Улаан сарнай

 

1973 оны зун, 6 дугаар анги төгссөн жил. Зуныхаа амралтаар хотоос холгүй, холгүй ч гэж дээ, ердөө энэ Зайсанд эмээтэйгээ зусч байсан юм. Тэр үед Зайсанд өнөөдрийнх шиг ийм их шавааралдсан олон байшин барилга, хороолол хотхон байсангүй. Сайхан зүлэг ногоотой уужим тавиу дэнжтэй, уулнаас урсаж буудаг голтой, энд тэнд хэсэг бусаг хайлаас, тоорой ургасан байдаг сан. Тээр дээр баруун ууланд модны хаяанд Сүрьеэгийн эмнэлэг, бүр наана дунд хавьд нь хэдэн айлын цагаан байшин, түүний дээхнэ хоёр эгнээ гудамжинд хашаатай айлууд, доохно нь Халдвартын эмнэлэг, Зайсан толгойн зүүн урд хөл дор өнчин хүүхдүүдийн асрах газрын хоёр бор модон байшин, зүүн хөл дор нь Хүүхдийн эмнэлэг байсан юм. Тэгээд тээр доор Хөдөө аж ахуйн дээд сургууль, 32 дугаар дунд сургууль, сүүлдхэн нэмэгдсэн Мал эмнэлгийн хүрээлэн гээд, өөр юм үгүй.

 

Цагаан байшингуудын дээд талд бамбалзуур намагтай ширэг зүлгэн дээр хүүхдүүд хөл бөмбөг их тоглоно. Нэг өдөр тоглож байтал зэргэлдээ ангийн хүү Даваапүрэв тааралдлаа. Сансарын 21 дүгээр байрных. Сайд нарын 21 гэдэг байсан юм. Сайд, дарга нарынх, генерал хурандаа нарынх, төр засгийн албан хаагчдынх олноор байдаг болохоор тэгж нэрлэдэг байсан. Майдар даргынх, Жасрай гуайнх, Миеэгомбо гуайнх, Салдан сайдынх, Ёндон генералынх, өөр хэн хэнийх ч байсан юм бэ дээ.

Ер нь бусад байрнуудад ч олны танил алдартнуудынх байх. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсан, Батлан хамгаалахын сайд Б.Дорж, нэрт кино найруулагч Жигжид, Богд хаанд тоглосон Ардын жүжигчин Н.Цэгмид, Гомбосүрэн, Хайдав, дуурийн дуучин Уртнасан, морин хуурч Чулуун, Соёл-Эрдэнийн Галсанбат, Батсайханых, Ардын зураач Чогсомынх, Төрийн шагналт яруу найрагч Гайтавынх, олон Элчин сайд, дипломатуудынх байх. Орос хэлний гэгддэг доктор С.Галсан, Дамдин аварга, олимпийн өвөө Магваных гээд тоочоод байвал дуусахгүй.

Даваапүрэвийн аав нь Гадаад яаманд ажилладаг, дипломат курьер буюу дипломат шуудан зөөгч гэдэг чухал алба хашдаг хүн байсан. Есдүгээр ангид орохдоо бид нэг ангид хамт сурах болж билээ. Би нэгдүгээр эгнээний хойноосоо хоёрдахь ширээнд, Бачаа буюу Батжаргалтай хамт сууна. Миний ард Даваапүрэв, хажууд нь сая Төрийн соёрхол хүртсэн мэс заслын их эмч Алтангэрэл суудаг байсан юм. Аагий хөгжим сайн тоглоно. Басий гитар, удар гоё тоглодог, заримдаа Хэрлэн рестораны хөгжимчин ах нарын гарыг амраадаг байлаа. Аргил гитар, бөмбөрийг тэгж нэрлэдэг байсан юм.

 

Бачаагийнх бас Сайд нарын 21-д. Аав нь Цэдэнбал даргын комиссар буюу бие хамгаалагч нь. Бачаа төгсөөд Германд явж суралцсан. Ерээд оноос хойш “Сандоз” компанийг байгуулан бизнес эрхлэх болсон билээ. Миний харалдаа хоёрдугаар эгнээнд Дамдин аваргын охин Цэцэгдарь сууна. Аваргын охин аварга том биетэй. Гэхдээ л Хөгжим бүжгийн сургуулийн балетийн дугуйланд явдаг байсан юм даа. Ингээд яриад байвал ангийнхнаа бүгдийг нь тоочих болох нь.

 

Даваапүрэв тааралдаад хэлж байнаа:

-Хүүе, чи сонссон уу?

-Юу сонссон уу гэж?

-Танай ангийн Баярхүү алуулчихсан!...

-Юу гэнэ ээ?

-Тийм ээ. Баярхүү алуулчихсан!

Эхлээд би чихэндээ итгэсэнгүй. Хүн ийм жоохноороо, ийм хүүхдээрээ үхчихнэ гэж ёстой санаанд буухгүй байлаа. Тэгээд ч Баярхүү бид хоёр сайн найзууд байсан юм. Лав л нэгдүгээр ангиасаа дөрөв төгстлөө үй зайгүй найзууд байсан. Тэднийх Цагаан даваанд гэрт амьдарна. Аав нь хот хоорондын тээврийн жолооч. Машиных нь кабин дээр өчнөөн олон улаан таван хошуу зураастай байдаг сан. Тэднийхээр хааяа очихоороо аавынх нь машины хаалган дээрх тэр таван хошуунуудыг бахдан харж, тоолж зогсдог сон. Нэг таван хошуу нь зуун мянган километр явсныг илтгэнэ. Тэгэхээр хэчнээн ч их явсан юм бэ дээ.

 

Манай зэргэлдээ байранд Саятан жолооч Самбуу гуайнх байх. Хааяа байрны гадаах талбайд машинаа тавьсан байхыг нь харахад гоё байдаг сан. Нэг сая километр явсан гэсэн үг л дээ. Манай дэлхий бүслүүлээрээ 40 мянган км. Тэгвэл Самбуу гуай дэлхийг хэдэн удаа тойрсон байх вэ? гээд л хүүхдүүд бахархан ярилцдаг байж билээ.

Ингээд ангийн найз маань байхгүй болжээ. Тавдугаар ангид орсноосоо хойш бид хоёр нийлэх нь багасч, мань хүн дошныхоо томчуултай нийлдэг болж, ер нь л өөр явдлаар явах болсон юм. Маргааш нь би эмээдээ хэлж хот орж гэртээ ирээд хотод байсан ангийнхантайгаа утсаар ярьж сургууль дээрээ уулзацгаалаа. Ангийн багш ч ирсэн. Ихэнх хүүхдүүд зуныхаа амралтаар хөдөө явчихдаг байсан тул ангийнхны тэн хагас нь ирсэнгүй.

 

Ингээд гэрт нь очицгоолоо. Баярхүү айлын ганц хүүхэд байсан юм. Аав ээж нь биднийг хараад ёстой үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү байсан даа Ажил явдал нь болдгоороо болж, хөдөөлүүлэв. Манай ангийнхан ч оролцлоо. Ангийнхан маань ярьцгааж байна. Мань хүн найз охинтой болжээ. Тэгээд найз охиныхоо төрсөн өдрөөр нь цэцэг бэлэглэх гэж Сэлбэ голын баруун талд байх ногооны хашаанаас цэцэг авахаар шийджээ. Сэлбийн гүүрний баруун хойд талд, одоогийн Орчлон сургууль, MCS-ийн хаус хорооллын тэр газарт бидний  нэрлэдгээр ногооны хашаа, албаны нэрээр бол Залуу байгальчдын станц байдаг байсан юм. Томоо газартай, олон янзын мод бут, цэцэг ногоо тарьж ургуулдаг байлаа. Намар болохоор хүүхдүүд хашаанд нь сэм орж үрэл, давжаа алим, бас өөр жимс ч түүж иддэг сэн. Тэнд бас шилэн хүлэмжтэй, тэр дотор нь олон төрлийн гоё гоё цэцэг тарьдаг байж.

 

Тэр цэцгүүд Цеденбала-Филатова гуайн мэдлийнх гэж сүүлд сонссон. Тийм ээ, хүмүүс Ажаа мама гэдэг байсан даа. Тэр үед Монголд одоогийнх шиг цэцэг хэрэглэх соёл бараг байсангүй. Тэр тусмаа хүмүүс бие биендээ цэцэг бэлэглэх соёл түгээмэл байгаагүй юм. Тийм учраас цэцэг олдох нь ёстой өдрийн од, эрээд олдохгүй эрдэнэ байлаа.

 

Баярхүү тэр цэцэгнүүдийг тусгай зориулалтынх, шуудхан хэлэхэд Цеденбала-Филатова гуайнх гэж яахан мэдэх билээ. Найз охиндоо цэцэг бэлэглэх гээд л тэр шөнө тийшээ оржээ.

 

сонин mn

 

 

Гай болоход ногооны хашааны манаач мэдээд нэг хашгирч, мань хүн ч баригдана гэхээсээ айгаад ум хумгүй зугтжээ. Араас нь манаач өвгөний буу тасхийж...

 

Ай, алдрай насны хайр дурлал аа гэж. Ухаан сууж амжаагүй гэнэн бага насны, хиргүй ариухан хайр аа гэж.

 

 

 

 

Хөдөөлүүлэх үеэр ээж нь хачин болж, шарилыг нь тэврэн энэлэн хайлж байснаа өндийн ирж:

 

-Хүүг минь өг! Хүүг минь өг! Орос авгай, хүүг минь өг! хэмээн орь дуу тавин хашгирч байж билээ. Хүүгийнх нь цээжин дээрээ зөрүүлж тавьсан гарт нь цусан улаан өнгөтэй сарнай цэцэгс атгаастай байлаа...

 

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.

 

 

Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар