С.Амарсайхан сайд аа, бригадын генерал Б.Ууганбаярт хариуцлага тооцох цаг нь болжээ
2021/12/28
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын уялдааг хангах зорилгоор өнгөрсөн 10 дугаар сард нэгтгэж, УОК-ын Нэгдсэн шуурхай штаб хэмээн шинээр зохион байгуулж, даргаар нь бригадын генерал Б.Ууганбаяр ажиллах болсон билээ.
Шадар сайдын тушаалаар байгуулагдсан тус штаб нь “ковид-19”-ийн цар тахлын үеийн хариу арга хэмжээ, болзошгүй газар хөдлөлт болон гамшгийн хор уршгийг арилгах салбар дундын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах үүрэгтэй. Гэвч “сахил хүртээд шал дордов” гэгч болов. Уг нь, шинэхэн бригадын генерал Б.Ууганбаяр эрчтэйхэн ажиллана хэмээн зарлаж, өмнө нь алдаа гаргаад, нэр нүүрээ баллаж орхисон, тусгаарлан ажиглах үйл ажиллагаа явуулах зочид буудалд анхаарал хандуулан, эздийн төлөөллийг хүлээн авч, иргэдийн хоол хүнс, эрүүл ахуйн асуудлыг сайтар хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллахыг тэдэнд анхааруулсан. Түүний ширүүн харцтай энэ уулзалтаас ердөө жилийн өмнө гаргасан том алдаагаа давтахгүй нь гэх итгэл төрсөн нь нууц биш.
Сануулахад, 2020 оны 11 дүгээр сар хүртэл цар тахлыг дотооддоо алдахгүй 10 сар барьж чадлаа хэмээн Азидаа “томорч” байсан Монгол Улс тусгаарлах байрнаас “Ковид-19”-ийн халдварыг алдаж, өнөөдрийн байдлаар 690950 батлагдсан тохиолдол, 1982 хүн нас барсан гэсэн мэдээг дэлхийд илгээж сууна. Энэ өдрөөс хойш нийт хүн амын 21 хувь нь жилийн дотор ковидоор өвчилжээ.
“Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс, цар тахлыг дотооддоо алдсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуултыг хариуг өнөөдөр ч иргэд эрх баригчдаас нэхсэн хэвээр байна. Тухайн үед Улсын Онцгой комиссын Шуурхай штабын даргаар өнөөдрийн бригадын генерал Б.Ууганбаяр хурандаа цолтой ажиллаж байсныг сануулах нь илүүц биз. “Энхсаран” сувиллын хариуцлагыг хэнд тооцох вэ гэх сэтгүүлчийн асуултад хурандаа Б.Ууганбаяр “Би мэдээлэлгүй байна. Шалгадгаа шалгачихсан” хэмээн тэр үед мөр хавчин хариулж байсан. Харин Цагдаагийн ерөнхий газраас “Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссын шуурхай штабын удирдлагаар ажиллаж байсан албан тушаалтнууд, бусад албан хаагч, сувиллын удирдлага гэх мэт 6 хүнд ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлт прокурорт хүргүүлсэн” гэж байв. Удалгүй хурандаа Б.Ууганбаярын оронд Ж.Чүлтэмсүрэнг томилсон. Өөрөөр хэлбэл, Б.Ууганбаярт хариуцлага хүлээлгэсэн гэж хэлээгүй ч ямартай ч хэл амнаас холдуулсан нь үнэн. Шадар сайд С.Амарсайхан ч “Цаашид иймэрхүү зүйлтэй эвлэрэхгүй. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцно” хэмээн чанга хэлж байсан.
Энэ үеэр Зэвсэгт хүчний үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хэмээн хурандаа Б.Ууганбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгаас Бригадын генерал хэмээх өндөр цол авч, мөрдөс нь “сунасан”. Хэдэн сар чимээгүй байж, бригадын генерал цолоо хэл амгүйхэн “манаж” суусан ч өнгөрсөн 10 дугаар сараас хуучин албандаа арай эрх мэдлээ нэмж, томилогдсон Б.Ууганбаяр энэ удаад гаргасан алдаагаа хүлээх болов уу.
Өнгөрсөн саруудад дэлхийн олон улсад “ковид-19”-ийн омикрон хувилбар тархсантай холбогдуулан гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлахаар УОК-оос шийдвэрлэсэн. Шаардлага хангасан гэж үзсэн 30 гаруй буудлаас 19 нь сайн дурын үндсэн дээр тусгаарлан ажиглах байр болон ажиллахыг хүлээн зөвшөөрсөн гэнэ. Иргэд ч тусгаарлагдахыг эсэргүүцээгүй. Гэхдээ өнгөрсөн жилийн алдаагаа бүү давтаарай хэмээн анхааруулсаар ирснийг олон нийтийн сүлжээнээс харж болно.
Харамсалтай нь, өнгөрсөн долоо хоногт гадаадаас ирсэн иргэдээ халдвар хамгааллын дэглэм баримталсан буудалд оруулах нь байтугай онгоцноос автобус руу суулгахдаа хаана түр байрлуулахаа ч тодорхойлоогүй байсан, оройн 19.30 цагт буусан иргэдийг шөнийн 1.40 минутад МҮИС-ийн дотуур байр руу аваачсан. Тэнд зохион байгуулалттай хүлээж авах хүн ч олдоогүй. Тусгаарлан ажиглах байр болгосон тус байр нь бохир заваан цагаан хэрэглэлтэй, халуун, хүйтэн усгүй, цахилгаан хэрэгслүүд нь ажилладаггүй, хэтэрхий хүйтэн байсан гэх зэргээр хүний наад захын хэрэглээг хангахгүй байдалтай угтсаныг иргэд олон нийтийн сүлжээнд баримтжуулан мэдээлэв.
Л.Мөнхбат хэмээх захиралтай МҮИС гэх сургууль үе үеийн Боловсрол шинжлэх ухааны сайд нартай “үзэж тардаг” төдийгүй оюутны дотуур байр гэж анхлан барьсан халуун усгүй байрнаасаа хэдэн оюутнаа хөөж гаргаад “Ковидын” түр ажиглах байр болгож чаджээ. Ингээд өдрийн 100 мянгаар хүн авна хэмээн бусдаас мөнгө авч зүрхэлснийг харвал боловсролын байгууллага гэдэгт нь үнэхээр эргэлзмээр.Аргаа барсан Шадар сайд С.Амарсайхан ЭМ-ийн сайд, ОБЕГ-ын дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргаа өмнөө суулгаад “Холоос ирсэн хүмүүсийг нисэхээс буудал руу нь аваачаад амраа гэдэг асуудлыг ярьсан. Та нар түрүүлж очоод хариуцлагатай байгаад тэнд очиж байгаа хүмүүст хүн сэтгэлээр хандсан бол ийм асуудал гарахгүй. Иргэдийг буруутгах шаардлагагүй. Насаараа төрд ажилласан хүмүүс яагаад наад захын зохион байгуулалт хийж чадахгүй, бүх юманд яагаад Ерөнхий сайд, Шадар сайд, УОК оролцож явах ёстой юм бэ. Чадахгүй бол наад ажил төрлөө өгөөд чаддаг ажлаа хийгээд явцгаа. Одоо та нар арай дэндэж байна” хэмээн
Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга Ц.Баярхүү энэ тухайд “Зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Процессын алдаа гарсан. Тодорхой хүмүүст хариуцлага тооцно” гэв.
Шадар сайд насаараа төрд ажиллачихаад яагаад наад захын зохион байгуулалт хийж чадахгүй байна вэ, хүмүүст хүн сэтгэлээр хандсан бол ийм асуудал гарахгүй хэмээн хэнд хэлэв. Мэдээж хамгийн түрүүнд ОБЕГ, Шуурхай штаб, МХЕГ-т хандсан нь ойлгомжтой. Тэгэхээр Шадар сайд аа, гаргасан алдаагаа дахин дахин давтаад байгаа төрийн түшмэдийг ёстой таны хэлдгээр “чаддаг ажлаа хийгээд явцгаа” гээд явуулах цаг нь болсныг энэ удаагийн хариуцлагагүйн “зуд” ахиад нотоллоо.
Хоёр дахь удаагаа хариуцлага тооцно гэдгээ онцлон хэллээ та. Харин ард түмэн хэлсэн үгэндээ эзэн болохыг тань хүлээж байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Дорж · 2021/12/30
Ууганбаяр генарал бол агуу хүн. Шүүмжэгчид бол ..өөрсдийгөө мэдэж ойлгож аваарай
Дорж · 2021/12/30
Яаг зөв
Зочин · 2021/12/29
угаасаа бөөн будилаан болсоон. Ковидыг өөр өнцгөөс харж цэгцлэх шаардлага гарч бна
zochin · 2021/12/29
buur ydraad bna, naad ajillaa yaaj chiigeed bgaa um !!, boon chiregdel, yagaad zaaval ingej chiregduuldeg um ???
Санал 1 байна · 2021/12/28
Худлаа лолорч хүн загнасан лаларын нөхөр зайлах хэрэгтэй. Ууганбаяраас сайн сайхан зүйл хүлээх хэрэггүй. Энэ хүн удирдан зохион байгуулах ямар ч чадваргүй
zochin · 2021/12/28
Ууганбаяр бичүүлсэн юм байх даа. Фитиша л гэе дээ
Зочин · 2021/12/28
Ажил хариуцсан хүмүүст хатуу хариуцлага тооцож, цагдан хорьж шалга!
Ганбаатар · 2021/12/28
ОБЕГ-т ажлаа мэддэг шуурхай ажилладаг ганц генералиа тал талаас нь битгий мэрээд бай.Наадах чинь энэ орондоо хэрэгтэй хүн.Ажил хийдэггүй хүний алдааг манаж суудаг хэрээнүүдийн үгээр битгий үг хийгээд бай.
Зочин · 2021/12/28
Зочин · 2021/12/28
Юу вээ. Үнэхээр тийм лаг юм бол Амарсайхан сайд нь өөрөө энэ ажлаа хий л дээ. Тэр цэвэрхэн цэгцтэй буудлуудаа олоод ир. Тусгаарлах байраар ажиллах буудлууд олдохгүй л байгаа юм билээ ш дээ. Өөрсдөө хөгийн шийдвэр гаргана. Тэрнийг нь доод хүмүүс нь биелүүлэх гэж 2 жил үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байна. асуудал гарахаар камерын өмнө попорчихоод, өөрийнхөө чадваргүй бусад руу чихэхдээ гарамгай наад сайдаас чинь хүмүүс үнэндээ залхаж, доод тушаалын албан хаагчид үзэн ядаж байна.
Зочин · 2021/12/28
Бодлого зөв гарсанч гүйцэтгэл муу байгаагийн жишээ.Тэр хүмүүс Сэтгэлтэй хар ажлын хүмүүс байх естой.Зангилаа нь тэнд л байгаа