Цагдаагийн байгууллагаас өнөөдөр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны даргатай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "АТГ, цагдаагийн байгууллагын ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-нд 21:00 цагийн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэгээр яллагдагч "Б" болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэр орон сууцнаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан.

Мөн зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ болон бусад эд зүйлсийг хураан авсан. Хэргийн холбогдогч "Б"-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 /мөнгө угаах/, 18.3 /татвар төлөхөөс зайлсхийх/, 22.10 /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.4 /хахууль авах/ гэсэн зүйл ангиар шалгалтын ажиллагааг явуулж байна.

"Б"-д өчигдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өчигдөр авсан. Цаашид хамтарсан ажлын хэсэг хэргийн нотолгоог зохих бүрэн дүүрэн тогтоох, хуулийн дагуу хэргийг шуурхай шийдвэрлэхээр прокурорын хяналт дор ажиллаж байна" гэсэн мэдээллийг өгөв.

Мэдээллийн дараа прокурорын зөвшөөрлөөр С.Батдөлийн гэрт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бичлэгийг нийтэд үзүүллээ.

БИЧЛЭГ:

Тэрбээр "Энэ хэрэгт хэчнээн хүн, ААН шалгагдаж байгааг хэлэх боломжгүй. Шалгалтын явцад хэчнээн албан тушаалтан холбогдохыг урьдчилж хэлэх боломжгүй.

Уг хэргийн талаар Засгийн газарт урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. АТГ, цагдаагийн байгууллага өмнө нь шалгаж байсан.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд таван жилийн, хахууль авах хэрэгт 12 жилийн хорих ял оноодог. Татвараас зайлсхийсэн гэмт хэргийг хөнгөн гэж үздэг" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав.