Б.БОЛОРЧИМЭГ

Хэрэглээний усны үнэ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн. Үнийн нэмэгдлийн талаар холбогдох байгууллагууд мэдээлсэн ч иргэд төдийлэн анхаарч хүлээж аваагүй бололтой.

Нэгдүгээр сарын ус, дулааны төлбөрийн нэхэмжлэхээ аваад бухимдсан иргэд СӨХ болон холбогдох байгууллагад гомдол санал ихээр ирүүлж байгаа аж. Тиймээс хэрэглээний усны үнэ тарифын талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тариф, судалгааны газрын дарга С.Нямдаваатай ярилцлаа.

-Он гарангуут хэрэглээний усны үнэ нэмэгдсэн. Иргэд усны мөнгө хоёр дахин нэмэгдсэнээс болж байрны ус, дулааны төлбөр өндөр гарлаа гэж багагүй бухимдаж байна?  

-Усны үйлчилгээний үнэ нэгээс хоёр дахин нэмэгдээгүй. Орон сууцны хэрэглэгчийн хувьд литр усны үнэ 71 мөнгө байсныг 36 мөнгө нэмэгдээд 1 төгрөг 7 мөнгө болсон. Үүнийг хувиар илэрхийлбэл 50 орчим хувиар нэмэгдсэн. Хэрэглэгчид 2021 онд усны үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцаж байгаад энэ оноос өөрсдөө төлөхөөр “цочрол”-д орсон байхыг үгүйсгэхгүй юм. Үнэ тарифын хувьд бид хамгийн сүүлд 2019 онд зохицуулалт хийсэн. 2019 оноос хойш үнэ тарифт ямар нэгэн зохицуулалт хийлгүй гурван жил болсон. Усны үйлчилгээ олон үе шатыг дамжиж хэрэглэгчийн гар дээр очдог. Тиймээс зардал өндөртэй. Нөгөө талаар макро түвшинд валютын ханш, инфляц, цахилгаан дулааны үнэ зэрэг шууд нөлөөлдөг. Гэр хорооллын усны үйлчилгээнд гэхэд тээврийн зардал шатахууны үнэ нэмэгдсэн нь нөлөөлж байна. Энэ бүхэн өсөлт сүүлийн гурван жилд хэрхэн өөрчлөгдсөнийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор усны үйлчилгээний үнэ тарифыг 2022 оны нэгдүгээр сараас зайлшгүй өөрчлөх шаардлага үүссэн. Салбар нь өөрөө өндөр зардалтай учраас яг одоогийн энэ тариф ч зардлыг нөхөж чадахгүй байнгын алдагдалтай явж байна. 50 хувиар нэмлээ гээд салбарын алдагдлыг нөхөж чадахгүй.-Өнөөдрийн байдлаар танай алдагдал хэдэн төгрөгт хүрсэн бэ?

-Дэлхийн жишигт бол улсаасаа тотаци авдаг салбар юм билээ. Манайд бол ийм зүйл байдаггүй. Удахгүй шинэ цэвэрлэх байгууламж ашиг­лалт орно. Тэгэхээр хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол гээд үйлчилгээний зардал улам өснө. Энэ бүхэнтэй уялдуулаад тарифын зохицуулалтаа жил жилдээ бага багаар нэмээд явахаар төлөвлөж байна. 

Орон сууцны усны үнэ 50 хувь, гэр хорооллынх 1 дахин гэхээр иргэд маш ихээр нэмэгдсэн юм шиг ойлгоод байна. Гэтэл нэг нь 36 мөнгө, нөгөөх нь 1 төгрөг.  2014 онд усны үнэ 20 гаруй мөнгө байсан бол 2019 онд 71 мөнгө болсон гэхээр жилд дээд тал нь10 гаруй мөнгөөр нэмэгдсэн. 2020 оны байдлаар хуримтлагдсан алдагдал 30 гаруй тэрбум төгрөг бий. Ингээд алдагдалтай ажиллаад ирэхээр ажилчдын цалин бага. Манай салбарын цалин гэхэд л улсын дундаж цалингаас 20-30 хувь бага байдаг. Цалин бага учраас ажиллах боловсон хүчин ч олдохгүй байна. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин бараг байхгүй. 2019 онд гэхэд л ус хангамж, ариутгах татуургын инженер мэргэжлээр суралцаж төгссөн хоёрхон хүүхэд байсан. 2020 онд элсэлт байхгүй анги нь хаагдахдаа хүрч байх жишээтэй. Тиймээс 2021 онд манай байгууллага ШУТИС-той гэрээ байгуулаад ажилтан, мэргэжилтэнгээ сургахаар болсон. Мэргэжилтэн боловсон хүчний хомсдолд орж байна.

-Нийтийн тээврийн салбар шиг байнга алдагдалтай явдаг салбар бол танайх. Ер нь алдагдлаа нөхөх талаар ямар төлөвлөгөөт ажлууд хийж байна вэ?

