Ардын багш, гавьяат багш гээд л багшийн хөдөлмөр зүтгэлийг алдар цол, одон тэмдгээр үнэлсэн нь бий. Гэхдээ би энэ удаад алдар цол, гавьяа шагналын тухай биш, харин багшийн нэр хүндийн тухай ярих гэсэн юм.

Бидний амьдрал “багш” гэдэг үйл хэргийн эзэнтэй олон талаар холбоотой билээ. Багшлах үйлсэд хүсэл сэтгэлээ зориулах, нэр хүндийг нь хадгалж явах гээд ихээхэн зүйлийг хөврүүлж болно байх. Тиймээс дунд сургуулийнхаа дурсамжийг сөхөн зарим нэгэн багшийнхаа тухай өгүүлье. Гэхдээ тэдний нэрийг дурдахаа азная. Зарим нь ч бурхны орондоо заларчихаж.

Нэгэн намар манайд хичээл орох багш өвчний учир өөр багш түр хичээл заалаа. Дараахан нь үндсэн багш маань ч ирлээ. Түүнийг их сайн багш гэж хүүхдүүдийн амнаас сонссон болохоор тэр багшийг бид битүүхэн хүлээж байсан юм. Гэтэл тэр багш бидэнд юу зааж сургасныг мэдэхгүй, өөрийнхөө намтар түүх, бусдад тохиолдсон явдал гээд л сонирхолтой нь аргагүй ярина. Тэгсхийж байгаад л аятайхан дүн тавиад улирал дуусгажээ. Тэгвэл өөр нэгэн багш ерөнхийдөө урсгалаараа л хичээллэнэ. Харин олимпиадад оролцох хүүхдүүдээ тусгайлан цаг гаргаж бэлтгэнэ. Тэр сурагчид нь ч сайн оролцоно. Түүний үр дүнд мөнөөх багшийн нэр хүнд сургуулийн захиргаанд ч хүндтэй, хичээлд шахаж шаардаад байхгүй болохоор сурагчдын дунд ч хүндлэлтэй байлаа.

Дунд сургуулийн хичээлийг бүтээлч сайн заадаг багш нар байлаа. Дунд сургуульд багшилсаар байгаад эрдмийн зэрэг хамгаалсан физикийн багш маань байна. Биологийн багш маань эрдэм шинжилгээний ажилтан болж, зэрэг цолоо ч хамгаалсан. Шугам зургийн багш маань их сургуулийн багш болон дэвшиж байлаа. Энэ мэтийн олон багштай тааралдаж явсны дунд хатуу шаардлагатай, зөөлөн дуутай гэх мэт багш нар ч байлаа. Багш бүр өөрийн онцлогтой, түүний хэлж заасныг тогтоож авах савны хэмжээ янз бүр байсан учир сурагчдын зүгээс янз бүрийн үнэлгээ өгч байсан биз ээ.

Багшийн хөдөлмөрийг үнэлж, сайн багшид сайн цалин өгнө, тааруу багшид тааруу цалин өгнө гэсэн яриа саяхан боловсрол хариуцсан яамны зүгээс гарваа даа. Олон хүн үүнийг эсэргүүцэж, түүнийгээ төрөл бүрээр илэрхийлжээ. Хамгийн гол санаа нь багшийн хөдөлмөрийг үнэлэх боломжгүй, тийм учраас цалингийн ялгаа байх шаардлагагүй гэсэн байлаа. Үүний үр дүнд БСШУ-ны сайд уучлал гуйгаад өнгөрч байтал...

Багшийн үнэлэмжийг доошлуулсан нэгэн явдал тун сая болов. Энэ нь бусдын  толгой дээр халуун кофе асгасны дайтай газар авч, 97 дугаар сургуулийн 2а анги багшгүй болвоо доо, янз нь. Бага ангийн багшаар гуч гаруй жил ажилласан туршлагатай багш эмэгтэй сурагчдаа шаардлага тавьж биед нь гарч хүрснээс хамаг хэрэг үүджээ. Олон түмний хандлагыг үзвэл хүүхэд сайхан муухай бичих нь багшид хамаагүй, сайн муу сурах нь ч хамаагүй гэсэн хандлага давамгайлжээ.

Үүний цаад талд багш нар сурагчдадаа шаардлага тавьж болохгүй юм байна, тэднийг сургах гэж хичээх хэрэггүй, тухайн цагт тухайн ангид хашиж байгаад гаргавал болох юм байна гэсэн санааг шуудхан илэрхийлж гаргажээ. Сурагчаа зодсон үйлдлийг өмөөрөхгүй ч гэлээ нийт багш нарын армийг тийм идэвхгүй байдалд хүргэх мэссэж нийгмийн дунд тархаж байгаад эмзэглэхгүй байхын аргагүй. Цаг өнгөрөөдөг багш нар олширвол таны хүүхэд юу сурч гийгүүлэх вэ.

Багшийн хөдөлмөрийг үнэлэх хэцүү. Сурлагын үр дүн, сурагчийн амжилтаар хэмжинэ гэвэл хэдэн жилийн дараа ч тэр нь илэрч мэднэ. Гэхдээ л багшийн хөдөлмөр тухайн үедээ хамт ажиллаж байгаа бусад багш нарт мэдэгддэг л юм. Хэн хичээж зүтгэж байна, хэн нь цаг өнгөрөөж байна, хэн нь бүтээлч идэвхтэй царай гаргачихаад явж байна вэ гэдэг нь мэдэгддэг л юм. Үүнийг тухайн сургуулийн захиргаа мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Энэ нь л багшийн цалингийн тогтолцоонд нөлөөлж байх нь зүйн хэрэг билээ.

Багшийн нэр хүндийг унагах явган яриаг өөгшүүлээд байдгийг дэмжихгүй байх нь зүйн хэрэг. Олны дунд муу багш, тааруу багш байгаа л байх. Тэднийгээ ч ялгаж салгаж үнэлдэг байх нь зөв. Багшийн нэр хүндийг өөд нь татаж, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь БСШУ-ны яамны үндсэн гол ажлын нэг нь баймаар санагдана.

 

Я.БААТАР