АН-ын ҮБХ-ы гишүүн О.Магнайтай ярилцлаа.

АН-ын ээлжит бус 11-р цахим их хурлаас Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэбат, Б.Болор, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болсон гэж үзсэн тогтоол гаргасан. Тогтоолын төслийг бэлтгэсэн ажлын хэсэгт та ажилласан юм билээ?

 

Баярлалаа, юуны өмнө аль болох гэрээсээ бага гараарай. Гадуур халдвар нэлээн өндөр байх шиг байна. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй. АН-ын ээлжит бус цахим их хурал 04 сарын 07-ны өдөр хуралдаж, тогтоол гарсан байгаа. Энэ тогтоол нь сая таны хэлдгээр нэр бүхий хүмүүсийг улстөрийн шалтгаанаар буюу үзэл санааныхаа төлөө байснаас болж шоронд сууж байна гэдэг ийм дүгнэлт хийсэн. Үүнтэй холбогдуулж цааш, цаашдын арга хэмжээг авах ёстой гэдэг чиглэлийг өгсөн байгаа. Үүнтэй холбоотой ажлын хэсгийг би ахлаж ажиллаж байна. Хамгийн түрүүнд бид юу хийж байгаа вэ? гэхээр “Эмнести Интернэйшнл” гэж олон улсын байгууллага байдаг. Та бүхэн мэдэх байх. Дэлхийн 160 гаруй оронд салбартай, Лондонд төвтэй байгууллага.Бид энэ байгууллагатай албан уулзалт хийсэн. Харамсалтай нь хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зарим уулзалтууд маань хойшлогдоод байгаа.Мөн энэ тогтоолтой холбогдуулж эрх чөлөөт улсуудын элчин сайдын яамдуудтай уулзалт товлосон. Эхний уулзалтуудын тов нь ч гарсан. Хөл хорио дуусвал холбогдох ажлууд явагдаад эхэлнэ гэж хүлээгдэж байна. 

 

Уг тогтоолыг гаргах болсон үндэслэл, шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

 

Нэгдүгээрт таны нэр дурдсан хүмүүсийн ял авсан байдлыг харах юм бол ихэвчлэн, за бараг бүгдээрээ гуравдагч хөршийн талд дуугардаг хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирж байж Монгол Улсын эдийн засаг, улстөрийн тусгаар тогтнол баталгаажна гэдэг үзэл санаатай хүмүүс байгаа. Гэтэл энэ хүмүүс нь түүгдэж шоронд орсон. Хоёрдугаарт хамгийн ноцтой нь эдгээр хүмүүсийн өмгөөлөгч, хуульчидтай нь ярилцаж, тэр бүү хэл нээлттэй хэлэлцүүлгийг ч бид олон удаа зохион байгуулсан. Үүнээс дүгнэхэд эдгээр хүмүүсийг яллахдаа хуулийг илт хууль бусаар хэрэглэж, хугацаа нь өнгөрсөн, хуучин Эрүүгийн Хуулийг хүртэл ашиглаж ял өгсөн жишээнүүд байгаа юм. Тэгэхээр энэ бол яах аргагүй улстөрийн зорилготой, үзэл санаагаа илэрхийлснийх нь төлөө, үзэл санааных нь төлөө эдгээр хүмүүсийг шоронд хийсэн юм байна гэдэг нь батлагдаж байгаа.

Ерөнхий Сайд асан М.Энхсайхан гуайн жишээн дээр авч үзэхэд л та санаж байгаа бол анх Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг доройтуулсан, бусниулсан, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан, явуулахыг завдсан гэж анх эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл энэ нь явсаар байгаад эцэстээ автомашин арай үнэтэй авсан байна гэж ял өгсөн.

 

Манайд өнөөдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар 50 сая төгрөгөөс дээш бол онц их хэмжээний хохирол гэж ял өгдөг. Гэтэл албаар яг тэр хохирлынх нь хэмжээг 55 сая төгрөгөөр тооцож гаргасан. Энэ бүхэн  бол байж болохгүй зүйл. Энэ бүгдийн хажуугаар өнгөрсөн хугацаанд АН чимээгүй байсандаа уучлалт гуйж байна. Би уулзсан хүн бүртээ “Уучлаарай” гэж хэлж байгаа. Учир нь АН 1990 оны хувьсгалыг удирдаж, ялуулсан улстөрийн хүчин. 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг манлайлж батлуулсан улстөрийн хүчний хувьд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой үнэт зүйлийг хамгаалах үүрэгтэй улстөрийн хүчин юм. Тиймээс хүний эрх, эрх чөлөө хөндөгдөж байхад тухайн үед нь хамгаалж чадаагүйнхээ төлөө нийт иргэдээсээ уучлалт гуйж байна. Ер нь олны танил, нэр дурдагдаж байгаа хүмүүс нь л энэ боловч агуулгаараа Монгол улсад хэн ч хэлмэгдэх ёсгүй. Хүн ер нь энэ улсад би хэзээ ч хэлмэгдэхгүй гэдэг итгэл үнэмшилтэйгээр амьдрах ёстой. Ямарваа нэгэн хууль, цагдаагийн байгууллагаас айж амьдарч болохгүй. Айдас гэдэг бол сайн зүйл биш. Бүтээлч зүйл биш. Айдас нийгэмд их болох юм бол иргэдийн тархи нь ажиллахаа больдог. Дарангуйлал бий болдог. Тиймээс ч үүнээс хамгаалах нь АН-ын үүрэг гэж. 

 

Уг тогтоол дахь "эрх мэдэлтний захиалгаар хэлмэгдүүлсэн АТГ-ын мөрдөгчид, нэр бүхий прокурорууд, нөлөөнд авсан шүүгчид болон тэдний гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болохыг Ардчилсан намын удирдлагад даалгалаа" гэсэн хэсэг их сонирхолтой санагдсан. Энэ бодит ажил хэрэг болох боломжтой юу?

 

Монгол Улс маань дэлхийн л нэг хэсэг. Энэ дэлхий дээр 200 гаруй улс байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Улс маань гадаад харилцааны чиглэлд бидний үнэт зүйл нэгтэй бүс нутгийн интеграцид их муу орсноос болж, хүний эрх чөлөөний баталгаажилт өнөөдрийн түвшинд хүрчихэж. Хэрэв та мэдэх бол Сергей Магнитскийн хууль гэж хууль байдаг. 2012 онд анх батлагдаж байсан. 2016 онд АНУ-ын Конгресс дахиж баталсан. Яагаад дахиж баталсан бэ? гэхээр эхлээд уг хууль зөвхөн ОХУ-тай холбоотой асуудал байсан бол улмаар 2016 онд батлагдахдаа дэлхий даяар байгаа хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг албан тушаалтнууд, эрх мэдэл бүхий этгээдүүдийг ийм жагсаалтанд оруулдаг болсон. Өнөөдөр энэ жагсаалтанд 100 орчим хүний нэр орчихсон явж байгаа. Бельги гэх мэт эрх чөлөөт улсуудаас ч Африкт зэвсгийн наймаанд орооцолдсоны улмаас энэ жагсаалтанд орсон хүмүүс бий.Энэ хууль бол бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад зориулагдсан хууль. Энэ хуулийг би хамгийн шударга хууль гэж үзэж байгаа юм. Та мэдэх бол урьд нь тухайн улсад бүхэлд нь хориг арга хэмжээ тавьдаг байсан. Жишээлбэл Монгол Улсад хүний эрх зөрчигдөж байна гээд  Монгол Улсын бүх иргэн Европын Холбооны Улсуудын виз олгохгүй бол, АНУ-ын виз олгохгүй бол та бид  хохирно шүү дээ. Харин зөвхөн тухайн этгээдэд виз олгохгүй, тухайн этгээдийн актив тэр бүс нутагт байвал царцаана гэдэг бол хамгийн шударга хориг арга хэмжээний хууль юм.

 

Дээр нэр дурьдсан хүмүүсийг ялласан прокурор, мөрдсөн АТГ-ын мөрдөн байцаагч, хуулийг илт хууль бусаар хэрэглэж ял өгсөн шүүгч нар тэргүүтэй хүмүүсийг энэ жагсаалтанд оруулна гэж бодож байгаа. Хөл хорио дуусаад гадны элчин сайдын яамдуудтай уулзалт хийж эхэлнэ. Энэ үеэрээ хамгийн түрүүнд эдгээр хүмүүсийн нэрсийг гаргаж өгнө.