-Байнгын алдагдалтай явдаг салбар. Ус хангамжийн үйлчилгээ­ний бодит зардлаа ерөөсөө нөхөж чаддаггүй. Хэлсэнчлэн усны үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа өндөр өртөгтэй шугам сүлжээнийхээ элэгдлийн зардлаа нөхөж чадахгүй зөвхөн үйл ажиллагааныхаа зардлаа нөхөж байна. Нэг ёсондоо үндсэн хөрөнгө болох шугам сүлжээний засвар, арчилгааны зардлаа нөхөж чадахгүйгээс насжилт нь уртсаад шинэчлэх боломж огт гарахгүй байна.

-Усны үйлчилгээний үнийг хэдэн төгрөгт тооцож байж энэ салбар алдагдлаа нөхөж чадах тооцоо гарсан юм бэ. Энэ талаарх бодит тооцоолол бий юу?

-Шууд тодорхой тоо хэлэхэд хэцүү. Олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тарифаа үе шаттайгаар нэмээд бодит зардлаа нөхөх зорилготой л ажиллаж байгаагаас урт хугацаанд ашиглагдсан шугам сүлжээндээ засвар, шинэчлэл хийж чадахгүйгээс эвдрэл гэмтэл, аваарь осол гарах эрсдэлтэй болчихсон. Гэр хорооллын усны үйлчилгээний хувьд нэг литр усны өртөг бараг 8-10 төгрөг болж байхад бидний хүргэж байгаа үйлчилгээний өртөг нэмэгдээд 2 төгрөг боллоо.

  Энэ хоёрын зөрүү ямар байна. Жил бүр энэ алдагдлыг үүрээд төрөөс ямар нэгэн дэмжлэг татаасгүй явсаар ирсэн. Аж ахуйн тооцоотой, усны үйлчилгээний үнэ тарифаараа үйл ажиллагаагаа явуулдаг салбар шүү дээ уг нь.

-Орон сууцны усны үнэ 50 хувь, гэр хорооллынх нэг дахин нэмэгдлээ. Үүнийг иргэд өнгөрсөн жил төр даасан усны үнэд хүлээсэн алдагдлаа энэ жил нөхөж байна гэж харж байгаа?

-Сүүлийн гурван жил тарифын зохицуулалт хийгээгүй. 2021 онд Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор цэвэр, бохир усны төлбөрийг төр дааж байгаатай холбоотойгоор үнэд ямар нэгэн өөрчлөлт хийх боломжгүй гэсэн чиглэл өгсний дагуу 2021 онд мөрдөх үнэ тарифаа 2022 онд мөрдөж эхэлсэн. Нэг үгээр хэлбэл 2021 онд бид алдагдлаа бууруулах ёстой байсан бол тэр нь хуримтлагдаад 2022 он руу шилжсэн. Ерөөсөө алдагдлыг бууруулах гэхээсээ өсч байгаа зардлаа нөхөж байна гэж ойлгож болно. Тухайн жилд гарсан зардлаа л нөхөж явдаг. Түүнээс биш өмнө нь байсан алдагдлаа бууруулах түвшинд хүртэл тарифын зохицуулалт хийж чадаагүй.-Үүнээс өмнө хэдэн удаа үнийн өөрчлөлт хийсэн бэ?

-2014 оноос үнэ тарифын зохицуулалтыг манай зохицуулах зөвлөл хийж эхэлсэн. Жил бүр тарифын зохицуулалт хийдэг.

-Усны үнийн зохицуулалт хийхэд гол харгалзаж үздэг зүйл нь юу вэ?

-Үнэ тарифаа нэмнэ гэхээр иргэд шууд ашиг хараад нэмээд байдаг гэж ойлгоод байдаг. Бид үнэ тарифаа нэмэхдээ нэг талаас хангагч байгууллага, нөгөө талаас хэрэглэгчийн эрх ашиг гэсэн байр суурийг судалдаг. Жил бүр зохицуулалт гэж байхаар нэг мөсөн үнэ тогтоож алдагдлаа нөхөж болно л доо. Гэхдээ хэрэглэгчээ хамгийн түрүүнд тавих ёстой. 

Усны үнийн нэмэгдэл нэг өрхийн орлогын 5 хувиас хэтрэхгүй байж зохистой түвшинд байна гэж үздэг. Гэтэл 2-3 дахин үнээ нэмчихвэл нөгөө зохистой түвшин алдагдаад хэрэглэгч төлж чадахгүйд хүрэх учраас хэрэглэгчийн төлбөрийн чадварыг заавал авч үздэг. Тиймээс энэ хоёр балансыг бариад жил бүр үе шаттайгаар нэмж байгаа юм. Яг үнэндээ мөнгөн дүнгээр нь харвал аль ч газраас 71 мөнгөөр худалдаж авах зүйл байхгүй.

