Шадар сайд С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож төр буцааж авна гэдэг яг юу гэсэн үг вэ. Энэ талаар уншигчдад тодорхой тайлбар, мэдээлэл өгөхгүй юү. Өрийг нь иргэд төлөх юм уу?

-Энэ бол аж ахуйн нэгжүүдээ үгүйсгэсэн, төрийн нэрээр далайлгаж бизнесийн үйл ажиллагааг нь үгүйсгэж, зогсоосон асуудал огт биш. Энэ асуудал бол цэвэр зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс тэс өөр асуудал. Өөрөөр хэлбэл, хулгайн схемээр төрийн өмчийг хууль бусаар үнэгүйдүүлж авсан асуудалтай Засгийн газар тэмцэж байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд авч байгаа арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас Засгийн газраас хуулийн дагуу шударгаар бүтээн байгуулалт хийж яваа, зах зээлийн журмаар үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудаа бэхжүүлэхийг зорьж байна. Гэтэл үүнийг далимдуулж төрийн асар үнэ цэнэтэй, үнэ өртөгтэй өмчийг үнэгүйдүүлж авдаг луйврын схемтэй, түүнийгээ ашиглаж барьцаагүй болоод хөнгөлөлттэй их хэмжээний зээл авдаг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна. Төрийн үйл ажиллагааг ном журмын дагуу явуулдаг байх, хуулийг хэрэгжүүлдэг байх ёстой. Хуулийн дагуу бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгаа, хулгай хийж бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хоёрын хоорон дахь ялгаа заагийг гаргаж тавьж, цэгцэх асуудал гэж ойлгох хэрэгтэй.

-Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн үйл ажиллагаа одоо ямар байгаа вэ?

-2015 онд хувьчлахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ тухайн үед 10 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан Хөтөлийн цементийн үйлдвэрийг 1.4 орчим тэрбум төгрөгөөр хувьчилгаа нэрээр авсан байдаг. Авсныхаа дараа энэ үйлдвэрийнхээ нэр дээр зээл авч өнөөдөр тэр нь 295 тэрбум төгрөгийн өртэй болчихсон нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байна. Зээлж авсан мөнгөө өөр зориулалтаар буюу Эрдэнэтийн төлбөрт төлчихсөн байгаа юм. Эрх мэдэл, хуулийг ашиглаж хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, түүнийгээ буцааж төлдөггүй энэ асуудал бол зөвхөн энэ үйлдвэрийн, эсвэл зөвхөн хувьчлалын асуудал биш. Үүний цаана хөнгөлөлттэй зээлийг барьцаагүй авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан асуудал байна. Хийнэ гээд авсан зээлээрээ хөрөнгө оруулалтын төслөө хийгээгүй асуудал байна. Энэ мэтчилэн асар нарийн асуудлууд бий.

-Тус үйлдвэр цемент үйлдвэрлэж байгаа юу?

-Ер нь бол үйлдвэрлэж байгаа. Одоогоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа түр зогсоочихсон юм байна. Хөгжлийн банкинд үүссэн асуудалтай холбоотойгоор үнээ нэмнэ гэдэг асуудал яригдсан. Хөгжлийн банкинд 295 тэрбум төгрөгийн өртэй мөртлөө үйлдвэрийнхээ үйл ажиллагааг явуулж буй нэртэй үнээ нэмээд байгаа учраас төрд авч үйл ажиллагааг нь алдагдуулахгүй үргэлжлүүлэн явуулна.

-295 тэрбум төгрөгийн өрийг яаж, хэн төлөх вэ. Улсын мэдэлд оччихсон учраас төр төлнө гэж ойлгох уу?

-Улсаас төлөхгүй шүү дээ. Хөтөлийн цементийнхэн өөрсдөө өрөө төлөх ёстой. Учир нь үйлдвэрийн нэрийг барьж зээл авчихаад зориулалтын бусаар ашиглачихсан байгаа юм. Засгийн газрын шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэрээ гаргаж үйлдвэрээ хүлээж авна. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг зориулалтын бусаар ашигласан нөхдүүд тусад нь шийдвэрлэх ёстой.

-Төрөөс цементийн үнийг тогтворжуулах чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа гэж мэдээлсэн. Ямар арга хэмжээ авч байгаа юм бэ?

