“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Боловсрол-Хөгжил” буландаа 2023-2024 онд зарлагдаж буй олон улсын тэтгэлгүүдийн тухай мэдээллийг онцолж байна. 

 

Узбекистан улсын тэтгэлэг 

 

Бүгд найрамдах Узбекистан улс ээлжит тэтгэлгээ зарлажээ. Тодруулбал, “Торгоны зам” Аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургууль нь тус улсын анхны төрийн өмчит, англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль ажээ. Тус сургууль 2022-2023 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэгт зарласан байна. Тус тэтгэлэгт хамрагдсанаар Аялал жуулчлалын логистик, Аялал жуулчлал /үйл ажиллагааны чиглэлээр/, Музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах, Соёлын өвийн менежмент, Бүтээлч үйлдвэрлэл, Археологи гэсэн мэргэжлээс сонголт хийж болох юм байна. Бүртгэлийг https://admissions.univ-silkroad.uz/ цахим хаягаар хийх ажээ. 

 

Бүрдүүлэх бичиг баримт: 

 

-Гадаад паспорт /Иргэний үнэмлэхийн хуулбар

-Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын хамт

-3х4 хэмжээтэй цээж зураг

-CV буюу товч намтар; /Холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал оруулах/

-Гадаад хэлний шалгалтын оноо 

-Эсээ /Төгссөний дараах төлөвлөгөө, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь сэвдийн хүрээнд A4 хуудсын хоёр нүүрээс хэтрэхгүй байх.

 

Унгар улсын тэтгэлэг 

 

Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд БШУЯ болон Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын “2021-2023 онд хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна.  Эхний шатны шалгаруулалтыг БШУЯ, сүүлийн шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулж, тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг гаргана. Өргөдөл гаргагч нь  Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн өгөгдсөн цахим хуудсаар бүрэн гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ.

 

Суралцах чиглэл: 

 

Бакалавр: Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Унгар хэл, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Нийгмийн ухааны салбараас Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл зэрэг 

 

Магистр:  Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Кино судлал, Сэтгэл судлал, Археологи, Боловсролын шинжлэх ухаан, Нийгмийн ухааны салбараас Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, Үндэстэн ястан, Цөөнхийн бодлого, Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан зэрэг. 

 

Хосолсон: Мал эмнэл зүй, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Урлагийн салбарын бүх чиглэлээр;

 

Доктор: Мэргэжил харгалзахгүй 

 

Япон улсын тэтгэлэг 

 

Япон улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургууль ээлжит тэтгэлгээ зарлажээ.  Хоёр улсын хооронд  байгуулсан  харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх монгол оюутныг 100 хувийн  тэтгэлэгт хамруулан тус сургуульд суралцуулах юм байна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ [email protected] хаягт илгээх ажээ. 

 

Суралцах чиглэл: 

 

Тус сургууль нь Сувилахуй, Хөдөлгөөн засал, Хөдөлмөр засал, Хэл яриа, сонсголын гажиг засал зэрэг эрэлттэй мэргэжлүүдээр эмч бэлтгэдэг ажээ. Мөн хараа зүйн гажиг засал, эмзүйч, эмнэлзүйн эмгэг судлаач, эрүүл мэндийн тусламж зэрэг мэргэжлээр оюутан элсүүлэх юм байна.  

 

Тавигдах шаардлага:

 

30-аас доош насны Монгол Улсын иргэн байх

Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээтэй байх

Ерөнхий боловсролын сургуулийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол голч 3.8 болон түүнээс дээш байх

Япон хэлний мэдлэг N3 түвшинтэй байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол N2 түвшинтэй байх /шаардлагатай тохиолдолд япон хэлний бэлтгэл ангид суралцана/

 

Хятад улсын тэтгэлэг 

 

БНХАУ-ын Боловсролын яам болон манай улсын БШУЯ хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэрэгт оюутныг суралцуулахаар ээлжит тэтгэлгээ зарлажээ. Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын цахим хуудас http://www.campuschina.org–д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Тус тэтгэлэгт хамрагдсан оюутан хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ суралцах бүрэн боломжтой аж. 

 

Тавигдах шаардлага:

 

-Монгол Улсын иргэн байх

-Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, 25 хүртэлх настай байх

-Магистрын түвшинд суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч оноотой, 35 хүртэлх настай байх

-Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч оноотой, 40 хүртэлх настай байх;

-Магистр болон докторын түвшинд суралцахаар хүсэлт гаргагч нь суралцахаар сонгосон тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож мэргэжил болон суралцах хэлээ урьдчилан тодорхойлсон байх шаардлагатай.

 

Бүрдүүлэх материал:

 

-“БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт”-ыг (Хятад эсвэл англи хэл дээр бөглөнө);

-Гадаад паспортын эхний нүүр хуудас

-Хүсэлт гаргагчийн гадаад паспорт  нь 2024 оны гуравдугаар сарын 1-нээс хойш хүчинтэй байх шаардлагатай. 

-Боловсролын зэргийн гэрчилгээ. Хэрвээ хүсэлт гаргагч нь сургуульд сурч буй бол өөрийн сургуулиас олгосон урьдчилж төгсөх гэрчилгээ эсвэл сурч байгааг тодорхойлсон тодорхойлтыг ирүүлэх шаардлагатай

-Дүнгийн хуулбар  /Бүх бичиг баримтыг хятад эсвэл англи хэл дээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах/

-HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас

-Хятад хэл дээр бакалаврын түвшинд суралцах бол HSK III, Магистр, докторын түвшинд суралцах бол HSK IV ба түүнээс дээш хүчинтэй оноотой байх;

-Англи хэл дээр суралцах бол IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх.

 

 

Чойжилсүрэнгийн Гантулга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин