлөжээ. Харин хагаралдсан намын нэр дэвшигчийн эсрэг МАН атгасан гар шиг эв нэгдэлтэйгээр өрсөлдөнө гэдгээ бол тохирчихсон. Гэхдээ хувь лидерүүдийн улс төрийн тоглолтууд бол явж байгаа. МАНын онцлог нь хичнээн ганцаарчилсан тоглолт хийсэн ч АН шиг намаа хагалтлаа “зодолдохгүй” юм.

МАНынхан чимээгүйхэн сонгуульдаа анхааран гэнэтийн сюрприз барихаар бэлдэж байна. Цахилгаан, усны төлбөр чөлөөлсөн, нийгмийн даатгалыг хэсэг хугацаанд тэглэсэн мэдээг У.Хүрэлсүх гэнэт дуулгасан шигээ сюрприз барихаар бэлдэж байна. Харин МАХН-тай нэгдэх тал дээр сонирхол нь их ч тэдний МАНд тавьсан шаардлагууд цаг алдахад хүргээд байна. Одоо ковидоор улс төр хийгээд сонгуульд нэмэх оноо авчрахгүй нь тодорхой болсон. Тиймээс тэдний гэнэтийн бэлэг юу байхыг харах л үлдлээ.

МАХН, МАН-ТАЙ НЭГДЭХ ҮҮ, “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-ЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭН ДЭВШИХ ВЭ

МАХН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн намын “Та бидний эвсэл” УИХд суудалтай. Эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бий. Гэтэл МАХН, МАН хоёр нэгдэх асуудал яригдаад удлаа. МАХНын наймааны гуйлт дээр МАН луу унжаад байгаа учраас л энэ шийдвэр нэг талдаа гарахгүй хэлэлцээрийн ширээний араас өндийцгөөхгүй байна. Нэгэнт Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэж шүүх үзсэн болохоор дараагийн боломжит хувилбар нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Хэрэв МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАНтай тохироондоо хүрчихвэл С.Ганбаатар нэр дэвшихгүй. Тиймээс С.Ганбаатар өөр нам руу хувийн тоглолт хийхээр хадаг барин гүйх болов уу. Эх сурвалжаас авсан мэдээллээр зарим намд нэр дэвших санаархлаа илэрхийлж, уулзалт хийсэн байна.

МАН Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг явуулах байсан ч хойшлууллаа. Энэ бол цэвэр хоёр намын тохирооноос болж хойшилж байгаа.

МАХН бол үндсэндээ Н.Энхбаяр гэдэг хүн дээр тогтож байгаа. Н.Энхбаяр сонгууль болгоноор МАНын саналаас чамгүй зулгаадаг учраас нэгдэх нь МАН-д ашигтай. Гэвч дэд сайд, нөхөн сонгууль, нэр дэвших эрх, өөр бас бус шаардлагууд нь хэтэрхий их санагдаж байгаа болохоор цаг авч хойшлуулсаар өдийг хүрсэн.

ИЗНН Ц.ГАНХУЯГАА НАМААСАА ХӨӨЖЭЭ

ИЗНН Ардчилсан намтай Орон нутгийн сонгуульд зарим газар албан бусаар, заримд нь албан ёсоор эвсэж сонгуульд орлоо. ИЗНН Орон нутгийн сонгуулиар хөдөө хэд хэдэн суудалтай болсон. Мөн хөдөө орон нутгийн салбаруудын тамгуудыг намын дарга Ц.Ганхуяг нь хүчингүй болгосон учраас зарим аймаг, суманд гишүүд нь нэр дэвших боломжгүй болж, өөр намын нэр дээр өрсөлдөөд ялчихсан тохиолдол ч бий. Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын ИЗННын таван гишүүн өөр намын нэр дээр өрсөлдөөд ялсан. Намын дарга нь намаа самраад, өөр намынхантай сүлбэлдэж гүйж, намын тамгаа дур мэдэн хүчингүй болгож, нэр дэвшүүлнэ гэж хувь хүнээс мөнгө авсан зэрэг нэлээд олон ноцтой зөрчил гаргасан учраас шүүх, цагдаа, АТГ-таа тулж, Улс төрийн зөвлөл нь хуралдаж, Ц.Ганхуягийг намаас нь хөөжээ. Сонгуулиас хойш сураг тасраад удаж байгаа намын даргаа ийнхүү хөөсөн ИЗНН сүүлийн үед идэвхжиж, Төрийн ордны баруун талд намын байрных нь хаяг харагдах болсон байна лээ. Ардчилсан намын дүрмээр намын дарга нь гишүүнээ хөөдөг бол ИЗНН-ын Улс төрийн зөвлөл нь намаас хөөх шийдвэр гаргадаг дүрэмтэй юм байна. Мөн Дээд шүүхэд Улс төрийн зөвлөл нь материалаа хүргүүлээд байгаа гэнэ.

ХҮН-ИЙНХЭН ХҮНЭЭ ОЛСОНУУ?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй намын нэг бол ХҮН. “Ерөнхийлөгчөө захиалъя” гэж нийтэд захиалгаа өгөөд байгаа ХҮН одоогоор нэр дэвших хүнээ олоогүй байгаа гэнэ. Эдний нам эмэгтэй нэр дэвшигчийг санал болгох магадлал өндөр байна. Мөн УИХд суудалтай болж, Орон нутгийн сонгуульд нэлээд тэмцэж байж оролцон Нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэд хэдэн төлөөлөгчтэй болсон. Сүүлийн үед бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт намдаа хийгээд байгаа бөгөөд хэлсэн үг, хийж байгаа үйлдлээрээ имижээ зөв бүрдүүлж, олны дэмжлэгийг аваад байгаа Т.Доржханд гишүүнийг намын дарга болгоод байгаа. Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Төлөөлөх зөвлөлөө сонгож, дүүргийн намуудаа байгуулжээ. Ковидоос шалтгаалан хөдөө орон нутагт намын салбар хороод байгуулах ажил нь харин удаашраад байгаа гэнэ. ХҮН-аас нэр дэвших гэж сонирхлоо илэрхийлж, үг дайж байгаа улстөрчид цөөнгүй байгаа аж. Тухайлбал, АНын даргад нэр дэвших гээд эрхээ олж чадаагүй УИХын гишүүн Н.Алтанхуягаас эхлээд цагтаа ХҮНыг самарч явсан УИХын гишүүн С.Ганбаатар бас бус хүмүүс ч энэ намаас Ерөнхийлөгчид дэвших сонирхлоо дайжээ. Гэвч ХҮН-ынхан өчигдрийг болтол хэн нэгнийг нэр дэвшүүлэхээр албан ёсоор тохирсон зүйл байхгүй байлаа.