Төмөр замын салбарт бараг л  насаараа шахуу ажилласан, энгийн ачигчаас салбарын сайд  хүртэл ахин дэвшсэн Л.Халтарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоход тус салбарын олон хүмүүс талархалтай хандаж, салбараа, ажлаа мэддэг мэргэжлийн хүн сайд боллоо, олон ажил урагштай явна байх, зам тээврийн салбар одоо л нэг бодитой хөгжих нь дээ гэж итгэж хүлээж байсан.

Харамсалтай нь Л.Халтар гэдэг хүн ЗТХ-ийн сайдаар томилогдоод 2 жил ажиллаж байгаа боловч түүний гараас нэг ч бүтэлтэй, дэвшилттэй, урагштай ажил гарсангүй. 

Зам тээврийн сайдын эрхлэх ажлын хүрээн дэх 4 салбар болох авто зам, нисэх онгоц, төмөр зам, далайн тээвэр гэх зэрэг салбаруудад энэ хугацаанд ямар ажил урагшилж, ямар ахиц дэвшил гэдгийг эргэн харах цаг аль хэдийнэ болжээ.

Наад зах нь Улаанбаатар-Дарханыг холбосон 200 км замыг салбарын сайд нь шийдвэрлэж чадалгүй 2 жилийн нүүрийг үзэж, энэ хооронд тус зам дээр олон хүн автомашин, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирлоо.

Сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр олон жил яригдаж, ашиглалтанд орсон Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа доголдож, өмнөх Буянт-Ухаад ажиллаж байсан зохион байгуулалтаас илүү дордож, МИАТ дампуурлаа зарлахад ойртож, иргэний нисэхийн салбарынхан ажил хаяхад бэлэн байгаа нь тодорхой болжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэл орой, өглөөдөө бараг 0 зогсолт хийхэд хүрч, иргэд зам дээр сул зогсон ажил амьдралаа алдаж, хөрөнгө мөнгөөрөө “шатаж” байхад салбар хариуцсан сайд нь шийдэл эрж хайхын оронд асуудлыг өөрөөсөө холдуулж, Хотын захиргаа руу хамаг буруугаа чихчихээд, уснаас хуурай гарахыг хичээн суугаа нь харагдаж байна. Зүй нь бол Хотын захиргаатай хамтраад түгжрэлийг бууруулах судалгаа тооцоог хийж, шинээр барих  авто зам гүүрын ажилт, өргөтгөлийн талаар санал шийдэлд хүрч ажиллаж байх ёстой хүн бол Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мөнөөсөө мөн юм.

Түүнийг ЗТХ-ийн сайдаар ажилласан 2 жилийн хугацаанд хот хөдөөд ямар авто зам шинээр ашиглалтанд оров, олон улсын чанартай авто тээврийн салбар хэрхэн хөгжив.

Хариулт дагуулсан дээрх асуултанд бодитой хариултыг ЗТХ-ийн сайд Л.Халтар өгч  чадахгүй ойлгомжтой. Түүний эрхлэх салбарын нэг болох Авто тээврийн Үндэсний төвийнхөн нүүрс тээврийн автомашины чингэлэгийн стандарт тогтоож байгаа нь энэ гээд олон зуун жолооч нарыг  хөрөнгө мөнгөөр хохироож, эл асуудлаа одоо болтол нэг мөр шийдвэрлэж чадаагүй байгаа, ковидын үед тээврийн жолооч нарынг зохион байгуулалтанд оруулан тээвэр хийх нөхцөл бололцоогоор хангалгүй, тэдэнд худал үнэн хэлж, цаг хожих байдлаар амиа аргацааж ирсэн гэх зэрэг олон шалтгааны улмаас газар газрын тээврийн жолооч нар Улаанбаатар хотод ирж, Л.Халтар сайдыг огцоруулах жагсаал хийж, төрийн ордоныг тойрон гороолов.

Эдгээр тодорхой шалтгаануудын улмаас ЗТХ-ын сайд Л.Халтарыг нэг өдрийн ч гэсэн өмнө  гэсэн сайдаас нь чөлөөлж, салбарын үйл ажиллагааг хөшүүн зогсонги байдлаас гаргах шаардлагатай байгааг УИХ-ын  нэр бүхий гишүүдийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сануулж, түүнийг шахаж эхэлсэн байна.

toim.mn