Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачлан, 2014 оны зургаадугаар сарын 9-нд өргөн барьж байсан Шилэн дансны тухай хуулийн төсөл анхны хэлбэрээрээ өмнө минь байна.

Энд хуулийн төсөл боловсруулах үндэслэлдээ “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд ухаалаг төрийн суурь үндсийг бэхжүүлэхэд төсөв, санхүүгийн ил тод байдал чухлаар тавигдаж буй бөгөөд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө  төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авна гэсэнтэй уялдуулан боловсруулав” гэжээ. 

Үнэндээ тухайн үед манай улс Төсвийн ил тод байдлын судалгаагаар 100 орноос 38 дугаарт орж, Украин, Пакистан, Намиб улсын ард жагсаж байсан билээ. Төрийн байгууллага төсвөө ил гаргаж, олон нийт түүнийг нь хянах тухай ойлголт  ч байсангүй. Тиймээс Шилэн дансны тухай хууль нэрнээсээ авахуулаад төрийн түшээ байтугай жирийн иргэдийн нүдийг орой дээр нь гаргаж байсан юмдаг.  Ямартай ч цаг хугацааны явцад энэ хуулийг баталснаар төрийн байгууллагууд орлого, зарлагаас эхлээд өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалтаа хүртэл  ил тод болгоно. Ингэснээр авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм байна гэсэн өөдрөг төсөөлөл үлдэв.  Даанч өргөн баригдсан хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэн батлагдахдаа “угаагдан” загалтсан юм болж өнгөө хувирган гарч ирсэн. Тухайлбал, нэг сая төгрөгөөс дээш гүйлгээ бүрийг тайлагнах заалт 5 сая болж босгыг өндөрсгөв. Дөрвөн зүйл бүхий хариуцлага хүлээлгэх тухай 10 дугаар заалт хууль батлагчдын эрх ашигт үл нийцэн “засагдсаар” ганцхан өгүүлбэр болсноор үндсэндээ хариуцлага гээч гол утга нь алга болчихсон. Тэр нь “Шилэн дансны хуулиа хэрэгжүүлээгүй албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол тэгсхийгээд орхи” гэсэн агуулгатай. Мэдээж албан тушаалтнууд үүнийг өнөөг хүртэл овжин ашигласаар ирэв. Гүйлгээ нь таван сая төгрөгөөс дээш бол хоёр хувааж шилжүүлээд л тайлагналаас бултчихна. 

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэгчлэн шилэн данс хөтөлсөн нэртэй ч яг ороод үзэхээр мэдээлэл харагдахгүй, ор нэр төдий.  Хууль байгаа ч хариуцлага тооцох механизм нь үгүй болохоор ингээд яваад байж болдог хэмээн амташсан. 

Үндэсний аудитын газраас хамгийн сүүлд 2019 онд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтээр 6995 байгууллагын санхүүгийн байдалд аудит хийж, 65 төсвийн захирагчид хариуцлага тооцох санал хүргүүлжээ. Гэвч үнэндээ хариуцлага тооцсон эсэхийг өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд хэн ч олж сонсоогүй.  Тиймээс хуулийг улам чамбайруулах, хууль зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зорилгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн барих гэж байна. 

Төсөлд татвар төлөгчдийн мөнгийг заавал нэг сая, таван сая гэж босго тавихгүйгээр, нэг бүрчлэн тайлагнадаг байх, хуулийг үл биелүүлэгчдэд тооцох хариуцлагыг анхны үзэл баримтлалынх нь дагуу чангаруулах зэрэг өөрчлөлтийг тусгасан. 

Ардчилсан намын бүлэг парламент дахь сөрөг хүчний хувьд Шилэн дансны хууль хэрэгжихгүй байгаа талаар 2020 оны анхны чуулганаас эхлэн ярьж, сануулж ирсэн байдаг. Гэвч хуульд өөрчлөлт оруулаад л асуудал 100 хувь шийдэгдчихнэ гэж найдалтгүй. 

Үнэхээр төрийг тунгалаг болгох, Шилэн дансны хуулийг улам төгөлдөршүүлье гэвэл олон түмний оролцоо туйлаас чухал. Одоогоор Шилэн дансны мэдээллийг  “Шилэн” гэж өөртөө нэр хоч өгсөн нэг нөхөр ухаж төнхөж түүний мэдээллээр сошиалд шуугих төдий байгаа нь нууц биш. 

Гэхдээ түүний үйлдэл чин үнэний төлөө гэхээсээ илүү хар жагсаалтад оруулсан хэсэг нөхөд рүү чиглэж, шилэн дансаар далимдуулан дарамтлах зорилго нь илт анзаарагддаг. Захиалга ирвэл шилэн дансыг нь ухаж, шуугиан тарьчихаад, захиалгагүй бол чимээгүй болчих жишээтэй.  

Харин нийтээрээ төрийн байгууллагын мэдээллийг орж үздэг, үнэхээр зөрчил байна гэж үзвэл аудитын байгууллагад мэдэгдэх эрх уг нь иргэн бүрт нээлттэй. Аудитын байгууллага мөн гомдол гаргасан иргэнд бичгээр хариу өгөх, олон нийтэд мэдээлэх тухай хуульд тусгасан байгаа. Харамсалтай нь, манай иргэдийн оролцоо тун дутмаг байгаа нь гарцаагүй үнэн. Иргэдээс 2018 онд авсан судалгаагаар шилэн дансны талаарх иргэдийн ерөнхий ойлголт тун доогуур байна гэсэн дүгнэлт гарч байжээ. Тухайлбал, судалгаанд хамрагдсан 616 хүний ихэнх буюу 55.2 хувь нь “бага зэрэг мэднэ”, 36.7 хувь нь “огт мэдэхгүй” гэсэн хариулт өгчээ. Ердөө 8.1 нь “сайн мэднэ” гэжээ. 

Энэ тоо өсвөл эрх мэдэлтнүүдийг “байранд нь тавих” зам дардан болох учиртай. Эрх баригчид ч нуух тусам түүнийг нь олж авах үнэ цэнэ улам өндөрсдөг гэдгийг ойлгож хуулиа хэрэгжүүлээсэй. Парламентын үнэмлэхүй олонх УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг цаг хугацаанд нь хэлэлцэх шаардлагатай байна. 

Учир нь өнөөдөр ард түмнээ торгож, шийтгэдэг хуулиудаас илүү авлигач, луйварчдаа шийтгэдэг хууль нэн шаардлагатай байгааг ЖДҮ, концесс, Хөгжлийн банкны зэрэг үйл явдлууд харуулсаар байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН