Орон сууцны хуурамч гэрчилгээ ашиглан хэд хэдэн хүнтэй түрээслэх гэрээ давхар хийж иргэдийг хохироож байна

Жилийн яг энэ үед орон нутгаас оюутнууд ирж, түрээсийн байрны эрэлт нэмэгддэг нь залилах гэмт хэрэг үйлдэгчдэд завшаан болж байна. Орон сууцны хуурамч гэрчилгээ ашиглан хэд хэдэн хүнтэй түрээслэх гэрээг давхар хийх замаар иргэдийг хохироож байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 20 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний гуравны нэгийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал, залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өсжээ. Тэр тусмаа сүүлийн үед орон сууцны түрээсийн залилан огцом нэмэгдсэн байна. Орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэн тэргүүнд тулгардаг асуудал нь байр, орон сууц байдаг. Залилан үйлдэгчид бусдын байрыг түрээсэлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь хуурамчаар үйлдэн үүнийгээ 5-6 хүнд зэрэг түрээсэлж залилдаг байна.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мэргэжилтэн Б.Нямсүрэн "Оюутан сурагчдын хичээл эхэлж байгаатай холбоотойгоор тэднийг гадагшаа явуулж өгнө, виз гаргана гэж залилж байна. Мөн хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнууд түрээсийн байр хайдаг. Үүнийг залилагч этгээд олзолж аваад ямар нэг байрыг түрээслээд дахиад цааш нь давхар түрээсэлдэг. Имй тохиолдол олон бүртгэгдэж байна" гэв.

Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд иргэдийн анхаарлыг татахын тулд үнэ хямд, түрээсийн төлбөрөө cap сард нь төлж байх зэрэг таатай нөхцөлийг санал болгодог. Мөн зарын сайтууд болон фейсбүүкд байр түрээслүүлэх зар байршуулж, бусдыг залилдаг байна. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Шинэбаатар "Байр түрээслэгч өөрийнх нь хүсэл, сэтгэлд нийцсэн байр учраас би түрүүлээд урьдчилгаагаа хийж болох уу гэхэд л залилагч этгээд овжиноор ашиглаж, мөнгөө хийчих, таныг хүлээж байя гэх байдлаар хариулдаг. Ингээд залилуулж байна. Залилагч этгээд АТМ, гудамж, зам, таксинд явж байгаа танихгүй хүний дансаар энэ мөнгөө дамжуулж байна. Иймээс байр түрээслэхдээ маш хянуур болгоомжтой хандах хэрэгтэй". 

Гap утас, цахим хаягийн цаана хэн ч байж болно. Иймд хэн гэдгийг нь мэдээгүй байж мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тиймээс тухайн байрны эзэмшигчийн ордерыг шалгаж, цахим үнэмлэхтэй нь тулган гэрээ байгуулсны дараа төлбөр тооцооны талаар ярих ёстойг сэрэмжлүүлсэн юм.

www.Eagle.mn