 

Ардчилсан Намын веб сайт дээр ч гэсэн “хар жагсаалт” гэж эдгээр хүмүүсийн нэрсийг ил болгож харуулна. Яагаад гэвэл хүн хэлмэгдүүлдэг хүн ардчилсан улсад, 21-р зуунд инээгээд явах ёсгүй. Энэ хүмүүст хариуцлага заавал тооцох ёстой. Хүн хэлмэгдүүлчихээд дотооддоо том улстөрчийн хамгаалалтанд ороод, түүндээ эрдээд бардаад явж таарахгүй. Хариултын эхэнд хэлсэнчлэн Монгол бол энэ дэлхий дээр байгаа 200 улсын нэг нь. Тийм учраас хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой олон улсын стандарт Монгол улсад ч мөрдөгддөг байх ёстой. Тийм учраас энэ стандартыг мөрдүүлэхгүй, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байгаа хүмүүсийг уг жагсаалтанд оруулах нь зөв. Яахав тэр хүн хэлмэгдүүлдэг, хүний эрхийг зөрчдөг хүмүүс гэр бүлээрээ зөвхөн Монголдоо л байж байг. 

 

Тогтоолд эдгээр нэр бүхий улс төрчдийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж дүгнэсэн байсан л даа. Аль улс юм бэ? гэж асуух шаардлаггүй байх. Харин тэр гадны орны гар хөл нь хэн юм бэ? гэж асууя. Эсвэл мөрдөн байцаагч, шүүгч нар нь л гадны орны гар хөл юм уу?

 

Та хүний нэр хэлүүлэх гээд байх шиг байна, зөв үү? Би бол яг хүний нэр хэлэх нь зохимжгүй болов уу? гэж бодож байна. Яваандаа үүнийг түүх хангалттай шүүнэ. Өнгөрсөн хугацаанд манай улсын гадаад бодлого хаашаа эргэв? Цаазын ялыг сэргээе гэж хэн ярив? Ер нь бол цаазын ялыг сэргээе гэдэг нь тэр эрх нь зөрчигдсөн хөөрхий хүүхдүүдтэй холбоотой асуудал биш шүү дээ. Цаазын ялыг сэргээсний яг маргааш нь Европын Холбоотой Монгол Улсын бүх харилцаа тасарна. Өөрөөр хэлбэл Монгол Улс цаазын ялыг сэргээснээр манай стратегийн холбоотон Европын холбоо манай улсын стратегийн түнш биш болно. Энэ маш аюултай зүйл. Тэгэхээр цаазын ялыг сэргээнэ гэдэг бол Монгол Улсыг гуравдахь хөршөөс нь холдуулах, үнэт зүйл нэгтэй улсуудаас нь холдуулах хорт бодлого. Үүнийг бид нар ойлгож, ер нь аливаа зүйлийн цаад зорилгыг нь харж сурах хэрэгтэй. Юухан байхав, 5-10-хан жилийн дараа энэ бүхэн түүх болно. Түүх болсон үед нь түүхчид, судлаачид ямар зорилгоор хэн Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг зогсоох гэж оролдов гэдгийг шүүсэн нь зүгээр болов уу?

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарлаа. Уг шийдвэрийг УИХ ч хүлээн авч байх шиг байна. Энэ шийдвэрээр бол товчхондоо Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон шүү дээ. Та энэ шийдвэрийн тухай : "Иргэний зориг гаргасан Т.Доржханд нараар бахархаж байна. Өнөөдөр түүх бичлээ. Амжилт хүсэж байна." гэж жиргэсэн байсан? Ямар түүх бичигдсэн гэж та дүгнэж буй юм бэ?

