Монгол улсаас анх удаа Залуучуудын байгууллагын ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар болон МЗХ УЗ-ийн гишүүд П.Анхбаяр, Б.Нандин-Эрдэнэ, Р.Ням-Очир, Ж.Нямаа, Ц.Дагвадорж нарын төлөөлөгчдийн хамт ХБНГУ-д айлчлав. 101 жилийн түүхт тус байгууллага гадаад дахь салбар зөвлөлүүддээ анхаарал хандуулж цаашлаад МЗХ Европ дахь нэгдсэн зөвлөлийг ХБНГУ-ын ЭСЯ-нд амжилттай байгууллаа.

Элчин сайд Б.Мандахбилэг өөрийн биеэр хүлээн авч уулзан төлөөлөгчидтэй хоёр улсын хооронд хийгдэж буй төсөл хөтөлбөрүүд болон боловсролын талаар санал солилцов.Түүнчлэн Холбооны засгийн газрын эрхийг эвслээр баригч Социал Демократ намын Залуучуудын байгууллагын дэд Ерөнхийлөгч ноён Лассэ Реббин болон Германы улс төрч залуучууд МЗХ Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатарыг Социал Демократ намын төв байр Willy Brandt-д хүлээн авч хамтын ажлууд эхлүүлэв. Герман Монголын дипломат харилцааны 50 жилийн ойг угтаж Монголын залуучуудын Холбоо 1926 онд анхны Герман, Франц улсыг зорьсон сэхээтнүүдийн түүхэн баримт тулгуурласан ном бүтээж, залуучуудын боловсролыг дэмжих Герман хэлний сургалтын төвийг дэргэдээ нээж Монгол залуучуудад зөв мэдээлэл олгож, мэргэжлийн боловсрол цаашлаад ХБНГУ, Япон, Австрали, Польш улсад хэрхэн сурч боловсрох, ажиллах зөв гарцыг чиглүүлэн холбож байна.

Үүнээс гадна Социал Демократ намын Залуучуудтай хамтран улс төрийн боловсрол, эмэгтэйчүүдийн улс төр дэхь оролцоог нэмэгдүүлэх, ажлын байрны туршлага солилцох ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөв. Айлчлалыг амжилттай зохион байгуулсан МЗХ ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Солонго Тремл болон Элчин сайдын яамны хамт олон, МЗХ Германы салбар зөвлөл, нийт Европын улс орнуудаас хүрэлцэн ирсэн залуучуудад талархал илэрхийлье.