УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Сүүлийн үед Ардчилсан намд болоод УИХ дахь Ардчилсан намын бүлэгт үүсээд байгаа асуудал иргэдийн дунд олон эргэлзээ төрүүлж байна. Тус намаас сонгогдсон гишүүний хувьд эдгээр асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Миний бие 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд улстөрчийнхөө хувьд хэд хэдэн асуудал дээр төвлөрч үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тухайлбал, хэт олонх болсон эрх баригчдын нийгэм, эдийн засгийн асуудал дээр баримталж байгаа алдаатай бодлого шийдвэрүүд, төрийн алба болоод төрийн өмчийн томоохон компаниудад хийгдэж байгаа хууль бус томилгоонууд, томоохон бүтээн байгуулалтын ажил нэрээр улсын төсвийн хулгайн асуудлуудын талаар ярьж, тэмцэж ирсэн. Энэ хугацаанд би ямар нэгэн байдлаар намынхаа дотоод асуудал руу орж “гудамжинд” байгаа намынхаа гишүүдийн эсрэг ямар нэгэн үг, үйлдэл гаргаж үзээгүй. УИХ-д Ардчилсан намыг төлөөлөн сууж байгаа гишүүд биднийг иргэд сөрөг хүчний үүргийг гүйцэтгүүлэхээр сонгосон. Тиймээс сөрөг хүчнийхээ үүргийг нэр төртэй биелүүлэх ёстой гэж үздэг. Сүүлийн үед УИХ-д сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх үүрэг хүлээхийн сацуу нам дотор үүссэн дотоод асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Гэхдээ маргалдаж байгаа талууд болох С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн талууд аль аль нь өөрсдийн байр суурийг хамгаалж Улсын дээд шүүх (УДШ)-ээр асуудлаа шийдүүлэх оролдлого хийсэн. Уг асуудлыг УДШ авч хэлэлцээд нэг л шаардлага тавьсан.

“Та бүхэн намынхаа дотоод асуудлыг дотооддоо шийд. Улсын дээд шүүх танай намын дотоод асуудлыг шийдвэрлэхгүй. Та нар нэг албан бичгээр, нэг тамгатай, нэг даргын асуудлыг бидэнд оруулаад ирвэл, намын бүртгэлийн асуудлыг бүрэн шийдээд өгье” гэсэн. Харамсалтай нь маргалдаж байгаа талууд харилцан буулт хийгүйгээр өөр өөрсдийн зөв хэмээн үзэж, хэд хэдэн удаа УДШ-ийг хуралдуулсан боловч УДШ-ийн байр суурь хэвээр байна. Маргалдаж байгаа хоёр тал хоёулаа МАН-ын дарга нар дээр хадаг барьж очиж “Манай намын асуудлыг шийдэж өгөөч” хэмээн гуйж байна. Энэ бол маш буруу үзэгдэл. УДШ-ийн гаргасан шийдвэрийн дагуу дотооддоо асуудлаа шийдэхийн тулд харилцан нэгэндээ буулт хийж, асуудлаа шийдэх шаардлагатай. Асуудлын гол нь бидэнд бий. Бидэнд намын асуудлаа дотооддоо шийдэх бүрэн боломж байгаа. Тиймээс харилцан буулт хийх хэрэгтэй. Тал талаасаа ажлын хэсэг гаргаад, хэн нэгэн нь даргалаад, намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, хамтраад намын даргаа солих ажлаа эхлүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүйгээр МАН-ын дарга нараар асуудлаа шийдүүлдэг байж болохгүй. Тиймээс би нэг л байр суурьтай байгаа.