 

Яг үнэндээ Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэхэд зориг шаардана шүү дээ, үнэн биз? Ялангуяа өөдөөс нь үг хэлсэн хүн бүр шоронд орчихсон байхад дахиад үг хэлнэ гэдэг чинь яах аргагүй зориг. Тиймээс нэгдүгээрт би тэр залуучуудын зоригийг хүндэлж байгаа юм. Энэ бол маш их зориг. Ардчилал гэдэг, ардчилсан нийгэм гэдэг нь иргэдийн зориг дээр л тогтдог. Иргэд зориг гаргаж байж, өөрийгөө тодорхой хэмжээнд золиослож байж зөв түүхийг бий болгодог. Энэ нь ямар түүх вэ? гэхээр дараа дараагийн Т.Доржханд шиг, хуульч Д.Үүрцайх шиг залуучууд ийм зориг гаргаж байж зөв шийдвэр гаргадаг юм аа гэдэг түүх. Хоёрдугаарт, Цэцийн шийдвэрийг би  зөвхөн Х.Баттулга гэдэг хүний эсрэг гарсан шийдвэр гэж бодохгүй байна. Үндсэн хуулийн шийдвэр. Үндсэн хууль, эрүүгийн эрхзүй хоёр бол ялгаатай. Би бас хуулийн сургууль төгссөн хүн. Эрхзүйн байдлыг дордуулна гэдэг нь эрүүгийн эрхзүй дээр ярьдаг асуудал, харин Үндсэн хууль бол тунхагийн шинжтэй. Монгол Улс нэг хүнийг нэг л удаа Ерөнхийлөгчөөр сонгож байя гэдэг Үндсэн хуулийг баталсан бол баталсан өдрөөсөө эхлээд л хэрэгжээд явна. Энэ бол эрүүгийн эрхзүй биш. Үүнийг хуулийн анхан шатны ном уншсан хүн болгон ойлгох ёстой сэдэв. Үүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. 

 

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын штабт та ажиллаж байсан шүү дээ. Өнгөрсөн 4 жилийнх нь үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?

 

Дөрвөн жил ч их хурдан өнгөрдөг юм байна. Магадгүй та тэр үед надаас бас асуулт асуугаад явж байсан байх. Монгол Улсын тусгаар тогтнол юун дээр тогтдог вэ? гэхээр олон улсын хамтын ажиллагаа,  идэвхитэй дипломат ажиллагаа, бодлого дээр тогтдог. Түүнээс бус цэрэг, зэвсэг дээр энэ улсын тусгаар тогтнол тогтоогүй шүү дээ. Тиймээс нэгдүгээрт гадаад бодлого, дипломат бодлого дээр туйлын хангалтгүй ажилласан гэж дүгнэмээр байна. Хоёрдугаарт, Монгол Улс маань улстөрийн хоригдолтой улс болсон.Хэн нэгэн хэн нэгэндээ таалагдахгүй байж болно.Гэхдээ түүнийгээ хууль шүүхийн байгууллагыг урдаа барьж, шоронд хийж  шийддэг соёл хэрхэвч байж болохгүй. Би Х.Баттулга нэр дэвшигчийн штабд хамгийн ойрхон ажилласан хүмүүсийнх нь нэг. Цуг ажиллаж байхдаа би нэг л зүйл  хэлж байсан. “Монголд хүн хэлмэгддэггүй баймаар байна” гэж. Би өөрөө 2008 оны 07 сарын 01-нд ямар ч гэм зэмгүй хүмүүс шоронд орж байсныг нүдээрээ харж байсан хүний хувьд, хэлмэгдэл гэдэг бол миний хувьд маш эмзэг сэдэв. Юу ч хийгээгүйнхээ төлөө шоронд орно гэдэг бол маш эмзэг асуудал. Би өнөөдөр үүнийг амны үзүүрээрээ яриад байгаа мэт боловч агуулгаараа маш эмзэг сэдэв юм.

 

Тэр үүднээсээ би Х.Баттулга Ерөнхийлөгчийг тухайн үед нэр дэвшигч байхад нь, “Монгол хүн хэлмэгддэггүй улс болмоор байна” гэж ганц л хүсэлт хэлж байсан. Х.Баттулга ч: “Тэгэлгүй яахав” гэж надад хариулж байсан л даа.

