Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ямар ч баталгаагүй, үхээнц дорой болох нь ковидын цар тахлын үед улам их анзаарагдаж байна. Өнөөдөр сонгууль гээд эрх баригч намын нөхөд, дарга сайд төрийн бүх шатны албан тушаалтнууд нэр дэвшигчээ даган хөөрцөглөж, энд тэндгүй уухай хашгирч явна.

Гэтэл ард түмний ахуй амьдрал, хоол хүнснээс аваад улс орны цусны эргэлт болсон аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн бүхий л зүйл Замын-Үүдийн хилийн боомт дээр гацаатай байна. Уг хилийн боомтоор Монгол Улсын нийт импортын бараа бүтээгдэхүүний 80 хувь дамждаг. Урд хөрш дургүйгээ хүрэхээр Эрээний хилийн боомтоо чангаруулж, улс төрийн сануулга өгөх үүднээс 14 хоног хилээ хаахад Монголын эдийн засагт хүнд цохилт болж байгаа юм. Америк, Япон, Солонгос гээд ихэнх улсаас газраар ирж байгаа ачаа тээвэр, өргөн хэрэглээний бараа, хүнс ногоо, эм бэлдмэл гээд бүх төрлийн импортын бараа Замын-Үүд дээр бараг жилийн туршид гацаж, сүүлийн хэдэн сар манай 800 гаруй ачааны машин бараагаа авахаар царайчлан хүлээж байна. Гэвч үүнийг анзаарч, ярьж хөөрч, ард иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ төлөө санаа тавьж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтан байна уу.

Монголчууд бид эдийн засгийн хувьд ийм хэврэг байна. Бүх зүйлээ гаднаас авч, хоёр хөршийнхөө гар хөл аяг аашийг харж харьяат улс шиг гөлгөнөн амьдарч байна. Туурга тусгаар улс орны хувьд энэ бол дэндүү гунигтай, байж боломгүй зүйл. Өмнө нь энэ бүхэн тэгтлээ анзаарагддаггүй, монголчууд бид зүгээр л урсгалаараа амьдраад, дор бүрнээ болох болохоороо амиа хоохойлоод яваад байж. Харин өвчин зовлонтой, хил гаалийн асуудалтай ийм цаг үед хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат байгаа маань айхавтар мэдрэгдэж Монгол Улс маань ямар арчаагүй, тусгаар улсын бодлогогүй явж ирээ вэ гэх харуусал өөрийн эрхгүй төрж байна. Яг л нөгөө бороотой өдөр такси олдохоо байдаг шиг. Нартай сайхан өдөр зүгээр явуулахгүй ээрээд хаашаа явах вэ гээд шалаад байдаг. Гэтэл тэнгэр муухайрах юм уу хүмүүст тавгүй болоод ирэхлээр хэн ч таксинд явахаа больдог доо. Уул нь үүнийг нартай сайхан өдөр нь ийм үйлчилгээ явуулдаг компани байгуулах хэрэгтэй байдаг даа.

Яг үүн шиг тахал гарсан хүнд хэцүү үед Эрээний хил хаагдахад эдийн засаг нам зогсдог, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг, наад зах нь нарийн ногоо олдохоо больдог, эм тан тасардаг, айл өрх бүр аргаа бардаг энэ байдлаасаа одоо гарах хэрэгтэй. Тэгэхээр монголчууд бид одоо үйлдвэрлэгч орон болох цаг нь ирсэн. Аль юм болгон гадагшаа царайчилж, гараа сунгаж гуйлгачин ядуу амьдрах юм бэ.

Дотооддоо үйлдвэрлэгч болж эдийн засгийн салбар бүр нь тэлж хөгжсөн, хүн бүр шаргуу хөдөлмөрлөсөн ажлын байр хэдэн зуун мянгаар нэмэгдсэн, ард иргэдийнх нь ахуй амьдрал дээшилсэн бүтээгч улс орон болох хэрэгтэй. Улс орны бүх бодлого, стратеги үүнд чиглэгдэх хэрэгтэй байна. Ерөөсөө төр засгийн удирдагчдын гол бодлого ажлын байрыг нэмэгдүүлж, ард иргэдээ ажилтай орлоготой амар тайван сайн сайхан амьдруулахад л зориулагддаг. Нэг үеэ бодоход бид бүхэн бас ч гэж эдийн засгийн хувьд хөгжих хөрс суурьтай, техник технологи болоод ажиллах хүчний хувьд ч боломжтой болсон. Хамгийн гол нь засаг төрийн бодлого зөв, тууштай байх нь чухал.

Үйлдвэрлэгч орон болоход хамгийн түрүүнд эрчим хүч цахилгааны асуудал, дараа нь төмөрлөгийн үйлдвэр, гангийн үйлдвэр хэрэгтэй гэх алтан томьёолол бий. Эрчим хүчний асуудлаа шийдэж гангийн үйлдвэрээ босгоод авсан байхад тухайн улс орон эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулаад авлаа гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн тулгуур хуулийн дагуу Монгол Улс өөрсдөө төмрөө хайлж гангаа цутгадаг болох хэрэгтэй. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж тусгаар тогтнолоо тунхаглаад 110 жил, Ардын хувьсгал ялаад 100 жил болж байхад гангийн үйлдвэргүй ийм олон жил болсон нь харуусалтай. Хуучин Богдын засгийн үед нэг ийм яриа байдаг байсан гэж хууччуул ярилцдаг. “Манай хоёр хөрш биднийг төмөр хийлгэдэггүй юм. Хэрвээ монголчууд төмөр үйлдвэрлээд хөрөө хийгээд сурчихвал хоёр хөршөө хөрөөдөөд дуусна гэж айдаг юм” гэсэн Богдын харуусал дүүрэн яриа бий. Яг л тэр маягаар биднийг төмрийн үйлдвэртэй байлгаж болохгүй гэсэн хоёр хөршийн энэ бодлого зуун жилийн хойно ч өнөөдөр хадгалагдсан хэвээр байдаг бололтой гэж хардахаар.

“Монгол Улс гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болох боломжтой. Энэ үйлдвэрлэлийг ажиллуулахад 42 мГвын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнүүдийг шийдэх боломжгүй ч цахилгааны асуудлыг шийдчихвэл бид жилд 500800 мянган тонн ган үйлдвэрлэнэ гэсэн үг. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 3040 мГвын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно” гэдгийг мэргэжлийн судлаачид хэлж байна. Ерөөсөө гангийн үйлдвэртэй болох боломж бидэнд бүрэн байна гэдгийг тэд хэлээд байгаа.

“Гангийн үйлдвэр байгуулах нь стратегийн ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэгтэй шууд холбоотой зүйл. Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч болсон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэдэг. Эрдэнэт үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах зээл. Бид өмнөх 10 жилд үүнийг хийчихээр байсан л даа. Сэтгэл дутаад л байна. Манайх олон улсын айлчлалаар хүнд хүртээлгүй жижиг сажиг төсөл барьж явахаа одоо болих цаг болсон. Өөрсдөө шийдэх боломжтой зүйлийг гаднаас хайсны хэрэггүй” гэж “Үүр тээл” компанийн захирал А.Даваадорж шулуун шударга хэлсэн.

Нэг хэсэг Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна, Гангийн үйлдвэртэй болно гээд баахан яригдсан. Хятадын гангийн үйлдвэртэй танилцаж туршлага судалж байна гэх мэдээ яваад л удаагүй Сайншандын аж үйлдвэрийн парк чимээгүй болсон. Өнөө хоёр хөршийн өөрсдийг нь хөрөөдчихнө гэсэн бодлогын үр нөлөө тусаа байлгүй дээ. Хэрвээ гангийн үйлдвэртэй болбол ёстой бид “хөрөө”-тэй болно. Үндсэндээ бид хэнээс ч гуйхгүй, бас хэнээс ч айхгүй болно.

Төмрийн худалдаанд жил бүр 300 орчим сая ам.долларыг гадагш урсгадаг энэ урсгал Монголдоо үлдэж, хамгийн гол нь бид барилгын арматур төмрөө өөрсдөө цутгаж, барилгын салбарт эргэлт ирж, адаглаад хадаасаа хийж, гүүрний гулдан төмөр, барилгын гулдан төмрууд, машины гол гээд хийх өч төчнөөн юм байдаг. Хэрэв төмөр цутгаж ган хатаагаад эхэлбэл хэнээс ч айхгүй болно гэдэг маань энэ. Гэтэл өнөөдөр Хятадын арматур төмөр сайн хямд, мөн үйлдвэр байгуулснаас гаднаас авах нь хамаагүй хямд, ашигтай гэх ойлголт төмрийн зах зээлд ноёрхож, хоёр хөршийн бодлого үйлчилж байгааг нуух аргагүй. Гангийн үйлдвэр баригдсанаар, үндсэндээ Монгол Улс үйлдвэрлэгч орон болсноор эдийн засгийн тусгаар тогтнол баталгаажиж, аль нэг улсаас хараат бус болж ДНБий хэм хэмжээ эрс өсч, Монгол Улсын өрсөлдөх чадварын индекс огцом урагшлах ийм л бодит ирээдүй харагдаж байна. Нийт бараа бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг бус дотооддоо үйлдвэрлэдэг, гадагшаа экспортолдог үйлдвэрлэгч орон болж хөгжин дэвших цаг болсныг ковидын нөхцөл байдал тод томруун харуулж байна. Тэгэхэд энэ талаар ярьж хэлж байгаа нэр дэвшигч байгаа юу. Хэн гэдэг нэр дэвшигч энэ талаар ярьж байгаа вэ. Хэдэн ажлын байр бий болгоно гэж хэн амлаж байна вэ. Яг хуучнаараа төрөөс зүгээр юм өгөхөө л ярьцгаагаад байх юм. Одоо бид зүгээр сууж, бэлэн шороо ухаж гадагш зарж хоолоо дөнгөн данган олж идэж болсоон. Цахилгаан станцаа барьж, гангын үйлдвэрээ байгуулж тэр ухсан шороогоор нь эцсийн бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж, ажлын байр бий болгож хүн төрөлхтөнтэй адилхан амьдрах цаг ирсэн шүү.