Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 Төсвийн орлогын гол эх сурвалж бол нүүрс. 2021 оны хувьд нүүрсний экспортын биет хэмжээ 40 гаруй хувиар буурч, татварын орлого 23 хувиар агшсан. Хэдий тийм боловч зах зээлийн үнэ сайн байсны ачаар нүүрсний экспортын орлого 2.8 тэрбум ам.доллар болж, 2020 онтой харьцуулахад 650 сая ам.доллараар өссөн.

Үүнийг түүхэн өсөлтүүдийн нэг гэж хэлж болно. Цар тахлын хүнд цаг үед чамлахааргүй орлого нүүрсний экспортоос бүрдсэн нь энэ юм. Нүүрсний экспортын дундаж үнэ өнгөрсөн онд 170 ам.доллар болж, 2020 оноос даруй 2.5 дахин өссөн билээ. Өсөлтийн үр шимийг улсаараа хүртсэн нь тэтгэвэр нэмэгдэх, урсгал зардлаа төр таслахгүй байлгахад том нэмэр боллоо.

2022 он гарсаар нүүрсний экспорт чингэлэг тээврээр хязгаарлагдаж буй. Гашуунсухайтын боомтоор өдөрт дунджаар 30 орчим чингэлгээр нүүрс гарч байна. Нэг чингэлгийг 70 тонн гэж үзвэл өдөрт ойролцоогоор 2100 орчим тонн нүүрс гэсэн үг. Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд чингэлэг тээвэр ашиглан тодорхой “квот”-оор өмнөд хөршийн зах зээлд нүүрсээ нийлүүлж байна. Тухайлбал, 30 чингэлгийн 18 нь “Эрдэнэс Тавантолгой” компанид, үлдсэн нь орон нутгийн өмчит “Тавантолгой” болон “Энержи Ресурс” компанид оногдож байна. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өмнөд хөрш хорио цээрийн дэглэмээ дахин хатуу чангаруулсан нь нүүрсний авто тээвэр зогсоход хүргэсэн юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох хүртэл нүүрсний экспорт сэргэхгүй нь. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил 2020 оны гуравдугаар сарын 1-нд эхэлсэн. Төмөр замыг ирэх оны хоёрдугаар хагаст буюу 7 дугаар сард ашиглалтад оруулахаар Засгийн газар төлөвлөж буй. Үүнээс цаашаа хугацаа байхгүй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байгаа. Төслийн нийт өртөг нь 1.1 тэрбум ам.доллар. Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг тохирсон. Олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын түвшинд нэгдсэн шийдэлд хүрсэн билээ.  Одоо холбох ажил үлдсэн.

Товлосон хугацаанд нүүрсний төмөр зам ажиллах эсэхээс энэ оны төсвийн орлогын төсөөлөл хамаарах нь. Төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг авч үзвэл, улсад жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт олгоно. Мөн БНХАУ-руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллараас 8 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурна.Нүүрсний экспорт энэ оны эхний сард биет хэмжээгээр 600 мянган тонныг давж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор буюу 75 хувиар бага байв. Орлогын тухайд нүүрсний худалдаанаас 143.7 сая ам.доллар олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 35 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт экспортын 86 орчим хувийг зэсийн баяжмал, алт, нүүрсний экспорт бүрдүүлж байна. Уул уурхайн салбар улсын төсөвт 4.26 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байгаа. Нүүрсний хувьд 36.7 сая тонныг экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолсон. Дээрх чингэлэг тээврийн хурд, тоогоор энэ оны нүүрсний экспортын төлөвлөгөө ихээхэн тодорхой бус байдалд орлоо. Өөрөөр хэлбэл, нүүрсний салбараас төсөвт бүрдэх орлого тасрах эрсдэл биелэлээ олоход ойрхон байна.

Шивээхүрэнгийн боомтоор гарах нүүрсний экспорт зогсоод хоёр сарын нүүр үзэж байгаа. Нарийнсухайтын ордод олборлолт явуулж буй компаниуд уурхайчдадаа ээлжийн амралт өгч, үйл ажиллагаа нь зогссон. Нүүрсний авто тээвэр болон үүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, туслах, ханган нийлүүлэх салбар мөн зогсолт хийлээ. Экспортын орлого бүрдүүлэх нөлөө бүхий түүхий эд нүүрсний гадаад зах зээлийн таамаг өөдрөг хэвээр байгаа. Дэлхийн коксжих нүүрсний эрэлт энэ оны турш тасралтгүй нэмэгдэнэ гэсэн төсөөлөл хөвөрч байна. Коксжих нүүрсний дундаж үнэ 2021 онд 160 ам.доллараас 220 ам.долларт хүрч, нийлүүлэгчдийг урамшуулсан. Энэхүү ханшийн өсөлт 2025 хүртэл хадгалагдах талаар Fitch Solutions мэдэгдсэн. Манай улсын хувьд нүүрсний экспортоос олох орлогоо хоёр дахин нэмэгдүүлэх боломж нь төмөр зам л болж байна. Өөрөөр нүүрсний биет хэмжээг одоо байгаагаас 2-3 дахин тэлэх боломжгүй юм. Тээвэр логистикийн гацаа эдийн засгийн гацаа болж, энэ нь эдийн засгийн алдагдсан боломжийн өртгийг их наядаар нэмэгдүүлсээр.