 

Харамсалтай нь өнгөрсөн 4 жилд улстөрийн зорилгоор хүмүүс шоронд орсон нь үнэн. Ингэж болохгүй ээ. Энэ бол хүний эрхтэй холбоотой маш том асуудал. Тэр тусмаа Ерөнхийлөгч нь ингэж болохгүй. Би үүнд туйлын сэтгэл хангалуун бус байгаа. Мэдээж хийсэн сайн зүйл мэр сэр байгаа байлгүй. Агуулгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол түүхэн фигур. ОХУ-тай яаж харьцав, БНХАУ-тай яаж харьцав, Монголд аль улсын хэний бодлого түлхүү явав? Монгол Улсын бодлого, зорилго, Монголын эрх ашиг хэддүгээрт байв? гэдэг асуултуудын хариу удахгүй тодорхой болно. Манай эдийн засаг сүүлийн 10 жил яг гацчихлаа шүү дээ. Та мэдэж байгаа байх, 12 тэрбум доллар дээр гацчихсан. Яагаад энэ 12 тэрбум доллар дээр гацчихсан бэ? гэхээр манай гадагшаа экспортлодог бүх дэд бүтцийн хүчин чадал нь дээд цэгтээ бүрэн тулсан. Уг нь энэ 4 жилд экспортийн дэд бүтцийн ядаж нэг урсгал нэмчихсэн байсан бол их сайн байсан. Замын-Үүд, Эрээний боомт өдөрт 15 вагон состав гаргаад, бүх хүчин чадлаараа ажиллаад дүүрчихсэн байгаа шүү дээ.

 

Урагшаа ядаж нэг шугам нэмчихсэн бол энэ 12 тэрбумын маань эдийн засаг нь 15 тэрбум, 16 тэрбум болох бололцоо харагдаж байсан. Гэвч урагшаа биш зүүн тийшээгээ төмөр зам тавьчихлаа. Энэ ямар учиртай хэний бодлого юм мэдэхгүй. Миний санаж байгаагаар н.Якунин гэж Орос нөхөр 2010 онд ирээд ярьж байсан тэр бодлого л явчих шиг харагдаж байна. Туйлын харамсалтай. Монгол Улсад ядаж Монгол улсын эрх ашиг ярьдаг, Монгол улсын эрх ашиг нэгдүгээрт байдаг баймаар байна. Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд гараад харах юм бол яг л 2010, 2011, 2012 оны үеийн эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон барилгууд, тэр эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон жаахан өнгөтэй өөдтэй зүйлс одоо өнгө нь унаад эхэлчихэж. Та анзаарч байгаа бол Улаанбаатарын зам хүртэл нүхтэй болж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг нь гацаж байна гэсэн үг. 2020 онд манай эдийн засаг 5 % уналаа, 2021 онд уг нь өснө гэсэн хүлээллтэй байсан боловч эхний 6 сар нь хөл хориотой өнгөрчихсөн болохоор дахиад 10% орчим унах байх. Өөрөөр хэлбэл Монгол хүн бүр ядуурч байна. Монгол хүн бүр ядуурч байгаа нь эдийн засаг гацсантай холбоотой.  Өнөөдөр бид нарт гадагшаа борлуулж, эдийн засгаа өсгөх боломжтой зүйл бол зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн л байна. Үүн дээр худал, үнэн популизм хийх шаардлага байхгүй. Өөр зарж чадах зүйл бид нарт байхгүй шүү дээ. Тэгэхээр дэд бүтцээ хөгжүүлж, нүүрсээ түүхийгээр нь зарж байсан бол маргааш баяжуулаад, нөгөөдөр химийн үйлдвэртэй болох гэдэг чинь л Монголын зорилго. Үүнийг мөнгөтэй болж байж л хийнэ. Гэтэл тэр мөнгөний эх үүсвэрүүдийг бүгдийг нь хаагаад хаячихсан. Байсан жоохон мөнгөөрөө урагшаа гарах нэг ч гэсэн дэд бүтэц хийхийн оронд зүүн тийшээ барьж буй төмөр зам гэх хэнд ч хэрэггүй зүйлд 800 гаруй тэрбум төгрөг оруулаад хаячихсан. Нөгөө төмөр зам нь бүр даац даахгүй ч гэх шиг. Төмөр зам гэдэг чинь уг нь дээр нь галт тэрэг явах ёстой шүү дээ. Гэтэл даацаа даахгүй байна гэдэг асуудал яригдаад л байгаа, та сонссон байх. Тийээс энэ болгон дээр маш их харамсаж байгаа. Энэ бол Монголын төлөө хийсэн зүйл биш.

 

Баярлалаа

 

Ярилцсан М.Чойжал

sonin.mn