Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр манай улсын ихэнх нутгаар хүйтний эрч суларсан.  Мөн Европын олон хотод агаарын температур нэгдүгээр сарын түүхэн дээд цэгтээ хүрснийг бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл нэгдүгээр сарын энэхүү дулаарал нь ховор үзэгдэл эсэх талаар болон нэгдүгээр сард хамгийн дулаандаа хэдэн хэм хүрч байсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа. 

- Сайн байна уу. Өмнөх жилүүдийн нэгдүгээр сар манай улсад хамгийн дулаандаа цельсийн хэдэн хэм хүрч байсан бэ? 

- Ховд аймгийн Зэрэг суманд 1979 оны нэгдүгээр сарын 7-нд +13.8 градус хүрч байсан.

Харин сүүлийн жилүүдэд манай орны хувьд хамгийн дулаан байдаг говийн бүс нутгаар тухайлбал 2021 онд 0...+5.8 градус, 2020 онд 0..+5.2 градус, 2021 онд 0...+6.8 градус дулаан байжээ.

Энэ жилийн хувьд 0..+8 градус хэлбэлзлээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой. 

- Энэ жилийн нэгдүгээр сард Европын хэд хэдэн улсад нэгдүгээр сарын дулаарал түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Манай улсад энэ жилийн нэгдүгээр сар хэр хэмжээнд дулаарч байна вэ? 

- Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 6-наас говийн бүс нутгийн зарим сумдын нутгаар нэмэх температуртай болж эхэлсэн. Энэ байдал 12-нийг хүртэл үргэлжлэхээр төлөвтэй байна. 7-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд +8 градус хүрсэн.

Одоогоор түүхэн дээд хэмжээндээ хүрээгүй байна. Ирэх хоногуудад ч түүхэн дээд хэмжээ буюу +13.8 градусыг давж, эвдэхээргүй байна.  

- Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч суларсан шүү дээ. Хэр хэмжээнд дулаарсан үзэгдэл бол? 

- Оны эхний өдрүүд ихэнх нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст нэлээд тогтвортой хүйтэн байсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс буюу 5-наас хүйтний эрч ихэнх нутгаар суларч эхэлсэн. Оны эхний хоногуудаас хүйтний эрч 5-15 градусаар суларчээ. 

- Нэгдүгээр сард ингэж дулаарч байгаа нь юутай холбоотой гэж үзэж байна вэ. Ховор үзэгдэл мөн үү? 

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.46°С/82 жил –аар, өвлийн улирлын температур энэнээс илүү эрчимтэй дулаарч байгааг манай судлаачид, эрдэмтэд тогтоосон байдаг.

Ийм ч учраас сүүлийн жилүүдэд өвлийн улиралд говийн бүс нутгаар нэмэх температурт орж дулаарах нь нэлээд ажиглагддаг болоод байна. Түүнээс биш 2000-аад оноос өмнө энэ үзэгдэл ховор үзэгдэл байсан.