М.Энхсайханы хэлсэн ганц үг эвслийн Засгийн газ­рынхныг эвдрэлцүүлчихлээ. Д.Бат­цогтын хэлсэнчлэн ганц хүний үгээр ганхаад байдаг нь Шударга ёс эвсэл бас Засгийн газар биш л байх.

Гэхдээ М.Энхсайханы амнаас гарах авиаг ганц хүний хоосон үг гээд орхичихож бас л боломгүй. Сар гаруйнхны өмнө энэ Засгийн газрыг эвтэй байлгахын тулд ажиллана гэж байсан мань хүний санаа урваж МҮАН өрх тусгаарлах тухай цухалзуулах болов. Тэр ч бүү хэл, “Хэрэв төмөр зам дээр  тохиролцохгүй бол Засгийн газраас гарахгүй гэх газаргүй” хэмээн санаагаа илэрхийллээ. Гэхдээ энэ тухайгаа намын нөхөдтэйгөө зөв­шилцөж, хэлэлцсэнгүй. Ямар­таа л Г.Уянга гишүүн “Би энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх боломж алга. Учир нь даргатайгаа уулзаж, ямар байр суурьтай байгааг нь сонссоогүй учраас тэр” гэв. Өөрөөр хэлбэл, гишүүд нь даргынхаа шийдвэрийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй мунгинаж байна.Хоосон ходоодтой хоцор­сон М.Энхсайхан сүүлийн үед угшил нэгт нөхөдтэйгөө эвд­рэлцэж, эв зүйгээ олохоо больсон. Өргөн, нарийн царигийн асуудлаас болж ам мурийсан гэх ч эргэлзээтэй. Учир нь УИХ-аас нэгэнт баталсан шийдвэрийг хар толгойгоороо эсэргүүцэж, тэр хэмжээгээр зөрүүдлэх хүн М.Энхсайхан лав биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн, мөн сонирхогчид сайтар мэдэж буй. Өнгөн дээрээ 75 мм-ийн зөрүүнээс болж, асуудал үүссэн мэт боловч сайд, дарга хоёрын дунд эртний тооцоо байсан гэх. Түүнчлэн Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын хоолны хольцинд М.Энхсайхан хутгалдсан тухай дүгнэлт ч бий. Албан тушаалаа булаалдаж явдаг Ардчилсан намын хоёр фракцийн “толгойлогч”-ийн дунд хавчуулагдаж, улс төрийн “хэлмэгдүүлэлт”-д өртөж Н.Энхбаярын сүүлийн жилд туулсан амьдралыг мань хүн нарсанд биш наранд туулж байгаа нь энэ гэх явган яриа ч олны дунд тархжээ.

Түүний ойрын үед хамгийн ихээр анхаарлаа хандуулан хийж байгаа ажил нь Бүгд их хурлаар индэр дээрээс хэлэх үг. МҮАН-ын зөвлөдөх уулзалтаар Бүгд их хурлыг ойрын хугацаанд хуралдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь ийм учиртай байж. Удахгүй болох энэ хурлаар Шударга ёс эвслийн цаашдын хувь заяаны асуудал хөндөгдөж, эвлэлдэх эс бөгөөд эвдрэлцэх замын аль нэгийг нь сонгоно. Иймд түүний үг хариуцлагатай байж, түүхийн шинэ хуудас нээх учиртай. Өөрөөр хэлбэл, Шударга ёс эвсэл тэр өдрөө нас эцэслэж, бие даасан хоёр нам дахин “мэндэлнэ”. Гол нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн эвсэл бутарвал жагсаалтаар орж ирсэн гишүүд эргүүлэн татагдаж, төрхөмдөө буцна. Ингэснээр МҮАН-аас Д.Батцогт, Г.Уянга нар парламентад үлдэнэ. Харин МАХН-аас Д.Тэрбишдагва л тунаж үлдэх юм. Ийм нүүдэл М.Энхсайхан ашигтай гэж үү.

МАХН-ынхан намын даргаа хамгаалахын тулд Засгийн газраас гарахаа мэдэгдэхэд хамгийн ихээр эсэргүүцэж байсан нь МҮАН-ынхан. Тэр дундаа М.Энхсайхан. Гэтэл тэр өдгөө өөрийн гараа эвслийг эвдрэлцүүлэхээр хөдөлмөрлөж байна. Хачир­халтай юм шүү. Түүний хэл­сэн үгнээс болж, энэ даваа гаригийн бүлгийн хуралдаан ч хуралдсангүй. Ирц бүрдээгүй хэмээн мэдэгдэж байгаа ч асуудлын гогцоо М.Энхсайханд зангилагдаж байгаа тухай намын зарим нөхөр нуусангүй.

Түүнчлэн төмөр замын асуудал дээр ойлголцож чадахгүй бол гэж Засгаас гарахыг үгүйсгэхгүй гэж байсан. Тэгвэл гарах нь тодорхой болжээ гэж дүгнэж болох нь.  Учир нь Засгийн газраас УИХ-аас баталсан тогтоолын дагуу хойд хөрш рүү чиглүүлэн барих, өргөн төмөр замыг барих эцсийн шийдвэрээ өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт гаргаж, санхүүжилтийг нь баталлаа. Эхний ээлжийн санхжүүжилтийг ч шилжүүлж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн. Энэ бол М.Энхсайханд өгч байгаа эрх баригчдын хариулт. Тэд ойлголцож чадсангүй. Иймд мань эр хэлсэндээ хүрч, шинэчлэлийн танхимаас бүрэл­дэхүүнээ татах нь тодор­хой болов бололтой. Иймд нэн тэргүүн Эрчим хүчний яам эзгүйрэх нь. МҮАН-д бялууны ганц зүсэм ногдсон бөгөөд М.Сономпилд амтлах боломжийг олгосон. Харин яам, агентлагийн хурган дарга чамлахааргүй бий. Тэгэхээр дахин халаа, сэлгээ давалгаатайхан хийгдэх нь.

 Л.НИНЖСЭМЖИД