Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна. 

Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх бөгөөд үүний дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хичээл 100 хувь танхимаар үргэлжилнэ.

Хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед 100 хувь танхимаар зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдад хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд ажиглагдаж байна.

Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас нэг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй. Цаашдаа буурах байх хэмээн найдаж байна.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг хөл хязгаартай зохион байгуулахыг хүсэж байна.

Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиуд хоёрдугаар сарын 7-нд цахимаар 14 хоног эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ. Сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэг дагаж амардаг байсан. Сүүлийн хоёр жил хөл хориотой байсан ч аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулна.

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд өчигдөр гарын үсэг зурсан билээ.

Шадар сайд С.Амарсайхан “Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэн боловсруулж, хоёр тал албан ёсоор төслийн дараагийн шатны ажлын түвшинд шилжсэн.

Засгийн газар өнөөдөр ТЭЗҮ эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 он хүртэлх эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер, техникийн болон ажлын зургийг боловсруулахад цаг алдалгүй эхлүүлж, ажиллахтай холбоотой үүрэг даалгавар өглөө” гэв.