"Засгийн газраас цементийн импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан нь цар тахлын дараа арай гэж хөл дээрээ тогтож байгаа дотоодын үйлдвэрүүдэд хүнд туслаа гэж шүүмжилж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өглөө.

Тэрбээр "Дотоодын үйлдвэрлэлтэй бүтээгдэхүүний зах зээлд гаалийн татвар, НӨАТ-ын бодлого зэргээр төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн хэрэгцээ, дотоодын үйлдвэрлэлийн найдвартай нийлүүлж чадах хүчин чадал болон үнэ гэсэн гурван балансыг заавал харах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, дээрх гурван баланс тэнцвэртэй байх ёстой. Гэтэл өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэл нь амласнаараа нийлүүлж чадахгүй бол тухайн бүтээгдэхүүний үнэ өсөж таарна. Тэр үнийнх нь өсөлтийг хэрэглэгч нуруундаа үүрч байна. Тиймээс энэ асуудалд төр оролцож, өрсөлдөөнийг дэмжихээс өөр аргагүй.

Бид хараад зүгээр суугаад байвал эцсийн дүндээ цементийн үнээс шалтгаалж байрны үнэ ам метр тутамдаа өсөж, Дарханы зам ч энэ жилдээ багтаж ашиглалтад орж чадахгүй, бүр байхгүй болно. Тиймээс дотоодын үйлдвэр хангалттай хэмжээнд цемент үйлдвэрлэж чадахгүй, зах зээлийн хомсдолд орсон үед бид богино хугацааны тохиргооны арга хэмжээ авахаас өөр аргагүй.

Гаалийн татварын хувь хэмжээ гэдэг бол Монгол банкны мөнгөний бодлогын хувь хэмжээ гэдэг шиг Засгийн газрын авч хэрэгжүүлж чадах ганц зэвсэг. Богино хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн нийлүүлэлт хэвийн хэмжээнд хүрээд, үнэ тогтворжоод ирсэн үед үүнийг бид сунгах шаардлага байхгүй. Магадгүй арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хэвийн хэмжээнд хүрвэл энэ арга хэмжээний хугацааг нааш нь татах боломжтой. Хэрэв чадахгүй бол цааш сунгах ч боломжтой. Гол нь нэгдүгээрт хэрэглэгчдийг тогтвортой үнээр хангах эрх ашгийг тавина" гэсэн юм.