УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын 122 машины 40 нь том оврын суудлын машин байна
2022/04/14
УИХ-ын дарга Г.Занданшатар парламентаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын дарга нартай өнгөрөгч Ням гарагт уулзсан. Энэ үеэр "Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод 570, 200 маркийн машин унахгүй. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье" хэмээн уриалсан.
Тэгвэл УИХ-аас удирдлага нь томилогддог хэдэн байгууллага байдаг, тэдгээр байгууллагын албан хэрэгцээнд том оврын суудлын хэдэн машин ашигладаг зэргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Цэнгэлээс тодрууллаа.
Тэрбээр "Эхлээд товч мэдээлэл өгье. Авто машины хэрэглээ их байна. Ялангуяа Улаанбаатар хотод том оврын суудлын машин их хэрэглэж байна. Үүнд хязгаарлалт тавья гэж байгаа. Энэ асуудалд Засгийн газраас чиглэл өгсний дагуу бид зарим судалгааг хийсэн. Тухайлбал, яам, агентлаг, УИХ болон төрийн үйлчилгээний машинуудыг төвлөрүүлж байгаа авто баазуудыг ялгаж аваад ямар хэмжээний зардал гаргаж байгааг нь судаллаа.
Ингэхэд дээрх байгууллагуудын 983 тээврийн хэрэгсэл хамрагдсан. Эдгээр тээврийн хэрэгсэлд жилд 11 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнд татвар, даатгал, жолоочийн цалин, сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал, гараашийн гэх мэтчилэн зардал гардаг. Тиймээс энэ дээр тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Үүнээс УИХ-аас удирдлага нь томилогддог Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, прокурор, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагад 122 тээврийн хэрэгсэл байдаг. Эдгээр машины зардлыг тооцоход жилд 923 сая төгрөгийн зардал гардаг юм байна. Үүнээс 40 нь том оврын суудлын машин байна гэдэг судалгаа гарсан.
Ер нь тээврийн хэрэгсэлд зарцуулж байгаа зардлыг хэмнэж болох юм байна гэдэг саналыг боловсруулаад Засгийн газарт танилцуулах гэж байна" гэлээ.
Зочин · 2022/04/15
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр