Энэ байдал монголчуудын дунд ид өрнөж байна. Тодруулбал, Засгийн газраас санаачлан Төрийн орон сууцны корпорациар дамжуулан хэрэгжүүлж буй хөтөлбөрийг дагаж урган гарсан юм.

Уг хөтөлбөрт хамрагдаж орон сууцанд тухлахыг хүссэн иргэд ажлаа алдан байж, ТҮЦ машинд бүртгүүлсэн. Түүнийхээ дараа хэд хэдэн байгууллагын хүндхэн шалгалтад орж, олонхи нь бүдэрсэн. Тэнцсэн цөөн хэд нь сугалаанд хамрагдаж, аз хийморио хүртэл шалгуулаад авна билээ. Энэ мэтийн хүнд хөнгөн олон шалгуурыг давж, хөнгөлөлттэй зээлээр орон сууцанд орох эрхээ бататгасан иргэд түүнээс ч том "хана хэрэм"-ний өмнө тулж ирсэн бололтой. Маш энгийнээр хэлбэл, мөнгөний гачлан.

 

    Дээрх хөтөлбөрт хамрагдах болзол хангасан иргэдийн нэрс энэ сарын 10,11-нд тодорсон. Үүнээс хойш 10 хоногийн дотор зээлийн орон сууцны урьдчилгаа болох 30 хувийг байршуулах ёстой гэсэн шаардлагыг ТОСК-иас иргэдэд тавиад байгаа юм байна. Харин энэ хугацаанд багтаан урьдчилгаагаа байршуулж чадаагүй иргэдийн сонгосон орон сууцыг буцаан авч байна гэх яриа хүмүүсийн дунд тархаад байгаа юм. Үнэхээр ч дээр дурдсанчлан олон шалгуурыг давж өдий хүртэл цаг заваа барж явчихаад сонгосон байрандаа орж чадахгүй бол харамсалтай л байх. Түүгээр зогсохгүй хүмүүсийн зарим нь банкны хатуу шалгуурыг давж чадахгүй буцаж байгаа гэх яриа ч чих дэлсэв. Банкны шалгуурт бүдрээд буцсан бол бүр ч харамсалтай. Нөгөөтэйгүүр ийм явдал гарч байгаа бол ТОСК-ийг буруушаамаар ч юм шиг. Учир нь тэд Монголбанкны мэдээллийн сан, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үл хөлөх хөрөнгө зуучлалын газартай хамтран иргэдийн ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан шалгалт хийж, зээл авах боломжтой хэмээн сугалаанд хамруулсан шүү дээ. Ингэсний эцэст арилжааны банкууд иргэдэд тэдний шалгалтаас давсан шалгуур тавих нь байж боломгүй асуудал мэт санагдаж байв. Тиймээс дээрх асуудлуудыг хэрхэн зохицуулж байгааг ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одоос тодруулсан юм.

 

    Тэрбээр "Сугалаа явуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор сонгосон орон сууцныхаа нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэндэхүйц мөнгийг байршуулахыг иргэдээс шаардсан нь үнэн. Гэхдээ тэр нь байраа үзээд сонгочихсон хүмүүст хамааралтай. Яагаад гэвэл хүмүүс байраа сонгочихоод таг алга болчихдог. Түүнийг удаан хадгалж ч болдоггүй, өөр хүнд үзүүлээд худалдчихаж ч болдоггүй хэцүү байдалд ордог. Байраа сонгож байгаа иргэдийг хараад байхад голдуу наран талдаа цонхтой, тав зургадугаар давхрын байруудыг сонгож байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн дээд болон доод давхрын байруудыг хүмүүс сонгохгүй үлдчихээд байна. Тиймээс дунд давхрын байр захиалчихаад 10 хоногийн дотор урьдчилгаагаа хийж чадахгүй байгаа хүмүүсийн байрыг буцаан татаж, дараагийн хүмүүс байраа сонгох гээд ирэхэд нь үзүүлж байгаа. Байраа хураалгасан иргэд ор тас байргүй болно гэсэн ойлголтгүй. Урьдчилгаа мөнгөө бэлтгэж ирээд дахин сонголт хийх боломжтой юм. Товчхондоо урьдчилгаа нь бэлэн байгаа иргэд илүү боломжийн сонголт хийх боломжтой. Хүмүүс ажлын 10 хоногийг бага хугацаа гэж ярьж бэйна билээ. Бид үүнтэй санал нийлэхгүй байгаа. Бид ярихдаа 10 хоног гэж хэлээд байгаа болохоос биш, иргэдийн материалыг анх хүлээн авснаас хойш /гуравдгаар сарын 24-нөөс тавдугаар сарын 24 хүртэл/ 60 хоногийн хугацаа байлаа. Үнэхээр байранд оръё гэж бодсон бол энэ хугацаанд иргэд мөнгөө хуримтлуулах боломж байсан гэж үзэж байгаа" гэсэн хариултыг өгсөн юм. Харин банкны шалгуурын хувьд тэрбээр "Аль банкийг сонгох нь иргэдийн өөрсдийнх нь мэдэх хэрэг. Банк бүр өөрсдийн шалгуураа тавина. Яагаад гэвэл тэд эрсдлээ тооцсон шалгуур тавих байх. Гэхдээ энэ хөтөлбөрт хамтарч байгаагийн хувьд иргэдэд дааж давшгүй шалгуур тавилгүй, явдал чирэгдэлгүй зээл гаргах үүрэгтэй. Одоогоор банкны шалгуурт бүдэрсэн гэх хүн манайхаар ирээгүй" гэсэн юм.

 

    Юутай ч албаны хүний үгээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ТОСК болон арилзааны банкуудын иргэдээс журмаас ангид зүйл шаардаагүй. Сугалаагаар орон сууцанд орох эрхээ авсан иргэдийг бүгдийг нь уг хөтөлбөрт хамруулна гэдгээ амласан юм.

 

    Харин бэлэн мөнгөгүйгээсээ болж сонгосон байрандаа орж чадаагүй иргэд албаныхны энэ үгэнд итгэхгүй, урьдчилгаа мөнгөө олохоос минь өмнө "Буянт-Ухаа-1" хорооллын орон сууцнууд эзэдтэй болчих болов уу хэмээн гасалж сууна. Үнэхээр ч тогтмол цалинтай төрийн албан хаагчдад 10 ч бай, 60 ч бай хоногийн дотор 10-18 сая төгрөг олж төлнө гэдэг тийм ч амар давах даваа биш шүү дээ.