-Цемент гэлтгүй барилгын материалын үнийг буулгах чиглэлд Барилга хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Хоёрдугаарт, Хөтөлийн цементийн үйлдвэрийг оруулбал дотоодын цементийн дөрөв, таван үйлдвэр байна. Дотооддоо үйлдвэрлэж дотоодын хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангаж харилцан ашигтай хамтарч ажиллаж байвал бидний өөрсдийн хүртэх өгөөж тэр хэрээр их шүү дээ. Тиймээс энэ чиглэлд арга хэмжээг түлхүү авч байна. Гаднаас гэдэг ч юм уу өөр хувилбарыг авч хэрэгжүүлэх нь хамгийн сүүлийн хувилбар. Хулгайлагдсан үйлдвэрээ буцааж авч цементийн нийлүүлэлтийг аль болох боломжийн хэмжээнд тогтвортой байлгах, үнэ өртгийг өрсөлдөөнтэй байлгах нэг арга хэмжээ бол Хөтөлийн үйлдвэрийн хувьчлал. Нөгөө хувилбар нь, аж ахуйн нэгжүүдээ төрөөс аль болох дэмжье гэж байгаа юм. Бид дотооддоо үйлдвэрлэе, дотооддоо тарьж, ургуулъя. Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна экспортолдог байя гэж зорьж байгаа шүү дээ. Дэлхий нийт амаргүй байгаа энэ хүндрэлтэй цаг үед дотооддоо аль болох ойлголцож, бие биенийгээ харилцан дэмжиж байж энэ хүндрэлийг даван гарна. Гэтэл үнээ нэмчихээд буулгахгүй гээд суучихаар бүтээн байгуулагчид барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй болчихоод байгаа юм. Ингээд үйлдвэрлэгчид ч ашиггүй, нийлүүлэгчид ч ашиггүй, худалдан авагчид ч ашиггүй болчихож байгаа юм. Тиймээс энэ бүхний уялдааг хангах талаас нь Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анхаараач ээ, үйлдвэрлэгчдийг шийдвэрээ эргэж нэг хараач ээ гэж байгаа юм. Өндөр үнэ тавиад үйл ажиллагаа явуулахгүй хаа хаанаа элгээрээ хэвтэх үү, эсвэл харилцан хамтарч ажиллаад тодорхой хэмжээнд үнээ буулгаж үйл ажиллагаагаа зогсоочихгүй хүнд цаг үеийг давж гарах уу гэдэг олон сонголтын дунд бид байна. Тиймээс энэ бүхнийг зохицуулах талаас нь анхаарч байгаа юм. Засгийн газрын хувьд үнэхээр үндэслэлгүй үнээ нэмсэн, үйл ажиллагаа явуулж чадахгүй хэмжээнд хүрчихсэн байгаа бол өөр хувилбарыг оруулж ирэхээс аргагүй гэдэг байдлаар асуудалд хандаж байна.

-Хөгжлийн банкны асуудал хэрхэн шийдэгдэхийг монголчууд чих тавин хүлээж байна. Та энэхүү асуудал ихээхэн мэдээлэлтэй байгаа байх. Энэ асуудлыг шийдэх явц ямар шатанд байна вэ?

