Т.АМАРТҮВШИН

 Улс төрийн сөрөг хүчин байх ёстой Ардчилсан нам дотооддоо зөрчилдсөөр гурван он дамжив. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш эхэлсэн намын даргын төлөөх өрсөлдөөн өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Намын даргаа бүртгүүлэх гэсэн хоёр талын хүсэлт нь Улсын Дээд шүүх /УДШ/-ийн “босго давалгүй” унаж буй. УДШ-д 2021 оны арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд АН-ын бүртгэлтэй холбоотой нийт 14 албан бичиг, хүсэлт ирснийг шүүх авч хэлэлцэж, АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх тухай хүсэлтээс шүүх татгалзсан билээ. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдсан АН-ын Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж  шүүх үзэж, тус их хурлыг хуралдуулсан Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороог хүчин төгөлдөр хэмээн үзсэн юм. Түүнчлэн УДШ-ийн тогтоолд, АН Үндсэн дүрмийнхээ дагуу намын даргын сонгуулиа дахин зохион байгуулж, зохих ёсоор сонгогдсон этгээдийг ёсчлон батламжилсан талаарх холбогдох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр намын даргыг бүртгүүлэх хүсэлтээ гаргах боломжтой талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл нарын тэргүүлж буй АН-ын Дүрмийн хороо, ҮБХ-г шүүх хүчин төгөлдөр хэмээн үзсэн.

 Иймээс И.Мөнхжаргал даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороо намын даргынхаа сунгааг зарлахаар зэхэж буй. Өчигдөр тус Дотоод сонгуулийн хороо хуралдаж, намын даргын сунгааг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх байсан ч ирэх сарын 9-нийг хүртэл хурлыг хойшлуулсан. Тэгэхээр ирэх сарын эхээр АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, намын даргын сунгаагаа зарлах болж байна.Харин намын даргын суудлаасаа тас зуурч суугаа С.Эрдэнэ ажин түжин. Тэдний зүгээс “О.Цогтгэрэлийн тал шүүхийн шийдвэрийг гуйвуулан тайлбарлаж байна. С.Эрдэнэ албан ёсны дарга” гэхээс өөр дорвитой тайлбаргүй байгаа. Уг нь С.Эрдэнэ өөрийгөө намын дарга гэж үзэж буй бол намын даргын сунгааг зарлаж, дараагийн хүндээ тамгаа шилжүүлж өгөх учиртай. Гэвч  намын даргаа өгч, шинэ дарга тодруулах тухай үг сүүлийн үед түүнээс унасангүй. Харин олонхийг бүрдүүлж буй О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан удахгүй хөдөлгөөнд орж эхлэх бололтой. Тэгэхээр Сар шинийн дараахан АН-ын даргын төлөөх шинэ марафон эхлэх нь. АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын өгч буй тайлбараар, өмнө нь намын даргын сунгаанд өрсөлдөж байсан нөхөд төдийгүй, М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн нь ч намын даргын төлөөх сунгаанд өрсөлдөх боломжтой гэдгийг тодотгож буй. О.Цогтгэрэл намын даргад дахин өрсөлдөнө гэдгээ албан бусаар мэдэгдчихээд байгаа билээ. М.Тулгатын хувьд намын даргын сунгаанд өрсөлдөх эрх нь нээлттэй ч оролцохгүй бололтой. 

С.Эрдэнэ М.Тулгатыг намын даргаар бүртгүүлэхээр УДШ-д өгсөн хүсэлтээсээ татгалзаж, материалаа буцаан авсан. Өөрөөр хэлбэл, М.Тулгат, С.Эрдэнэ хоёрын харилцаа муудсан. Тодруулбал, М.Тулгат, О.Цогтгэрэлтэй тохиролцоонд хүрч, С.Эрдэнээс нүүр буруулсан учраас тэрээр УДШ-д М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээсээ татгалзсан гэх албан бус мэдээлэл бий. Тэгэхээр М.Тулгатыг дэмжих нөхөд ар талд нь байхгүй учраас өрсөлдөхгүй болов уу.АН-ын Үндсэн дүрэмд зааснаар намаа сонгуульд ялагдуулсан удирдлага намын даргад өрсөлдөх эрхгүй. Иймээс С.Эрдэнэ, Ц.Туваан, намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нарын намын лидерүүд дотоод сонгуульд өрсөлдөх эрхгүй гэсэн үг. Харин өмнө нь АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байсан Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар өрсөлдөх боломжтой ч дахин даагаа нэхэх нь юу л бол. С.Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын аль алиных нь талыг алдалгүй хоёр талд гүйж байгаа эрхэм бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. УИХ дахь АН-ын бүлгийн хуралд суулгүй олонхийн шийдвэрийг дагаж байсан тэрбээр сүүлийн үед бүлгийн дарга Д.Ганбатын “үгэнд орж” хуралдаа суух болсон. Намын даргад өрсөлдөх боломжтой улстөрчийн нэг. Далаад оныхон буюу Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, З.Нарантуяа нарын намын лидерүүд нь түүнийг дэмжих боломжтой билээ. Гэхдээ эвлэрэх гэж ядаж буй намаа дахин хагалахгүй байх талаа бодолцож Б.Пүрэвдорж намын даргын сунгаанд оролцохгүй байх магадлалтай. С.Эрдэнийн зүгээс намын даргын сунгааг зарлавал, хамгийн түрүүнд өрсөлдөх хүн нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат. Гэхдээ албан ёсны гэж хэлж болохоор дээрх намын даргын сунгаанд Д.Ганбат өрсөлдлөө гэж бодоход амжилт үзүүлнэ гэж хэлэхэд бэрх. Бүлгийн хурлаа хуралдуулж чадахгүй байгаа түүнд намын хувь заяаг гишүүд нь даатгахгүй биз. Гэвч “Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй “ гэгчлэн тэрээр нэрээ дэвшүүлэх магадлалтай.

Намын даргаа тодруулах дотоод сонгуулийн асуудал дөнгөж яригдаж эхэлж байгаа учраас нэр дэвших боломжтой эрхмүүд одоохондоо сонирхлоо илэрхийлээгүй байна. Дотоод сонгуулийн тов зарлагдах үеэс намын даргад өрсөлдөх эрхмийн тоо нэмэгдэх боломжтой. Нөгөө талаар цаасан сонгуулиар олонхийн дэмжлэг авч явсан О.Цогтгэрэлтэй хүчтэй өрсөлдөх лидер АН-д байхгүй байж мэдэх юм.Түүнчлэн УДШ түүнийг намын даргаар бүртгээгүй ч, тэрээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газар гээд намынхаа бүтцийг бүрдүүлсэн. Энэ талаас нь харвал О.Цогтгэрэл сунгаанд ялалт байгуулах боломжтой. Дээр хэлсэнчлэн О.Цогтгэрэл өмнө нь олонхийн дэмжлэг авснаас үзэ­­хэд, намын даргаар дахин сонгогдох боломж хамгийн өндөр юм. Тэгэхээр дахин зарлагдах намын даргын төлөөх сонгуульд О.Цогтгэрэлтэй хүчтэй өрсөлдөх эрхэм гарч ирэх нь эргэлзээтэй билээ.

Нөгөөтэйгүүр АН-ын даргыг бүртгэх асуудал ээдрээтэй байгааг санууштай. Учир нь УДШ-д “далдын хүч” өнгөрсөн хугацаанд хангалттай нөлөөлж ирснийг мартах учиргүй. С.Эрдэнэ тойрон хүрээлэгчдийнхээ хэмжээнд намын дотоод сунгаа зохион байгуулж, шинэ дарга “төрүүлбэл”, шүүх түүнийг нь “шүүрэн авах” боломжтой билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН шүүхийн өмнө “сөхөрч” буйг санахад илүүдэхгүй. Улс төрд сөрөг хүчний орон зай үгүйлэгдэж буй энэ үед АН эв нэгдлээ хангаж, эрх баригчдын алдаа оноог дэнслэх нь юу юунаас чухал байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН