Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээвэрлэлтэд зориулж, 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд хилийн тандалт, тусгаарлалтын арга хэмжээ авч эхэлснийг эсэргүүцэн Замын-Үүд-Эрээн чиглэлд тээвэрлэлт эрхэлдэг жолоочид Зам тээвэр, хөгжлийн яамны үүдэнд мэдэгдэл хийв.

Жолооч нарын төлөөлөл "Засгийн газраас бараа эргэлтийг сайжруулж, хилийн нэвтрэх чадамжийг сайжруулахад 3 тэрбум төгрөг зарцуулах тухай мэдээлэл гарч байна. Энэ мөнгийг чухам юунд зарцуулах гээд байгааг ойлгохгүй юм. Замын-Үүдийн боомтод өчигдрөөс эхлээд цэрэг жагсаагаад эхэллээ. Цар тахлаас сэргийлж 100 жолоочийг тусгаарлалтад оруулаад халдвар илрээгүй тохиолдолд тээвэрлэлтэд явуулах тухай ярьж байна. Бид 24 цагт гурваас доошгүй удаа PCR өгөөд явдаг. Гэтэл тусдаа бэлтгэсэн жолоочдыг явуулж, бидний эрх ашгийг зөрчих гэж байгааг ойлгохгүй байна.

Ард нь 7000, ар гэрийнхэнтэйгээ нийлээд 14 мянган жолооч ажилгүй үлдэж, өр зээлд дарагдаад байгаа. Бараагаа татаж авч чадахгүй байсаар худалдаачид ч сөхөрлөө.

Жолооч нарын зүгээс өөрсдөө үнэ тогтоосон зүйл хэзээ ч байхгүй. Эрээнээс тогтоосон үнийн дагуу л ачаа бараагаа тээвэрлэдэг. Тиймээс бидний зүгээс Эрээнээс гарч байгаа бараа, бүтээгдэхүүнийг хуучин үнээр нь явуулъя. Ингэснээр тээвэрлэлтэд доголдол үүсэхгүй гэхээр цэрэг, цагдаагаар хамгаалуулах асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Төрөөс тээвэр зохицуулалт хийнэ, үнийн хөөрөгдлийг багасгана гэж ярьдаг ч үнэндээ өөрсдөө улам өсгөчихлөө. Энэ үнийг Авто тээврийн үндэсний корпорац гаргасан.

Ачаа, барааны анхан шатны эрх мэдэл Эрээнд л байна шүү дээ. Үүнийг зохицуулахын оронд тээвэрчдийг, ажилгүй иргэдийг буруутгах юм. Бид төр, засгаас нэг ч төгрөг гуйгаагүй. Гэтэл тээвэрчин, худалдаачин хоёрын дунд төр худлаа ярьсаар өнөөдөр бодит үнэн нь хөрсөн дээр буулаа. Худалдаачин бараагаа авч чадахгүй, жолоочид ч тээвэртээ явж чадахгүй боллоо" гэлээ.

Ахмад тээвэрчин н.Өлзийсайхан "Ковид гарах үед жолоочид тэндээ  тусгаарлагдаад яваад болж л байсан. Бид хилээр олон удаа орж гарсан, нэг ч жолоочоос халдвар илрээгүй. Гадаадын компанитай тохиролцсон юм уу, зүгээр байсан тээвэрлэлтийг зогсоогоод нэг метр куб ачааг 2000-3000 юаниар /₮ 1,344,930.00/ авчрах гээд байна. Ингээд тээврийн зардал хэд дахин өсөөд иргэдийн нуруунд асар өндөр дарамт учрууллаа. Төр засаг өөрсдөө үнэ өсгөчхөөд жолооч нарт буруу өгөөд байна" гэв.