-Хөгжлийн банкинд үүссэн асуудалтай холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийсэн. Засгийн газраас ч энэ асуудлаар байнга үүрэг даалгавар өгч, мэдээлэл авч, шаардлагатай арга хэмжээ авах асуудал яригдаж байна. Энэ асуудал цаашид нэг мөр шийдэгдэх ёстой. Хөгжлийн банк нэг хэсэг утгаа алдлаа. Хөгжлийн банк нэртэй хуйвалдааны банк болчихсон. Зөвхөн энэ жил ч яригдаж байгаа асуудал биш. Урт хугацаанд олон жил яригдаж байгаа асуудал. Гэхдээ энд хоёр зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаад үнэхээр биднээс шалтгаалахгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчин, ачаа тээвэр, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж зогсчихсон, удааширчихсан аж ахуйн нэгжүүдээ анхаарч үзэх ёстой. Нөгөө талд үүнийг далимдуулж төрийн нэр бариад зээл авсан банкууд байна. Худалдаа хөгжлийн банк гэхэд 500 тэрбум төгрөг, Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн үйлдвэр 295 тэрбум төгрөгийн зээл авчихсан. Зээлээ нэхээд очихоор “чих огтолж ав” гээд сууж байдаг цагаандаа гарчихсан дээрэмчид луйварчидтай бид эвлэрч болохгүй. Тиймээс хуулийн нэрээр, төрийн нэрээр, бизнесийн нэрээр луйвар хийчихсэн нөхдүүдээ ялгаж салгаж хариуцлага тооцъё. Энэ хүнд цаг үед Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч явах ёстой, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг гаргаж, санхүүгийн дэмжлэгийг аж ахуйн нэгжид үзүүлж байх ёстой банк өөрөө дампуурахын ирмэгт явна. Өөрөө луйврын үүр, хэрэгсэл болчихсон байгаа учраас үүнийг цэгцэл гээд байгаа юм. Иймэрхүү нөхдүүдийг ялгаж салгаад хариуцлагыг нь хатуу тооцож, барьцаа хөрөнгө юу байдаг юм бэ авахыг нь аваад, борлуулахыг нь борлуулаад хамгийн түрүүнд энэ банкийг хохиролгүй болгох ёстой. Банкийг хохиролгүй болгож байна гэдэг нь төрийг хохиролгүй болгож байна гэсэн үг. Үүний цаана төрийн нэрээр авсан бондын зээлүүд, тэр зээлийг төлдөг иргэдийн татварын мөнгө, татвар бүрдүүлдэг иргэдийн ажлын байрны асуудал зэрэг хоорондоо уялдаа холбоотой асуудал байгаа учраас үүнийг цэгцэл гэж байгаа юм.

-Хөгжлийн банкнаас гадна Төрийн банкны асуудал ч яригдана. Та энэ талаар нэлээн мэдээлэлтэй байгаа байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хөгжлийн банкнаас гадна Хөдөө аж ахуйг дэмжих сан гэж бий. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн асуудлыг гаргаж тавих ёстой. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих нэрээр баахан зээл авчихсан. Дахиад баахан 300 гаруй зээл олгочихсон. Үүнийх нь 50-60 хувь нь эргэн төлөгдөөгүй. Таван тэрбум төгрөгийн зээлийнх нь эзэн тодорхойгүй байна гэж байна. Хүн банкнаас зээл авахад эзэн тодорхойгүй байж болохгүй биз дээ. Таван тэрбум төгрөгийг эзэн тодорхойгүй гээд хаачихсан. Төрийн мөнгө болохоор “уйлдаггүй, өвддөггүй” эзэнгүй байж болохгүй биз дээ. Энэ сангаас гадна Төрийн банкны асуудал байна. Төрийн банкийг газар тариалан, дотоодын жижиг дунд бизнесийг дэмжих банк болгох ёстой. Үгүй бол ингэж явж байгаад хоёр дахь Хөгжлийн банк гараад ирэхийг үгүйсгэхгүй. Энэ дотор одоо юу болчихсон яаж явж байгааг хэн ч мэдэхгүй. Үүнд шалгалт, хяналтыг оруулах ёстой гэж үзэж байгаа.

-Ам.доллар, бензиний үнэ тэнгэрт хадчихлаа. Энэ асуудалд Засгийн газар ямар ямар арга хэмжээ авч, хэрхэн зохицуулалт хийж байгаа бол...

-Засгийн газрын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг чиглэл өгч бензиний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнэ ханшийг импортлогч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтарч аль болох олон улсын зах зээлийн зарчим үнэ өртөгтэй уялдуулж тасралтгүй хангах асуудлыг анхаарч байгаа. Бидний авсан мэдээллээр аж ахуйн нэгжүүд үнэ өртгийн хувьд алдагдалтай ажиллаж байна гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Монголбанк болон Засгийн газрын зүгээс зарим нэг хөнгөлөлттэй санхүүжилтийг импортлогч аж ахуйн нэгжүүдэд олгох замаар үнийг тогтвортой байлгах, аль болох өсгөхгүй байх чиглэлд ажиллаж байна. Гэхдээ өсгөхгүй байх гэдэг хүндрэлтэй л дээ. Учир нь олон улсын зах зээлийн зарчмаар явж байгаа шүү дээ. Олон улсын зах зээлд 120-130 ам.доллар болж өсөөд байхад бид 80 ам.доллар бариад байна гэдэг нь зүй бус тогтолцоо. Тиймээс олон улсын зах зээлийн үнэ өртгийн өсөлт, бууралттай уялдуулж явахаас аргагүй.