Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд - Ирэх оны VII сараас хүүхдийн мөнгөний талыг олгож, талыг нь хуримтлуулна
2021/09/29
3асгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа
ШУУД ҮЗЭХ:
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл зэргийг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бол 290 мянган хүн гуравдугаар тунг хийлгээд байна. 50-55 насныхан гуравдугаар тунд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа.
Вакцины гуравдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан байгаа нь вакцины үр дүн өндөр байгааг илтгэж байна. Тиймээс гуравдугаар тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлийг ерөнхий сайд өглөө. Манай улс нийт 6.3 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна" гэдгийг хэллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шинжлэх ухааны салбарт реформ хийх түүхэн шийдвэр гаргалаа.
Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй тогтолцоотой явж ирсэн. Зарим хүрээлэн яамны харьяа, зарим нь Шинжлэх ухаан, технологийн сангийн харьяанд, үлдсэн нь их, дээд сургуулиудын харьяанд явж ирсэн. Тиймээс санхүүжилттэй холбоотой асуудлыг ил тод болгох зайлшгүй шаардлага үүсч байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сангаас 4,000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжилсэн байна.
Харамсалтай нь эдгээр судалгааны хэд нь шинжлэх ухааны суурь судалгаа болж чадсан бэ гэхээр хангалттай тоо харагдахгүй байна. Цөөн хэдхэн эрдэмтний судалгааг жил бүр санхүүжилдэг, ил тод бус санг цаашид нээлттэй болгож байна.
Өнгөрсөн хугацаанд энэ сан ямар байдлаар явж ирсэн бэ гэхээр, жил бүр төвлөрдөг 10-12 тэрбум төгрөгийг бүх судалгаанд буюу нэг судалгаанд 20 хүрэхгүй сая төгрөг хуваарилдаг. 20 сая төгрөгөөр санхүүжүүлсэн судалгаа ямар ч үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.
Ер нь судалгааны салбарт жил бүр хийгдэж байгаа судалгаанууд “үхлийн хөндий” гэдгийг давж гарах ёстой юм билээ. “Үхлийн хөндийг”-г давж гарах хүртэл нь тухайн судалгааг санхүүжүүлж байх ёстой. 20 сая төгрөгөөр санхүүжүүлээд орхидог тул эрдэмтдийн судалгаанууд инновац, патент болж чадахгүй байна. Бид үүнийг засаж залруулах шаардлагатай гэж харж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсад байгаа лабораторийн тооллого хийсэн. Манайд чамгүй болон гэж хэлж болох 300 гаруй лаборатори байна. Харамсалтай нь 70-80 хувь социализмын үеийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хийж чадаагүй тул орчин үеийн шинжлэх ухааны шаардлагад нийцэхгүй болсон байна.
Таван сая ам.долларын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болгосон лаборатори тоосонд дарагдаад байж байгаа жишээ ч байна. Тиймээс цаашид салбар дундын лабораторийг хөгжүүлэх, боловсон хүчин, урсгал зардлыг шинжлэх ухааны санхүүжилтээр шийдэж явах зарчимд шилжүүлэх шаардлага байна гэж харж байгаа.
Мөн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн газар хулгайд маш их алдагдсан. Өнөөдрийн хуралдаанаар хүрээлэн, их, дээд сургуулийн газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид хэн нэгэн хүрээлэн, их, дээд сургуулийн газарт халдахгүй.
Төрөөс судалгаа шинжилгээнд жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл энэ зардал эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд очдоггүй. Дундаас тендерийн ченжүүд аваад, хүрээлэнгүүдээр хийлгэдэг буруу тогтолцоо байсан. Цаашид төрөөс шууд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр судалгаа шинжилгээ хийлгэдэг болох тогтолцоонд шилжихээр ажиллаж байна.
Мөн цаашид залуу эрдэмтдээ тэтгэлэгээр дэмжих, ахисан шатны сургалтын тэтгэлэг олгодог болох өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас улс орны хөгжилд шаардлагатай эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг сэргээж байна. Үүнд:
- Дулааны техник технологи, экологийн хүрээлэн,
- Ой мод, сургалт судалгааны хүрээлэн,
- Технологийн инкубаторыг сэргээж байгаа бол
- Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна” гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхий сайдын захирамжаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байнгын үйл ажиллагаатай ажиллаж, Засгийн газрын ээлжит хуралдаан бүрд тайлангаа тавьж байгаа.
Манай ажлын хэсэг гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох бөгөөд энэ хүрээнд аравдугаар сард Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ингээд дэмжигдсэн тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.
Хоёрдугаарт, төрийн үйл ажиллагааг цахимжуулах, бүтцийг боловсронгуй болгох, төрөөс олгодог зөвшөөрөл, лицензийг бууруулах чиглэлд ажиллаж байна. Энэ хүрээнд хамгийн эхэнд хийгдэж буй ажил нь аравдугаар сарын 1-нээс газрын гэрчилгээг цахимаар хэвлэж авах боломжоор хангаж байна. Иргэд газрын гэрчилгээгээ авахаар сум, дүүргийн газрын албанд очих шаардлагагүй гэсэн үг. Хэрэв хүсвэл газрын албанд хандаж үнэт цаасаар хэвлүүлж авч болно. Цахимаар хэвлэж авсан QR кодтой гэрчилгээ үнэт цаасан дээр хэвлэлсэн гэрчилгээтэй адил хүчин төгөлдөр байх юм. Иргэдийн өмчилж авах 0.07 га газраас бусад хэлбэрээр газар авах тохиолдолд зөвхөн цахим дуудлага худалдаагаар авах өөрчлөлтийг хийж байгаа.
Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хоёр сар гаруйн хугацаанд 700 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн.
