Д.Сүхбаатар жанжны зээ охин тагнуул гэх Ч.Мөнхбаяр, Е.А.Симонов нартай ажилладаг уу
2022/08/08
2014 онд Монгол Улсад 10 жилийн хугацаанд нэвтрэх эрхгүй болсон Е.А.Симоновт холбогдох мэдээллийг ХБНГУ-ын сайтад нийтэлсэн нь анхаарал татаж байна. Түүний “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн Монгол дахь зохицуулагч Д.Сүхгэрэлтэй бичсэн и-мейлийг тус нийтлэлд задалжээ.
Нийтлэлийн эхэнд, Украины асуудал дэгдсэнээс хойш ОХУ-ын жижиг орнуудад явуулдаг стратегийн төслүүдэд нөлөөлөх оролдлогууд нуран унаж байна хэмээн тодотгожээ. Харин юунд үндэслэж ийм дүгнэлт хийж буй нь тодорхой бичигдээгүй байна.
Үндэслэлийн оронд Эгийн УЦС-ын төслийг эсэргүүцэж байсан Е.Симонов, Д.Сүхгэрэл нарын тухай шууд дурджээ. Цаг үеийн мэдээлэл гэвэл, “Liberty Pub” подкэстэд оролцсон иргэн Г.Ганбатын талаар Е.Симонов, Д.Сүхгэрэл нар и-мейлээр ярилцжээ. Г.Ганбат сошиал хуудастаа тэднийг хамтран УЦС-ын төслүүдийг зогсоохын тулд ОХУ-ын санхүүжилтээр ажилладаг хэмээн идэвхтэй бичдэг юм.
Е.Симонов “Liberty Pub” подкэстийг үзээд Г.Ганбатын талаар “Харсан царай байна... Тэд илрүүлэхээр ажиллаж байж магадгүй. Дүвчиндамбын Ганболдоос асуу. Тэр миний Хятад дахь холбооны талаар дэлгэрэнгүй ярьсан бололтой. Илүү ихийг мэдмээр байна” гэж бичжээ.
Дүвчиндамбын Ганболд нь “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын хувь эзэмшигч юм. Харин Д.Сүхгэрэл нь тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга. Сүүлийн 10 гаруй жил “Оюу толгой”, Эгийн болон Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг томоохон төслүүдэд байгаль орчныг хамгаалах агуулгаар байр сууриа илэрхийлж ирсэн нэгэн. Мөн Д.Сүхбаатар жанжны зээ охин гэдгээр нь монголчууд таньдаг.
Мөн нэг анхаарал татах мэдээлэл байгаа нь, Е.Симоновын иргэн Ч.Мөнхбаяртай холбогдож байсан и-мейлийг ч мөн задалжээ. Ч.Мөнхбаяр нь гадаад улсын санхүүжилтээр тагнуулын ажиллагаа явуулсан нь тогтоогдсон ба гурав дахь удаа давж заалдаад байгаа юм.
Г.САНСАРМАА
www.eguur.mn