С.БАТЗАЯА

Сарын сая төгрөгийн цалинтай хэр нь тансаг зэрэглэлийн орон сууцад амьдарч, үнэтэй машин унаж, бийлэгжүү загнах нь төрийн албаныханд хэвийн үзэгдэл болс оор удаж байна. Хувьдаа бизнесгүй, төсвийн цалингаар амьдардаг хэр нь орлогоосоо давсан хэрэглээтэй байх нь хэдий цочирдмоор зүйл ч энэ цагт тэр бүр гайхаад байхааргүй болтол нийгэм, олон нийт дөжирчээ. Энэ бол төрд авлига, хээл хахууль үүрэлсэний тод жишээ. Ил ч харагддаг, далд ч яригддаг. Судалгаагаар ч тоо баримт нь дурайж байдаг нь бодит үнэн.

Манай улс сүүлийн 30 жилд авлигатай тэмцэхийн тулд бишгүй л ажилласан. Засаг төрийн түвшинд ч байнгын сэдэв нь авлига. Гэвч авлига гэгч энэ хавдар төрийн албаны бүх шатанд “Үүрээ засаж”, өдгөө нийгмийн эд эс болгонд тархжээ. Танил талгүй л бол бичиг цаас хөөцөлдөх, зөвшөөрөл авах гэж жирийн иргэд үйлээ үздэг нь үнэн. Угаасаа нэг даргыг мөрдөж мөшгиж, шоронд явуулснаар ч өргөс авсан мэт арилчихдаг асуудал биш гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Гэхдээ хойш тавих бус цар тахалтай хүнд цаг үе ч гэлээ үүнтэй хатуу тэмцэх цаг болсныг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ мэдэгдлээ. Түүний мэдэгдэлтэй зэрэгцээд нийгэмд АТГ­ыг татан буулгах гэж байгаа юм уу, одоо байгаа систем нь ажиллаж чадахгүй байна уу гэх асуултууд гарч эхлэв.

Цаасан дээр үлдэх бус амьдралд бодитой хэрэгжүүлэхийн тулд долоо хоног бүр хаана, хэн дээр хүнд суртал авлигын сэжим байгаа талаарх судалгааг иргэдээс авах аж. Судалгаанд өндөр жин дарсан газраас хүнд суртлыг арилгуулах, авлигын хана хэрэм бий эсэхийг нягталж, асуудлыг шийдвэрлээд явахаар шийдсэн нь Ерөнхий сайдад алга ташмаар үйл явдал болов. Одоо та авлигад идэгдсэн гэж хамгийн их шүүмжлэлд өртөж, хэл ам татлаад байгаа ИНЕГ-т хяналт шалгалт хийх үүрэг өгч, өмнө нь шалгаад дутуу орхисон ажлаа үргэлжлүүлэх чиглэл өгнө үү. Мөн төрийн өмчит компаниудад шалгалт хийх ёстой.Энэ бол ямар нэг газрыг татан буулгах ажил огтоос биш. Харин ч гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцэхийн төлөө бүхэлдээ нэг баг болоод оройлон оролцож, өөр хоорондоо, өрөөл бусадтай хамтарч ажиллахыг хэлэх шиг боллоо. Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ “Лоозон маягаар ярихаа одоо болъё. Цар тахалтай ийм үед авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах нь амаргүй боловч бид энэ зорилтыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Төр өөрөө хатуу чанга ажиллах цаг нь болсон” хэмээн мэдэгдэж, нийгмийн идээ бээр болсон авлигын ханыг нурааж, шаардлагатай бол намынхантайгаа ч үүний эсрэг хатуу тэмцэхээ ийн илэрхийллээ.

Ингэж хэлсний учир нь, Ерөнхий сайд төрийн албыг хамгийн эхэлж цэвэрлэх, ах, дүү, хамаатан, садан, төрлийн томилгоотой ч хатуу тэмцэх аж. Ер нь үүгээр дамжиж л авлигын сүлжээ, хүнд суртал, эс үйлдэхүй, шантааж бий болдог. Цаашлаад төрийн албаны мерит зарчим алдагддаг гэж үздэг. Манай улсад хамгийн их авлигад өртдөг салбар бол Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, уул уурхай, эрүүл мэндийн салбар гэдэг нь судалгааны дүнгээс харагддаг. Хүнд суртал төрийн албанд газар авсан учраас ажлаа бүтээхийн тулд их, бага хэмжээгээр “гар цайлгах” дадал монголчуудад суучихсан. Үүнийг байх л зүйл гэж бодох болсон нь хамгийн хор урхагтай зүйл болчихоод байна. Эндээс салахын тулд нийгэмд авлигыг жигших шинэ соёл, хандлага түгээхийн тулд хүн бүрийн үүрэг, оролцоо нэн чухал болж байна. Үүнийг л Ерөнхий сайд нэг мөр халахыг хүсчээ.

Засгийн газар АТГ-ын ажилтай хутгалдаагүй. Аливаа улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг учраас Засгийн газраас дэмжлэг үзүүлэх, хүч нэмэгдүүлэх байдлаар оролцох нь ч буруу биш. Хоёр жилийн дотор өдгөө 111 дүгээр байрт эрэмблэгдээд байгаа авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилтыг Ерөнхий сайд танхимынхандаа, улмаар ард иргэддээ уриалсан нь энэ засгийн бас нэг содон өнгө болов. Зорилгодоо хүрэхийн тулд бүх шатанд авлигын индексийг бууруулахаар зориг шулуудсан нь шүгэл үлээгчдэд зориг нэмсэн үйл хэрэг боллоо.

Авлигын индексийг бууруулахын тулд Шүгэл үлээгчдийг дэмжих тухай хууль, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих, нээлттэй шүүх байгууллага бий болгох, төрийн үйлчилгээг цахимжуулах, улс төрийн намын санхүүжилт, хандивыг цэгцлэх, олон нийтийн хяналтыг дэмжих гэх мэтээр олон арван ажил хийхээр төлөвлөжээ. Хоёр жил гэдэг бол богино хугацаа учир дээр дурьдсан ажил бүрийг хариуцсан ажлын хэсэг байгуулж, дэд хөтөлбөрүүдтэй байхаар төлөвлөсөн байна. Цаасан дээр үлдэх бус амьдралд бодитой хэрэгжүүлэхийн тулд долоо хоног бүр хаана, хэн дээр хүнд суртал авлигын сэжим байгаа талаарх судалгааг иргэдээс авах аж. Судалгаанд өндөр жин дарсан газраас хүнд суртлыг арилгуулах, авлигын хана хэрэм бий эсэхийг нягталж, асуудлыг шийдвэрлээд явахаар шийдсэн нь Ерөнхий сайдад алга ташмаар үйл явдал болов. Одоо та авлигад идэгдсэн гэж хамгийн их шүүмжлэлд өртөж, хэл ам татлаад байгаа ИНЕГ-т хяналт шалгалт хийх үүрэг өгч, өмнө нь шалгаад дутуу орхисон ажлаа үргэлжлүүлэх чиглэл өгнө үү. Мөн төрийн өмчит компаниудад шалгалт хийх ёстой. Энд л төрийн албыг төрлийнх болгож, бантан хутгаж буй тухай шүүмж байсхийгээд гардаг. Авлигатай тэмцье гэж буй бол хяналт шалгалтыг эндээс л эхлэх хэрэгтэй.

Авлигатай тэмцэх ажилд ингэж манлайлан, шуурхай оролцож байж бид нийгэмд бугшсан идээ бээртэй тэмцэж чадна. Найр тавьж, найзан дундаа байвал авлигын хана хэрэм дунд бид амьдарсаар, төрийн алба төрлийнх болсоор ужгирна. Хүний, өөрийн, миний, танай гэлтгүй Монгол Улс гэх хамгийн том эрх ашгийг нэгдүгээрт тавьж, тэр зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшлах нь өөрөө том үйл хэрэг билээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН