УИХ-ын аливаа сонгуулийн дараа эрх мэдэлтнүүд өөрийн ах дүү, хамаатан садан, үр хүүхдээ төрийн хариуцлагатай албан тушаалд томилуулахад нөлөөлдөг буруу жишиг манайд тогтоод байна. Гэвч иргэдийн хараа, нийгмийн хяналт ч хурц болж, энэ замбараагүй байдал харьцангуй сайжрах шинж бага ч болтугай ажиглагдаж буй.

Жишээлбэл УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны Дарга М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар ажиллаж байгаад, нийгмийн хурц шүүмжлэлд өртөн, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн билээ.

Гэвч илт хууль зөрчсөн, улаан цагаан гэж хэлж болохуйц муу жишээ түүнээсээ ч олон байна. Үүний нэгийг дурьдая.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан, НИТХ-ын 2020 оны сонгуулийн өмнө "Улаанбаатар хот аз жаргалтай хот болсон" гэж мэдэгдэж олонд танигдсан, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөн 2021 оны 2-р сарын 01-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилогджээ.

Д.Дөлгөөн 11 хүнтэй хэлтсийн даргаар томилогдсон нь Төрийн албаны Ахлах түшмэл буюу Т3-9 гэсэн ангилалд багтаж буй юм. Ийм албан тушаалд томилогдохын тулд  төрийн албанд 8 жил, дараа нь дэс түшмэлээр 4 жил ажилласан байх ёстой. Гэвч Д.Дөлгөөн нь хувийн хэвшилд л цөөн жил ажилласан туршлагатай аж. Мөн хамгийн гол нь Төрийн албаны зөвлөл, Авилгатай Тэмцэх Газраас Д.Дөлгөөн нь шаардлага хангаагүй тухай, Д.Дөлгөөнийг томилсон зөрчлийг арилгуулах тухай удаа дараа албан бичиг илгээсэн ч одоо хүртэл хэрэгжээгүй байна.

Шалтгаан нь их энгийн.

Р.Дагва НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга төдийгүй Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын хууль, эрх зүй хариуцсан зөвлөх аж.

Өөрөөр хэлбэл зөрчилтэй томилгоог залруулахгүй байгаагийн шалтгаан нь ойлгомжтой төдийгүй ерөөс энэ нь ашиг сонирхлын асар ноцтой зөрчил юм.

Өмнө нь УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд л төрийн албанд удирдах ажил хашлаа гэж шуугиан гардаг байсан бол энэ нь аав, хүү нэг сектор буюу нийслэлийн төр, захиргааны газарт удирдах алба хашиж буй улаан цагаандаа гарсан явдал билээ.

 

Мэдээж Д.Сумьяабазар зөвлөхийнхөө хүүг албан тушаалаас нь чөлөөлөхгүй гэдэг нь ч, Р.Дагва ба түүний хүү Д.Дөлгөөн нар ч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, түүний Б.Энхмөрөн шиг ёс суртахууны хариуцлага хүлээчих эр зоригтой хүмүүс биш гэдэг нь тодорхой боллоо.

Энэ тохиолдолд ёс зүйн хариуцлага шаардах ганцхан л субьект үлдэж байна. Энэ бол эрх баригч Монгол Ардын Нам өөрөө юм.

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан орчин үеийн улс төрийн намыг төлөвшүүлэх, МАН өөрөө ёс зүйн хариуцлага тооцдог жишгийг  тогтоохын төлөө ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийнхөө цөмийг : "Нийгэмд шударга ёсыг тогтоох" хэмээн тодорхойлсон.

Тэгвэл энэ зорилтоо аав, хүү хоёр нийслэлийн төр, захиргааны газарт удирдах алба хашиж буй даварчихсан гэхэд дэндүү даварчихсан явдлыг залруулахаас эхлүүлбэл ямар вэ? 

 

Э.Мягмар

сонин.мн