Засгийн газрын тэргүүний хувьд авлигын индексийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийг зорьж байгаа учраас Ажлын хэсгийг байнгын ажиллагаатай байлгахаар болсон.
Төрөөс олгодог бүх төрлийн зөвшөөрөл, лицензийг цахимаар олгодог болоход чиглэн ажиллаж байгаа. Хэн нэг хүний оролцоогүйгээр зөвшөөрөл, лицензүүдийг олгох тогтолцоо руу шилжинэ гэсэн үг" хэмээн ярилаа.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа
Нийгмийн даатгалын багц хуулийн онцлох заалтууд:
- Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлнэ. Одоогоор энэ санд зөвхөн бичилт хийж, бодит мөнгөн хөрөнгө байхгүй.
- Хуваарилалтын буюу өнөөгийн тогтолцооноос хагас хуримтлалтай дараа нь бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ. НДС-гийн дэргэд Мэргэжлийн хороодыг ажиллуулна.
- Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмнэ.
- Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийг нэмнэ.
- Үйлдвэрлэлийн осолд орсон бол ажилтныг тэр хугацаанд НДШ-ээс чөлөөлнө.
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд зааснаар иргэд нэмэлт даатгалд даатгуулах, хуримтлал үүсгэх, цаашлаад хөрөнгө оруулалт хийх боломжтой. Иргэд нэмэлтээр цуглуулсан тэтгэврээ өвлүүлнэ.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад эдгээр төсөл улам сайжирна гэж найдаж байна.
Капитрон банкнаас Нийгмийн даатгалын сангийн 95 тэрбум төгрөгийн авлага үлдсэн. Үүний 22 тэрбум төгрөгийг эд хөрөнгө худалдан барагдуулахаар ажиллаж байна. Шүүхэд маргаан дуусаагүй байна, цар тахлын улмаас Нийгмийн даатгалын сангаас 900 тэрбум төгрөг зарцуулсан. Иймд НДС мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүй болсон. Ингэснээр арилжааны банкуудад чөлөөт мөнгөн хөрөнгөө байршуулж, хүүгийн орлого авах боломжгүй байна гэв.
Нийгмийн даатгалын хуулиуд 1995 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй удаа орсон нэмэлт, өөрчлөлт орсон байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөх, үнэ ханшны өсөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, эхчүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөлтийг таслахгүй байх, төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр авагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн.
Түүнчлэн ковидын цар тахлын үед аж ахуйн нэгж, даатгуулагчид шимтгэлийн чөлөөлөлт, хөнгөлөлтийг үзүүлсэн нь ажил олгогчид санхүүгийн дэмжлэг болж, ажлын байраа хадгалахад мөн иргэдэд шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.
Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд ирэх хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал улам өсөж, сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Түүнчлэн нийгэмд хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж өөрчлөгдөж, цахим хөдөлмөр-ажил үйлчилгээ бий болж, нийгмийн хамгааллын бодлогын олон улсын чиг хандлага өөрчлөгдөж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтэрч, төлсөн шимтгэлтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох зэрэг нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийх, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлж, төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжинэ” гэж тус тус заасан.
Ийнхүү практик шаардлага болон хууль зүйн үндэслэлийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус шинэчлэн боловсрууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг бүртгэх, тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороодыг ажиллуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулан илүү олон жил шимтгэл төлснийг урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тооцдог болгох зэрэг зохицуулалтыг тусгасан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн эрх хэвээр хадгалагдаж, эрх ашиг нь зөрчигдөхгүй юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөгийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг 20 хоногоор нэмэгдүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэх, даатгуулагчийг ажлын байранд нь тогтвортой ажиллуулсан ажил олгогчид тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар 3 жилд тутамд 1 удаа хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгав.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг тухайн сангийн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас багагүй байхаар, тэтгэвэр авагчид протез, ортопедийн жишиг үнийг 3 жил тутамд 100 хувиар даатгалын сангаас олгохоор, үйлдвэрлэлийн осол гаргаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгалаа.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Дээрх хуулийн төслүүд батлагдсанаар Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжих, нийгмийн даатгалын засаглал оновчтой болох, суурь тэтгэвэр болон хувийн нэмэлт тэтгэврийг эрх зүйн орчинг бүрдүүлснээр ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэх, төлсөн шимтгэлтэй уялдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгох шударга аргачлалыг нэвтрүүлэх, зэрэг ажил олгогч, даатгуулагчийн чиг үүрэг тодорхой болж, нийгмийн даатгалын үйлчилгээ цахимжиж түргэн шуурхай, ил тод, нээлттэй болно.
Нийгмийн даатгалын багц хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Маргааш 08:00 цагт 2020 оны Төсвийг дэлгэрэнгүйгээр мэдээлнэ.
Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой. Ирэх онд хөгжлийн төсөв хийж байна.
Ирэх оны эдийн засгаас бүх нийтээрээ тэлэлтэй жилийг хүлээж байна. Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.
- Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.
- халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
- хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино
- төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
- урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна
Бидний гол эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Харин ирэх жил хамгийн боломжит дээд хэмжээгээр экспортлохыг зорьж байна" гэв.
Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттойгоор өгнө. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацад бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно.
2022 оны долоодугаар сараас 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж үлдсэн хувийг сонголттой олгоно.
Зочин · 2021/09/30
Тэр хүүхдийн 100.000 ₮-ийг архинд зарчуулдаг эцэг эхчүүдэдийг судалгаагаар тогтоож хуримтлал руу шилжүүлэх арга хэмжээнд хамруулж харин тэр мөнгийг хүүхдийнхээ төлөө дугуйлан ч юмуу бусад байдлаар хүүхдээ хөгжүүлэхэд зориулж байгаа бол 100 хувь олгох нь зөв шүү