Төвлөрлийг сааруулахын тулд нийслэлээ нүүлгэх үү, эсвэл дагуул хот байгуулах уу
2022/03/18
М.ХҮСЛЭН
1.2 сая хүн оршин суудаг. Роттердам хотын дагуул БарендректОлон сая оршин суугчтай хотод байгаль орчин, агаар, хөрс, ус, шуугианы бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, хог, инженерийн шугам сүлжээний хуучрал, ядуурал гэх мэт олон асуудал үүсдэг. Олон улсын практикаас харахад олон сая хүн ам төвлөрсөн хотууд дагуул хот байгуулж, асуудлаа шийдвэрлэх нь олонтаа. Зарим улс хүн ам хамгийн ихээр суурьшсан нийслэл хотуудаа нүүлгэн шилжүүлж, хэт төвлөрлийн асуудлаа шийдвэрлэсэн байдаг.
Нийслэлээ нүүлгэсэн улс орнууд
Сүүлийн үеийн жишээ гэхэд Индонези улс нийслэлээ Жакартагаас Борнео арал руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Жакарта хотын "нэрийн хуудас" гэвэл замын түгжрэл. 2016 оны байдлаар дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотоор шалгарч байв.
Индонези улсын парламентын гишүүд нь товлосон уулзалтандаа цагтаа амжиж очихын тулд заавал цагдаа нараар бүслүүлж, дуут дохио хангинуулж явах шаардлагатай байдаг. Нийт 30 сая хүн амтай уг хот бохир усныхаа дөнгөж 2-4 хувийг л цэвэршүүлж хэрэглэдэг.Жакарта хотод маш олон асуудал хуримтлагдсан учир шинэ нийслэл байгуулахаас аргагүйд хүрчээ.Манай улстай ойрхон оршдог Казахстан улс нийслэлээ шилжүүлсэн гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тус улсын анхны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев 1997 онд нийслэл Алматы хотыг нүүлгэх шийдвэр гаргаж, хойд зүгийн Акмола хотыг шинэ нийслэлээрээ сонгож байв.
Нийслэлийн нэрийг Астана болгон өөрчилсөн. Н.Назарбаев дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг архитекторуудыг хөлслөн авчирч, Сарыаркагийн талд шинэ нийслэл хотоо босгосон. Тухайн үед Алматы хот 2 сая гаруй хүн амтай, түгжрэл ихтэй, агаарын бохирдолтой хот байв. 300 мянган хүн амтай Астана хот нь одоо 1.2 сая оршин суугчтай, Казахстаны эдийн засаг, бизнес, боловсрол, соёл урлагийн том төв болсон.Өмнөд Америкийн төв хэсэгт орших, далайд гарцгүй Боливи улс нь Сукре ба Ла-Пас гэсэн хоёр нийслэл хоттой. Сукре нь 1899 онд иргэний дайнаар Ла-Паст байр сууриа алдах хүртэл тус улсын цорын ганц нийслэл байв. Энэ үед парламе нт болон төрийн үйлчилгээ нь Боливийн хамгийн том хот Ла-Пас руу нүүсэн бол шүүх засаглал Сукре хотод үлджээ.
Боливи Улсын төвд байрлах Сукре хот нь ердөө 250.000 хүн амтай, харин Ла-Пас нь 1.7 сая оршин суугчтай. 2007 онд парламент, Засгийн газрыг дахин Сукре руу нүүлгэх саналыг дэвшүүлсэн нь Ла-Пас дахь хамгийн том эсэргүүцлийн жагсаалийг өдөөж байжээ.
Мьянмар улс 2005 онд нийслэлээ Рангоноос Нейпьидо хот руу шилжүүлсэн. 1991 он хүртэл Нигерийн хамгийн том хот болох Лагос нь тус улсын нийслэл байсан юм. Тэр жил нийслэлийг Абужа руу нүүлгэсэн нэг шалтгаан бол Лагос нь маш их түгжрэлтэй байсан. Египетийн эрх баригчид шинэ нийслэлтэй болох төлөвлөгөөгөө хэдхэн жилийн өмнө танилцуулсан.
Тус улсын шинэ нийслэл эртний түүхт Каир хотын зүүн захад 700-гаад ам км талбай эзлэн оршино. 45 тэрбум ам.доллароор босох шинэ нийслэл таван сая оршин суугчтай байх аж. Африкийн хамгийн олон хүн оршин суугчтай Каир хот маш их асуудалтай. Тиймээс Засгийн газар шинэ дагуул хот байгуулахаар зориг шулуудсан. 1959 онд Пакистаны Засгийн газар нийслэл хотоо нутгийн өмнөд хэсэгт орших Карачигаас хойд хэсэгт орших Исламабад руу шилжүүлэх шийдвэр гаргаж байв.
Дагуул байгуулах нь хамгийн зөв шийдэл
Манай улсын нийслэл Улаанбаатар хотод шийдлээ хүлээсэн, тулгамдаад байгаа олон асуудал бий. Социализмын үед ЗХУ-ын инженер, архитекторууд Улаанбаатарын хот төлөвлөлтийг хамгийн ихдээ 500 мянган оршин суугчид зориулж төлөвлөсөн ч гэдэг. 1990-ээд онд манай улс зах зээлийн нийгэмд орсон үеэс эхэлж хот төлөвлөлтийн ажил орхигдож, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн ихэссэн.
Үүний улмаас өнөөдөр нийслэл хот 1.5 сая шахам оршин суугчтай, ямар ч хот төлөвлөлтгүй баригдсан, шамбааралдсан барилгатай, олон зуун мянган автомашинтай, замын ачаалал олон дахин хэтэрч, түгжирсэн, агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн дэлхийн хамгийн бохир хот болоод байгаа.Замбараагүй тэлсэн ямар ч инженерийн дэд бүтэцгүй гэр хороолол хамгийн том асуудал болсон.Хэрэв манайх нийслэлээ өөр тийшээ нүүлгэж чадахгүй бол Улаанбаатар хотын орчимд шинэ суурьшил бий болгож, дагуул хот яаралтай байгуулах шаардлагатай. Хөшигийн хөндийд шинээр баригдсан Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэж дагуул хот байгуулах төсөл ойрын хугацаанд хэрэгжих боломжтой хамгийн зөв шийдэл.
Төр захиргааны зарим байгууллагыг тийшээ нүүлгэх санал сонсогдож эхэлсэн. Энэ бол маш зөв шийдвэр бөгөөд дагуул хот байгуулах ажлыг хугацаа алдалгүй эхлэх хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотод бидний эргэн тойронд байгаа, хүндрэлтэй асуудлыг цогцоор нь шийдэх арга нь дэлхийн том хотуудын хөгжлийн практикт байсан зүйл. Дэлхийн өндөр хөгжсөн хотууд өнөөдрийн манай нийслэл хотод тулгараад байгаа тэрхүү олон асуудлыг тухайн цаг үедээ шийдээд л ирсэн туршлага нь бий.
Тэдний бэрхшээлээ шийдсэн аргыг нь харж байхад шинжлэх ухаанд тулгуурлан гарцаа тодорхойлж, засаг төрийнхөө бодлого, дэмжлэгийг түүнд чиглүүлсэн байдаг.Өнөөдөр бидэнд хөгжлийн зүг чиг болон жишээ болоод байгаа Сөүл, Токио, Лондон зэрэг хот 40, 50 жилийн өмнө бидэнтэй адил бэрхшээлийг туулж, магадгүй биднээс хүнд нөхцөлд аж төрж байж хөгжлийн өнөөдрийн зэрэгт хүрсэн.
Нийслэл Улаанбаатар хотод бидний эргэн тойронд байгаа, хүндрэлтэй асуудлыг цогцоор нь шийдэх арга нь дэлхийн том хотуудын хөгжлийн практикт байсан зүйл. Дэлхийн өндөр хөгжсөн хотууд өнөөдрийн манай нийслэл хотод тулгараад байгаа тэрхүү олон асуудлыг тухайн цаг үедээ шийдээд л ирсэн туршлага нь бий.Төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотоо сайн хөгжүүлэх хэрэгтэй
Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах гарц бол дагуул хот. Дагуул хот бол эдийн засгийн чөлөөт бүс байна, эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай зохицуулалттай байна гэж хуульчилсан. Дагуул хот байгуулбал, тэнд маш олон ажил хийгдэх нь ойлгомжтой. Ер нь, дагуул хот Улаанбаатарын нүүр царай болох ёстой.
Одоо Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн тэнд 150 мянган хүнтэй дагуул хот байгуулах том боломж бий. Дагуул хот олон улсын нисэх буудал буюу агаарын замаас гадна Богдхан төмөр зам, олон улсын хурдны замын уулзвар гээд зам, тээвэр ложистикийн томоохон төв болон хөгжих боломж нь бүрдэнэ.
Үүнийг дагасан хот төлөвлөлт, худалдаа үйлчилгээ, ажлын байр бий болно. Тэнд маш том эдийн засаг бий болох юм. Дагуул хотын бүтээн байгуулалтад зөвхөн төр оролцох бус хувийн хэвшлийнхнийг татах хэрэгтэй.Компани, аж ахуйн нэгжүүд хөрөнгө санхүү гаргаж, гадаадын төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрдгийг олон улсын жишээнээс харж болно. Сөүлийн дагуул хот
БНСУ-ын нийслэл Сөүл хот хүн амын төвлөрлөө сааруулахын тулд дагуул хотуудаа жигд, хүртээмжтэйгээр хөгжүүлж байгаа. Сөүл хот нь 10 гаруй сая хүн амтай. Хотжилт, үйлдвэржилт эрчимтэй явагдахын хэрээр Солонгос улсын улс төр, эдийн засаг, соёл, боловсролын төв нь болсон нийслэл Сөүл хот улам дэвжин хөгжсөөр байна. Сөүл болон түүний дагуул хотууд хүн амынхаа тоогоор дэлхийд дээгүүрт ордог.
Хотын хүн амын төвлөрлийг сааруулахын тулд Сөүлийг тойруулаад 10 гаруй дагуул хотыг сүүлийн 20 жилийн дотор барьж байгуулснаараа дэлхийд үлгэрлэж байгаа. Инчон гэхэд л Сөүлийн дагуул хот шүү дээ. Инчоныг олон улсын нисэх буудлаар нь дэлхий андахгүй.Инчон хот 3.8 сая оршин суугчтай. Сөүлийн эргэн тойронд байдаг дагуул хотууд оршдог Сүдугвонь бүсэд гэхэд БНСУ-ын нийт хүн амын тал нь буюу 25 сая хүн оршин сууж байна. Төрийн байгууллагуудаа нүүлгэх замаар төвлөрлийг задлах, орон нутгийг хөгжүүлэх бодлогыг Ро Мү Хён Ерөнхийлөгчийн үеэс хэрэгжүүлж эхэлжээ. Хэдийгээр багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч Солонгосын 150 гаруй төрийн байгууллагыг Сэжон хот руу 2007-2017 оны хооронд нүүлгэсэн.
Ро Мү Хён Ерөнхийлөгчийн энэхүү бодлого тухайн үедээ төрийн албан хаагч нарын эсэргүүцэлтэй тулгарч байсан ч олон нийт түүний алхмыг талархан хүлээж авсан гэдэг. 2007 оноос хойш шилжүүлэлт үргэлжилсээр байгаа бөгөөд Сэжон 500 мянган хүнтэй хот болж хөгжив.
Хэт төвлөрлөөс сэргийлэх зорилгоор Сөүл орчмын төвийн бүсэд шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв зэргийг шинээр барихыг хуулиар хориглож өгчээ. Солонгосчууд шинээр дагуул хот бий болгож хөгжүүлэхээс гадна хуучин хотуудыг шинэчлэн төлөвлөх төлөвлөлтийг орхигдуулсангүй.
2013 онд Хотыг шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлэх тухай тусгай хуулийг парламентаас баталснаар иргэдийн оролцоотойгоор хуучин хотоо шинэчлэх эрх зүйн орчин бүрджээ.Дагуул хотын бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн хариуцдаг
Дэлхийн бусад улсад ч дагуул хотууд зөндөө байдаг. АНУ болон Канадад хот төлөвлөлтийн зохицуулалтыг Засгийн газрын түвшинд авч үздэг. Үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн гэж гурав хуваадаг байна. АНУ-ын Вашинтон мужийн Сиэтл хот 570 гаруй хүн амтай, харин хотын тойргийн бүсэд 1.8 сая оршин суугч амьдардаг аж. 1980-аад оны дунд үеэс хотод шийдвэрлэх асуудлууд хуримтлагдаж эхэлсэн.
Хотын захын дүүрэг болон ойролцоох газарт хувийн хэвшлийн компаниуд хямд үнэтэй тохилог хороолол болон амины орон сууцыг ихээр барьж хотын төвлөрлийг багасгажээ. Уг ажилд “Майкрософт” компани манлайлж оролцсон гэдэг. Бизнес болон үйлдвэрлэлийн топ менежерүүд хувь нэмрээ оруулжээ.
1990-ээд онд хүн амын эрчимтэй өсөлтийн үед хот тэлэх үйл явц эхэлсэн. Үүнээс шалтгаалж “Washington Growth Management Act” (GMA) нэртэй хууль баталсан байдаг.
GMA нь хотын тэлэлтийг зогсоож, зөвхөн хотын өсөлтийг хангах тодорхой хот суурин газрын хөгжлийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг багтаасан байна. Хууль батлагдсаны дараа шинээр орон сууц барих газрын нийлүүлэлтийг хязгаарлах замаар орон сууцны хүртээмжийг бууруулна гэж олон хүн үзэж байсан. Вашингтоны нэгэн адил Калифорни муж улсад ч орон нутагт хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө, илүү нарийвчилсан хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байгаа. Цогц төлөвлөгөө хөтөлбөрийг 20 жилийн хугацаанд боловсруулж, хотын өсөлтөд нийцүүлсэн.
Канадын Ванкувер хот захын дүүрэг, ойр орчимтойгоо нийлээд хоёр саяас илүү хүн амтай. Хотын төвд 578 мянган оршин суугч амьдардаг. Том Ванкуверыг “MetroVancouver” бүс нутгийн эвсэл удирддаг. Ванкувер нь хурдацтай хөгжиж байгаа хот бөгөөд тэлэлт нь хязгаарлагдмал.
Тиймээс замын түгжрэл гэх мэт асуудал үүссэн. Өсөн нэмэгдэж буй хүн амыг төв хэсэгт төвлөрүүлэх бус хотын хэмжээнд жигд тархах зорилгоор 2006 онд эко нягтрал гэдэг ойлголт гарч ирсэн. Эко нягтралын бодлого нь орон сууц, дэлгүүр, дэд бүтцийг зөв авсаархан байрлуулах замаар автомашин, тээврийн хөдөлгөөнд саад учруулах зайг багасгахад чиглэгддэг.
Түүнчлэн Их Британийн нийслэл Лондон хот төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудаа хөгжүүлж байгаа. Дагуул хот хөгжүүлэх зорилгоор 1990 онд “The Town and Country Planning Act” нэртэй хуулийг баталж байсан. 7.5 сая оршин суугчтай хотын төвлөрлийг сааруулахын тулд хотын зах, дагуул хотуудад жил бүр олон арван мянган орон сууц, байшин шинээр барьж байгаа.Дагуул хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг хувийн хэвшлийнхэн хариуцан төсөл хэрэгжүүлж гүйцэтгэдэг.Ирландад дагуул хот хөгжүүлэхэд зориулж, 2007-2013 онд төсвөөс 21 тэрбум евро зарцуулж байжээ. Гелвэй гэх шинэ дагуул хот байгуулж тэндээ оршин суугчдад зориулж, олон нийтэд хүртээмжтэй амины орон сууц олноор барьсан. Ирланд улс дагуул хотыг бүтээн байгуулах ажлыг хувийн хэвшлийнхэнд даатгасан байдаг.
Мөн Нидерландын том хот болох Роттердам 18 дагуултай. Тэнд 1.2 сая хүн оршин суудаг. Роттердам хотын нэг асуудал бол хүн амын хэт төвлөрөл. Төвлөрлийг багасгах зорилгоор Барендрект гэдэг нэртэй дагуул хотыг хөгжүүлж байна. Роттердамаас долоон км-ийн зайд оршдог. Энэ хотод сүүлийн 10 жилийн хугацаанд хүн ам нь 40 хувиар өсчээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
С.Баатар · 2022/03/19
Миний бие нийслэлийг нүүлгэх асуудлаар сүүлийн 3 жилийн хугацаанд саналаа тогтмол ниыгмийн сүлжээнд илэрхийлж байна. Нийслэлийг Хөгшин Орхоны уудам цэлгэр хөндийд шинээр байгуулах шийдвэрийг одоогийн их хурал еранхийлөгч засгийн газар хамтарч гаргавал ёстой түүхэнд алтан үсгээр бичигдэх энэ зууны хамгийн шилдэг шийдвэр болж үлдэнэ. Ийм шийдвэрийг гаргангуутаа энэ түгжрэлийг бууруулахад зарцуулах мөнгөөрөө төр засгийн ордон бусад захиргааны байгууллагын барилга хэдэн сургууль хэдэн цэцэрлэг барихад л нийслэл нүүгээд очиход бэлэн болно шүү дээ.
Нийслэлийн иргэн · 2022/03/19
Зочин · 2022/03/19
Төвлөрлийн сааруулахын тулд Төрийн ордныг эхэлж нүүлгэх хэрэгтэй. Бусад нь аяараа арилна. Хамгийн үр дүнтэй арга зам шүү. Даруй хэрэгжүүл! төр засаг үүнийг зоригтой хийгээсэй.. Олон асуудал зөв шийдэгдэнэ дээ.
Зочин · 2022/03/18
Энэ жил л гэхэд түгжрэлийг бууруулахад бараг 1 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ нэг наяд төгрөгөөр шинэ нийслэлд барих төр засгийн газрын бүх барилга. Мөн сургууль цэцэрлэг гээд олон барилга барьж болно.
Зочин · 2022/03/18
Нийслэлээ нүлгэсэн дээрээ. Яагаад гэвэл манай улс том газар нутагтай учраас нийслэлээ нүүлгэх хэрэгтэй. Дагуул хот жижиг газар нутагтай оронд болдог. Нийслэлээ Орхон голын өргөн уудам хөндийд байгуульяа.
Зочин · 2022/03/18
Одоо хотын түгжирэлд нийслэл хотоо хархоринд шилжүүлэх их дээд сургуулийг хотоос гаргах өөр гарц үлдсэнгүй дээ гадны хотын зам хардаг л баймаар тэнд төв зам нь 10-12 эгнээтэй манайд 4 эгнээтэй гол ялгаа л энэ шүү дээ