 Үнэ нэмэгдээд 1 төгрөг 7 мөнгө болсон, орон сууцных. Харин гэр хорооллынх нэг дахин нэмэгдэж, 2 төгрөг болсон. Үүнд иргэд бухимдаж байж магадгүй юм. 1 төгрөгийн үнэ тариф бол олон жил мөрдөгдөж ирсэн. 30,40 жил нэмэгдээгүй үнэ тарифыг энэ жил 2 төгрөг болгосон. Гэр хорооллын нэг худаг өдөрт 6 тонн ус борлуулдаг.

 Үүнийг 1 төгрөгөөр тооцохоор өдөрт 6000 төгрөг олдог гэсэн үг. Нэг сардаа үржүүлэхээр сард 180 мянган төгрөг. Одоо үнэ нь 360 мянган төгрөг болсон. Үнэ нэмэгдээд ч ус түгээх байрныхаа ажилчны цалинд хүрэхгүй байгаа биз. Үүний цаанаа түгээж байгаа зардал, шугам сүлжээний элэгдэл, шатахууны зардал гээд бодит өртөг нь 10 дахин их байх жишээтэй. Үүнийг хэрэглэгчид маань ойлгох хэрэгтэй байна. 

Хувийн компаниар бодох юм бол жил бүр алдагдалтай ажилласаар байгаад дампуурахаар болж байна шүү дээ. Орон сууцны иргэдийн тухайд бүтэн жил төрөөс төлбөрийг нь төлж байгаад өөрсдөө төлөөд ирэхээр бухимдаж байж магадгүй юм. Нөгөө талаар цар тахлын үед гараа байнга угааж, гэртээ ариутгал халдваргүйтгэл өдөр бүр хийгээд усны хэрэглээ нэмэгдсэн.

-2019 оноос хойш яагаад үнийн өөрчлөлт хийгээгүй юм. Цар тахлын нөлөө 2020 оноос л дэлхий нийтэд мэдрэгдсэн?

-Улс төрийн нөхцөл байдал, цар тахал гээд олон хүчин зүйлээс болоод үнэд өөрчлөлт хийх боломжгүй байсан.

-Үнэ тариф бүсчлэлээрээ өөр өөр байгаа юу?

-Тухайн ус хангамжийн байгууллагын онцлог, хэрэглэгчийн тоо, усаа хаанаас татаж байна гээд олон шалгуураас шалтгаалж орон нутаг бүр дээр өөр өөр байгаа.

-Хамгийн өндөр, хамгийн бага тарифтай нь аль аймаг байгаа вэ?

-Хэрэглэгч бүхэн энэ салбарыг нэг бүрчлэн ойлгохгүй, мэдэхгүй учраас энэ талын мэдээллийг өгөхөөр бусадтайгаа харьцуулаад гомдол санал их тавьдаг учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Цэвэр бохир усны шугам сүлжээ­гээ засч, шинэчилж чадах­гүй­гээс болоод нэг л өдөр дэлбэрч магадгүй гэдэг чинь хамгийн таагүй мэдээ. Гэтэл жил бүр л дулаан, усны шугам засч байна гээд зам хаагаад газар ухаж байгаа харагддаг?

-Мэдээж шугам сүлжээнийхээ урсгал засвараа үнэ тарифаас олж байгаа орлогоос засаад явна. Гэтэл элэгдэл гэдэг зүйл жил бүр л нэмэгдээд насжилт нь тодорхой хугацааны дараа дуусахад шинээр засах, солих хөрөнгөө бид бүрдүүлж чадахгүй байна. Судалгаанаас харахад 70-80 хувийг 30-аас дээш жилийн насжилттай шугам сүлжээ эзэлж байна. 

Өөрийн чинь хэлсэн жил бүр газар ухаад, зам хаагаад засаад байгаа шугам сүлжээ бол яалт ч үгүй засах шаардлагатай болсон хэсэгт хэсэгчилж засвар хийж байгаа нь тэр.-Ер нь та бүхэн цар тахал гарснаас хойш нэг өрхийн усны хэрэглээ хэр болсон талаар судалгаа хийж үзсэн үү?

-Усны хэрэглээ 20-25 хувь нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан. Нэг сард 10 м3 ус хэрэглэдэг байсан айл 12 м3 хэрэглэдэг болсон байх жишээтэй. Нэмэгдсэн өртгөөрөө тооцохоор энэ нь бага зэрэг өндөр гарч байгаа. Гэхдээ 1-2 дахин өсөхгүй. Хэрэглэгчид маань зохисгүй хэрэглээгээ багасгах хэрэгтэй л дээ.

-Нэг айл сард төлдөг төлбөрт нь хэдэн төгрөг нэмэгдэхээр тооцоо гарсан бэ?

-Үнэ тариф нэмэхдээ судалгаа хийдэг. Судалгаанаас харахад дунджаар нэг айлд дээд тал нь 10 мянга орчим төгрөг нэмэгдэхээр байсан.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН