Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3 дахь заалтын талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэдээлэл өгөв. 

Тус хуулийн төслийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно хэмээх заалт байсан. Үүнийг хасаж байгаа. Мөн хуулийн 6.1.1, 6.2.1 дахь заалт болон 6.1.3 дахь заалтын заналхийллээс бусад томьёолол хасагдсан талаар тэрбээр ярив. 

Мөн тэрбээр "Тус хуулийн 6.3 дахь заалтын томьёолол дээр бага зэрэг найруулгын алдаа гаргаснаас үүдэн иргэдэд буруу ойлгогдчих шиг боллоо. Уг хуулийн заалт нь аливаа албан тушаалтан ажил, албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийг хориглосон агуулгатай. Нийтийн албан тушаалтан ажил үйлчилгээгээ хийж байхдаа хүний хувийн мэдээлэлтэй байнга харьцдаг. Уг мэдээллээ олон нийтийн сүлжээнд түгээхийг хориглосон агуулгатай заалт байсан. Энэ заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан. 

Дээрх заалт "Нийтийн албан тушаал эрхэлдэг хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэдгээр иргэдэд ойлгогджээ. Бидний хувьд "Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэж уншаад байсан. Энэ нь бидний буруу. Тиймээс тухайн заалтыг хуулийн төслөөс хассан. 

Түүнчлэн 6.1.3 дахь заалтын заналхийллээс бусад томьёоллыг хассан байгаа. Заналхийлэх гэдэг нь тодорхой үйлдлийг хийх, хийхээс татгалзах нөхцөл шаардлагыг тулгаж, улмаар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй тохиолдолд сүрдүүлдэг. Сүүлийн үед ийм үйлдэл цахим орчинд их гарч байна. Ялангуяа, хувийн мэдээллийг нь ашиглаж насанд хүрээгүй хүүхдийг дарамталж, бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэг өсөж байна" хэмээн хэллээ. 

"Зөрчилтэй контентыг агуулга, зорилго, субъектээр нь ялгаж тодорхойлдог"

Үргэлжлүүлэн "Олон нийтийн сүлжээ нь бидний амьдралын нэг хэсэг болжээ. Үзэл бодлоо илэрхийлж, эрх чөлөөгөө хэрэгжүүлж байгаа энэ орон зай маань эрүүл аюулгүй байх ёстой. Гэтэл цахим орчинд янз янзын хүмүүс бий. Нүүрээ нуусан хулгайч, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн оршиж байгаа орон зай. 

Жишээлбэл, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, хүчиндсэн гэмт хэргийн гаралт 2021, 2022 онд 18 дахин өссөн байна. Залилан мэхлэх гэмт хэрэг 180, 280 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ тоо болгоны ард бодитой хүн байгаа. Ийм нөхцөл байдалд хууль хяналтын байгууллага, эрүүгийн хэрэг үүсгээд тэмцэж байгаа юу гэвэл, тийм. Үүний зэрэгцээ эрх зүйн орчин хэрэгтэй байна. 

Бид үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөөгүй. Энэ хуулийг боловсруулахдаа фэйсбүүкийн дүрэм журмыг судалсан. Мөн эрх зүйн орчноо ойлгомжтой болгосон улс орны туршлагыг судаллаа. 

Зөрчилтэй контент гэдгийг хэрхэн тодорхойлох юм бэ гэдэг асуулт бий. Үүнийг тодорхойлох аргачлал байна.  

  • Нэгдүгээрт, агуулгыг нь харах
  • Хоёрдугаарт, зорилгыг нь харах
  • Гуравдугаарт, субъектээр ялгаж үздэг юм байна.

Тус хуулийн 6.2.1 дахь заалтад тухайн контентыг хэн нийтэлсэн бэ гэх нөлөөллийг нь харах шалгуурыг тавьсан. Гэвч нөлөө бүхий байдлыг нь харна гэсэн энэ заалт хасагдсан байгаа. Хамгийн харамсалтай нь 6.3 дахь заалт хасагдчихлаа. Бидний буруу.

Чухам ямар сургамжийг өгч байгаа гэхээр нийтийн албан тушаалтан дур зоргоороо хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавиад байж болох юм биш үү. Тиймээс нийтийн албан тушаалтан ийм үйлдэл хийхийг хориглоно гэж бичсэн. Харамсалтай нь найруулгыг буруу томьёолсон байна" хэмээн хэллээ.