Малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон зургаан настай хүүг гэрээс нь 25 км зайнаас шөнө дунд 03 цагийн үед олжээ.

Хүүхдийн биеийн байдал хэвийн байна. Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Ихэр” гэдэг газар 01.17-ны өдрийн 16:30 цагийн орчим бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 01.18-ны өдрийн 03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 25 км-т Баянхайрхан багийн “Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.