Бид дотооддоо эв нэгдлээ хангаж, дотроо асуудлаа ярих ёстой. МАН-тай хүзүү сээрээрээ холбогдох биш, эрх баригчидтай алалцаж байж намынхаа тамга, даргын асуудлыг шийдвэрлэнэ гэж үздэг. Тийм ч учраас би өнгөрсөн зургадугаар сард “Эв нэгдэлтэй Ардчилсан нам” хөдөлгөөнийг эхлүүлж 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж “Эв нэгдлийн их хурал” хуралдуулах санаачилга өрнүүлээд явж байгаа. Одоогийн байдлаар 85 мянган гишүүний гарын үсэг цугларчихаад байна. Манай намын зарим нөхдүүд 100 мянган гишүүд дэмжигчдийн гарын үсэг цуглуулах ажлыг дөрвөн аймаг, гурван дүүрэг дээр гацааж байгаа.

-Шулуухан асуухад, та “Эв нэгдлийн их хурал”-ыг хуралдуулахаар зорьж байгаа нь намын дарга болох санаа агуулж байгаа гэсэн үг үү. Тэгвэл АН хоёр биш гурав хуваагдах юм биш үү?

-“Эв нэгдлийн их хурал”-ыг хуралдуулснаар би намын дарга болох гээд байгаа асуудал ерөөсөө ч биш. Намын их хурлыг нь хуралдуулаад өгье. Тэнд маргалдаад байгаа талуудаас намын даргад нэрээ дэвшүүлэх хүмүүс нь нээлттэй өрсөлдөөд, намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, гарсан шийдвэрийг УДШ-д бүртгүүлье гэсэн ганцхан зорилготой. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж, намын даргаа Намын их хурлаас сонгодог өөрчлөлтийг тус их хурлаас хийх юм. Уг өөрчлөлтөө УДШ-д бүртгүүлсний дараа 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаас сонгогдож ирсэн төлөөлөгчид, ҮБХ-ны гишүүдээ оролцуулсан намын их хурлаа хийж намын даргаа сонгоё гэж байгаа юм. Ингэж чадвал бид Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг богино хугацаанд шийдэх боломжтой.

-Саяхан О.Цогтгэрэлийн талаас таны хэлж байгаатай ижил төстэй хурал зохион байгуулж, даргаа томилсон ч хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр таны зохион байгуулахаар төлөвлөсөн “Эв нэгдлийн их хурал”-ыг үгүйсгэх асуудал гарах юм биш үү?

-УДШ-ээс Ардчилсан намын 2017 оны дөрөвдүгээр сард хуралдсан ҮБХ-ны гишүүдийн хурлыг хүчинтэй хэмээн үзсэн. Тийм учраас тухайн үеийн ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулаад “Эв нэгдлийн их хурал”-ыг хуралдуулж болно. Энэ хурлаас маргалдагч талуудын аль нь УДШ-д бичиг хүргүүлэхгүйгээр зөвхөн хурал зохион байгуулагчид албан ёсны бичгээ УДШ-д бүртгүүлж, хурлаас гарсан Намын дүрмийн өөрчлөлтийг УДШ-д бүртгүүлж болно.

-УИХ-ын нөхөн сонгууль болоод, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ даргын талаас нэр дэвшигчдийг холбогдох байгууллагууд албан ёсны хэмээн хүлээн зөвшөөрч, бүртгэсэн. Энэ үйл явц аль нэг талд нь хууль ёсны эрх мэдэл байгаа гэдгийг тодотгоод өгчихсөн юм биш үү?

-Хэдийгээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын нөхөн сонгууль С.Эрдэнэ даргатай талын тамга тэмдэгтэй бичиг баримт дээр үндэслэн явагдсан боловч намын гишүүд, дэмжигчдийн дийлэнх олонх нь О.Цогтгэрэлийн талд байна. Өөрөөр хэлбэл намын гишүүд, дэмжигчдийн дийлэнх олонх нь “С.Эрдэнэ дарга аа, та одоо боль оо. Та 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа намаа ялагдуулсан хойшоо суу” хэмээн хүсч байна. Намын дийлэнх олны хүсэл ийм байхад С.Эрдэнэ дарга суудалтайгаа зууралдаад байгааг буруу гэж үзэж байгаа. Тийм учраас “Эв нэгдлийн их хурал”-ыг зохион байгуулж, маргалдагч талуудыг ойлголцуулахыг зорьж байгаа юм.

-Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэгт үүсээд байгаа асуудал ямар учиртай юм бэ. АН-аас томилсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг хууль бусаар огцруулах оролдлого хийгээд байгаа юм уу?

-Миний хувьд сөрөг хүчнийхээ үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Бусдаар албан тушаалын хэрүүл тэмцэлд орооцолдох дургүй. Манай намд албан тушаалын төлөөх хэрүүл тэмцэл хаа сайгүй байна.

-Үнэндээ танай намд булаацалдаад байх тийм их албан тушаал, эрх мэдэл байгаа юм уу?

-Үнэндээ манай намд хоёрхон албан тушаал байна. Нэг нь намын дарга, нөгөөх нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга. Хэрэлдээд байх юмгүй хоёрхон албан тушаал дээрээ хоорондоо хэрэлдчих юм. Бид нийгэм, эдийн засгийн доройтол, иргэдийн ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл, гадаад өр, хил гаалийн асуудал гэх мэт эрх баригчдын шийдэж чадахгүй байгаа олон асуудал дээр сөрөг хүчнийхээ байр суурийг хүчтэй илэрхийлэх үндсэн ажлаа хиймээр байна. Иргэдийн эрх баригчдын сонорт хүргэхийг хүсч байгаа асуудлуудын талаар ярих ёстой. Гэтэл үндсэн ийм асуудлаа ярихгүйгээр намын дарга, бүлгийн дарга гэх хоёрхон албан тушаалын төлөө хэрэлддэгээ боль. Манай намын УИХ-ын гишүүд урагшаа хараад өөр өөрсдийн оногдсон ажлаа хиймээр байна. Нэгэнт намын гишүүдийн олонх нь “Бүлгийн даргын ажлаа хийж чадахгүй байна” гэж үзэж байгаа бол бүлгийн даргынхаа албан тушаалыг өгчих хэрэгтэй.

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байгаа энэ үед сөрөг хүчний байр суурь, үзэл бодол хүчтэй байгаасай гэж хэн хүнгүй л хүсч байна. Харамсалтай нь бодит байдал өөрөөр эргэчихээд байна л даа?

-Хэдийгээр Ардчилсан нам дотооддоо маргаантай байгаа нь үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ манай нам нийгэм, эдийн засаг,хил гаалийн хүндрэлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Эрээнээс Улаанбаатар чиглэлд өмнө нь гурван сая төгрөгөөр тээвэр хийж байсан бол 2020 оны арванхоёрдугаар сард есөн сая төгрөгт хүрч гурав дахин өссөн. Энэ үед БНХАУ-аас тавьсан шаардлагыг манай улсын Засгийн газар зохих түвшинд хийж гүйцэтгээд, Шадар сайд хил гаалийн асуудал хариуцдаг, УОК-ын даргын хувьд газар дээр нь очиж ажиллах талаар шаардлага тавьж байсан. Харамсалтай нь энэ асуудлыг тухайн үед нь шийдэхгүй, ужгируулснаар өнөөдөр Эрээнээс Улаанбаатар чиглэлийн тээврийн өртөг 70 сая төгрөг хүрчихсэн байна. Энэ бол эрх баригчдын асуудлыг хойш тавьдаг, хариуцлагагүй ханддаг, нэгэн рүүгээ бухдаг, шийдвэр гаргачихаад түүнийхээ хойноос явдаггүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй найр тавьдаг үлгэн салган байгаатай холбоотой. Эрх баригчдын будилж байгаа олон асуудлууд байна. Хуримтлагдсан олон асуудал бий. Сөрөг хүчин бидэнд хийх ажил их байна. Харамсалтай нь манай намын УИХ-ын гишүүд эдгээр асуудлыг ярихгүй эрх баригчдаар намын даргын асуудлаа шийдвэрлүүлэхээр, нэг хөнжил гудсанд орсон асуудлаас болоод ажил урагшлахгүй байна.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ҮХЦ-д гомдол гаргасан асуудлыг юу гэж харж байна вэ?

-Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрх барьж байхад МАН-ынхан давхар дээлний асуудлыг маш хүчтэй тавьж, нийгэмд пропаганда явуулсан нь 2016 оны УИХ-ын сонгуулиар олонхын санал авахад нөлөөлсөн. Тийм ч учраас МАН хэлсэн үгэндээ хүрч 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилох тухай заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан нь зөв байсан. Өнөөдөр ганц хоёрхон яамнаас бусад яамыг мэргэжлийн сайдууд удирдаж байгаа. Ер нь мэргэжлийн сайд нь салбараа удирдана гэдэг бол урт хугацаандаа үр өгөөжтэй. Учир нь мэргэжлийн хүний ур чадвар, салбарын онцлогоо мэддэг ойлгодог мэргэшсэн байдал нь асуудлын шийдэл олох, шийдвэр гаргахад үр нөлөөтэй. Үнэндээ гаднаас томилогдсон сайдууд олонх болсон УИХ-ын амбицтай гишүүдийн дунд орж ирээд чадваргүй мэт харагдах, асуудлаа танилцуулж, шийдүүлж чадахгүй байх тохиолдол байгааг үгүйсгэхгүй. Дээрээс нь УИХ-ын гишүүд санаатайгаар сайд нарын асуудлыг унагаадаг, тэднийг ур чадваргүй, муухай харагдуулах зүйл маш их хийж байгаа. Үүний цаад зорилго нь өөрсдөө давхар дээлтэй болж УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хаших хүсэлтэй нь холбоотой. Олон гишүүд дараагийн сонгуулиар дахин сонгогдохгүй. Тухайлбал, олон жил УИХ-д суусан мөртлөө юу ч хийгээгүй МАН-ын гишүүд, авлига албан тушаал, гэмт хэрэгт холбогдсон гишүүд дахин сонгогдохгүй. Тийм учраас тэд юу хүсч байна гэхээр УИХ-ын гишүүн байгаа дээр сайдын суудалд суухыг хүсч байна. Тийм учраас давхар дээлний асуудал бол МАН Засгийн газраа тогтвортой байлгахтай холбоотойгоос гадна МАН-аас дахиж сонгогдохгүй гишүүдийн шуналыг хазаарлахтай холбоотой асуудал юм. МАН-ын гишүүдийн энэ хүсэл, шуналыг биелүүлэхийн тулд манай намын гишүүд ҮХЦ-д давхар дээлний асуудлаар хандсан нь улс төрийн хувьд хамгийн гутамшигтай зүйл.

-Нэг намаас сонгогдсон гишүүд, журмын нөхдийн хувьд та бүхэн энэ асуудал дээр санал бодлоо хэлж, зөвлөгөө өгч болоогүй юм уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал органик хуулиар шийдэгддэг. Тийм учраас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг найман жилийн хугацаанд өөрчилж болохгүй талаарх зүйл заалт Үндсэн хуульд заагдаагүй. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заагдсан. Тийм учраас одоогийн парламент бүрэлдээд хоёр жил болж байгаа боловч ҮХЦ гомдлыг хүлээн авбал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Манай намын гишүүдийн тухайд бид ҮХЦ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой гомдол хүргүүлэх гэж байгаа тухайгаа мэдэгдэхгүйгээр асуудал тавьсан. ҮХЦ-д иргэн хүний хувиар гомдол гаргах эрх нь Монгол Улсын иргэн бүрд бий. Харин улс төрийн үйл явцын тухайд энэ маш буруу үзэгдэл гэдгийг дахин хэлье.

П.Батзаяа